Д. Дамба-Очир: Маш нууц нэрийн дор Монголбанк хуулиас давсан журам баталсан

Д. Дамба-Очир: Маш нууц нэрийн дор Монголбанк хуулиас давсан журам баталсан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна. Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байгаа юм.

Д.Сарангэрэл: Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Монголбанкны хэргийг шалгах хэрэггүй гэсэн

-Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн хуралдааныг өчигдөр телевизээр үзлээ. Үзээд үнэхээр харамссан. Итгэж, хүндэлж явдаг гишүүдийн амнаас итгэхийн аргагүй үг гарч байна билээ. Монголбанкны асуудлыг шалгаад яадаг юм, юуг нь шалгадаг юм гэсэн өмгөөлсөн, хамгаалсан зүйл хэлсэн. Би заавал хэн нэгнийг нэр зааж, шоронд оруулах гээд байгаа юм биш. Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжсэн эсэхийг Т.Аюурсайхан гишүүн дахин хэлж өгөөсэй гэж хүсч байна. Аж ахуйн нэгжүүд тэр мөнгийг зориулалтаар ашиглаагүй. Гурил, мах, орон сууц, шатахууны үнэ буураагүй. Төгрөг үнэгүйдсэн. Ийм нөхцөл байдал болчихоод байхад 45 аж ахуй нэгжийг хууль хяналтынхнаар шалгуулахад юу нь буруу байгаа юм бэ. Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн ихэнх нь буруугүй, хэнийг буруутгах гээд байгаа юм гэж байна лээ. Монголбанкны шалгалттай холбоотой дүгнэлтийг хэвлэл мэдээлэлд өгсөн гэж байсан. Надад тэр дүгнэлт ирсэн бол би өгөх байсан юм.Тогтоолыг гаргах ёстой. Гаргахдаа тодорхой эзэнтэй гаргаад хариуцлагыг нь тооцуулах хэрэгтэй. Үүнийг хийх гэж бид УИХ-д сууж байгаа биз дээ. Би өчигдрийн гишүүдийг хараад гайхсан. Гурван их наяд төгрөг гэдэг тоглоом биш шүү.

Т.Аюурсайхан: 2012-2016 онд монгол төгрөгийн ханш 80.8 хувиар суларсан

-Үнэ тогтворжуулах хөтөлбөр үр дүнд  хүрсэн үү гэвэл үгүй. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд бэлэн мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн нь үнийг тогтворжуулах бус инфляци өсөх нөхцөлийг бүрдүүлсэн гэж ажлын хэсэг үзсэн. 2012-2016 онд 1104 төгрөгөөр буюу 80.8 хувиар монгол төгрөгийн ханш суларсан. Үнэ тогтворжуулах хөтөлбөр үндсэн зорилгодоо хүрээгүй. Их хэмжээний мөнгө шамшигдуулж, аж ахуйн нэгжүүдийг ялгаварлаж хөнгөлөлттэй зээлийг олгосон. Энэ аж ахуйн нэгжүүд нь зориулалт бусаар ашигласан. Ерөнхийлөгч нь хувьдаа зарцуулсан. Түүнийг дансанд хийж, их хэмжээний мөнгө хүүлэх ажлыг явуулсан. Өмнөх зээл, татварын өрийг төлсөн. Санхүүгийн үйлчилгээ, тоног төхөөрөмж, материал, хувь хүний дансанд шилжүүлсэн зэрэг маш ноцтой зөрчил тогтоогдсон.

Д.Дамба-Очир: Маш нууц нэрийн дор Монголбанк хуулиас давсан журамтай

-Монголбанкинд олон улсын аудитын газрууд шалгалт хийгээд яг л ийм дүгнэлтийг гаргасан. Гурван их наядаар Монголбанкыг алдагдалд оруулсан, бодлогын буруу шийдвэр гаргасан гэдэг нь үнэн. Ер нь Монголбанкинд ажиллаж байгаа дараа дараагийн хүмүүст сургамж болж очих ёстой. Арга хэмжээ авах ёстой гэж би бодож байгаа. Найман янзын хөтөлбөрүүдээр үнэ тогтворжуулах зэрэг янз бүрийн байдлаар мөнгийг зах зээлд гаргасан нь үнэн шүү дээ. Ханшаа барьсан нь үнэн. Ханшаа барихын тулд дөрвөн тэрбум ам.доллараа дуусгасан нь үнэн. Ийм л байдалтайгаар өнгөрсөн дөрвөн жил явж ирсэн.  Маш нууц нэрийн дор Монголбанк хуулиас давсан журамтай. Энэ бүгдэд шалгалт явуулах хэрэгтэй.

Т.Аюурсайхан: Төрийн нууцад заагдаагүй зүйлийг төрийн нууц болгож журамласан

-Монголбанкинд нууцын журам гэж бий. Үүнийг хууль давсан журам гэж үзсэн. Яагаад гэвэл Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулиар төрийн нууцад юуг хамруулах тухай маш тодорхой зааж өгсөн байдаг. Гэтэл төрийн нууцад заагдаагүй зүйлийг төрийн нууц болгож журамласан. Байгууллагын нууцыг батлахдаа төрийн нууцтай адилтгаж баталсан. Байгууллагын нууцад маш олон мэдээллийг нууцалсан. Монголбанкинд чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд нууцлах шаардлагатай мэдээлэл байгаа. Түүнийг хүлээн зөвшөөрнө. Гэвч нууцлах шаардлагагүй мэдээллийг нууцалж, үүнийгээ төрийн нууцтай адилтгадаг. Өөрөөр хэлбэл, байгууллагын нууцтай танилцуулахын тулд ТЕГ-аар заавал дамжуулж, Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар танилцдаг ийм хууль давсан журмыг баталсан байсан.

Ц.Нямдорж: Монголбанкыг өмөөрсөн гишүүд үгээ татаж ав, УИХ хариуцлага ярьдаг газар

-Их хурлын гишүүд арай шалгалтын дүнг буруутгаад Байнгын хороон дээр халуурчихсан юм биш биз дээ. 200 хүрэхгүй тэрбум төгрөгийн алдагдалтай байсан Монголбанкыг гурван наяд төгрөгийн алдагдалтай болгочихоод байхад өмөөрөөд суугаад байж болохгүй шүү. Энэ УИХ ийм этгээдүүдийг өмөөрдөг газар биш шүү. Ийм өмөөрсөн зүйл ярьсан гишүүд тэр үгээ татаж аваарай. Энэ хариуцлага ярьдаг газар шүү.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.