Гадны хөрөнгө оруулалт Ж.Эрдэнэбатад хамаагүй гэнэ үү

Гадны хөрөнгө оруулалт Ж.Эрдэнэбатад хамаагүй гэнэ үү

Ерөнхийлөгчийн сонгуулиас үүдэн түр завсарлаад байсан УИХ-ын чуулган өчигдрөөс хуваарийн дагуу хуралдаж эхэлсэн билээ. Тэгвэл өнөөдрийн чуулганы хуралдааны үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсч буй юм.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин ОУВС-ийн “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн ажил, гарсан үр дүнгийн талаар Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын хариуг сонсч байна.

Ерөнхий сайд болон УИХ-ын дарга М.Энхболд нар сөрөг хүчний гишүүдийн асуултад байсхийгээд л бүдэрч, шаардлага тавихад бухимдаад л өнөөдөр тун ч ууртай байх аж. Ёстой л ямар юмных нь аядуу зөөлөн зан байх билээ хэмээн гайхмаар уурлаж суух М.Энхболд даргыгаа эрхэм гишүүд тун ч гайхан харж суугаа нь танхимын уур амьсгалаас илхэн. Сөрөг хүчний гишүүдийн асуулт бүрт барьц алдаж, хотыг буруу хөгжүүлсэн хэмээн өөрийн алдаагаа ч өмнөх рүү чихэхээ мартсангүй, эрхэм дарга.

Угтаа Улаанбаатар хотын даргаар хэн хамгийн олон жил ажилласан, нийслэлд хамгийн их засаглалсан нам нь хэн нь билээ гэдгийг ч мэдэх сөхөөгүй л бухимдаж байх юм. Тэгвэл өнөөдрийн чуулганы үеэр Гүйцэтгэх засаглалын тэргүүн маань хаана ямар хөрөнгө оруулалт орж ирдгийг мэдэхгүй хэмээн өөрийгөө баалуулах үгийг амнаасаа унагаж орхив.

Уг нь Монгол Улсын Ерөнхий сайд хүн бол Засгийн газрын болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт хаанаас орж ирсэн, хэн хэдэн төгрөгийн зээл авсан зэргийг нэгбүрчлэн мэдэх учиртай. Тэгж байж л УИХ-д болон ард түмэнд ажлаа тайлагнах ёстой. Сайдууд нь хаанаас юу оруулж ирсэн, уул уурхайн том жижиг хөрөнгө оруулалт бүрийн талаар мэдээлэл авч байж л олны өмнө хэлэх зүйлтэй суух учиртайсан. Гэвч манай сайд тийм зүйлийг тоолж суух завгүй байдаг гэнэ шүү.

Энэ үгээрээ тэр тун том алдаа гаргав. Тодруулбал, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Хөрөнгө оруулалт нэмэгдэж байна гэж оруулж ирлээ. Хаана ямар төсөл нэмэгдсэн бэ” гэсэн тун энгийн асуултыг Ерөнхий сайдаас асуусан юм. Харин эрхэм Ерөнхий сайд энэ асуултад “Ямар төсөл хэрхэн нэмэгдэж байгааг тоолоод суудаг хүн нь би биш” гэсэн хариулт өгч ёстой л олны нүдийг орой дээр нь гаргав.

Хаана ямар төсөл орж ирж буйг ч мэдэхгүй атлаа хөрөнгө оруулалт нэмэгдэж байна гэсэн хийсвэр тоо оруулж ирчихээд, түүндээ бантан түнтийтэл уурлаж суугаа эрх баригчдад энэ улсын төлөө бодитоор хийсэн ажил харамсалтай нь байхгүй бололтой. Өнөөдрийн чуулганы хурлаар тэд хэн бэ гэдгээ харин ч сайн харуулж байна даа. Валютын сангийн хөтөлбөрт хамрагдахдаа хэлсэн ярьсан бүхнээсээ ухарч, хийсэн ажилгүй шахам сар гаруйн хугацааг өнгөрүүлсэн тэдний үнэн төрх илэрч эхлэхээр дээр дооргүй л уурлахаас өөр яалтай. Хэлсэн үгийг нь танхимд суусан гишүүн болгон нь сонссон учраас арай ч эвлүүлэг хэмээн гөрдөхгүй гэж найдъя.

 

Б.Тогтох

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.