Тусгай сургуулийн сурагчдын үдийн хоолны мөнгийг нэмлээ

Тусгай сургуулийн сурагчдын үдийн хоолны мөнгийг нэмлээ

Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар Ерөнхий боловсролын тусгай сургуульд суралцагчийн үдийн хоолны өдрийн зардлыг 2400 төгрөг болгож, энэ шийдвэрийг ирэх есдүгээр сарын нэгний өдрөөс дагаж мөрдөх шийдвэр гаргажээ. Тодруулбал, хүүхдийг, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг илчлэг, шим тэжээлтэй хоолоор хангах нь тэдний эрүүл мэндэд сайнаар нөлөөлөхийн зэрэгцээ амжилттай суралцахад нь хамгийн чухал дэмжлэг болно гэж үзэн дээрх шийдвэрийг гаргажээ.

Ингэснээр хүүхдүүд хоногт авбал зохих хоол хүнсний хэрэгцээний 40-45 хувийг үдийн хоолоор авч байх боломж бүрдэж байна. Засгийн газрын “Хоолны зардлын дундаж норматив батлах тухай” 2012 оны 106 дугаар тогтоолын дагуу тусгай сургуулийн бага ангийн сурагчдад өдөрт 600 төгрөгийн үдийн цай өгч байгаа юм. Улсын хэмжээнд ерөнхий боловсролын харааны болон сонсголын бэрхшээлтэй тус бүр нэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дөрвөн тусгай сургуульд 1602 хүүхэд суралцаж байна.

Сурагчдын үдийн хоолны зардал нь жилд 746 сая төгрөг болох бөгөөд энэ оны төсөвт хүндрэл учрахгүй юм байна. Мөн энэ өдрийн хуралдаанаар “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийг хэрэгжүүлэх хүрээнд төслийн нэгжийн чиг, үүргийг гэрээний үндсэн дээр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит компаниар гүйцэтгүүлэх шийдвэр гаргав.

Үйлдвэр барихтай холбоотой холбогдох зардлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын батлагдсан төсвийн хөтөлбөр, төсвийн дотоод урсгал зардлаас санхүүжүүлэхээр болсон байна. “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компанийг санхүүгийн хувьд бие дааж, төсвөөс хараат бус ажиллуулах чиглэлээр арга хэмжээ авахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгалаа.

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компани нь төслийн хүрээнд хийгдэх санхүүжилт, худалдан авах ажиллагааг хариуцан, зээлийн болон төсвийн хөрөнгийн зарцуулалтын төлбөр тооцоог зориулалтын дагуу шуурхай зохион байгуулах, төслийн ТЭЗҮ боловсруулах үед гүйцэтгэлийн хяналт тавих, барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, үйлдвэр болон дамжуулах хоолой барих ажлын бэлтгэлийг хангах зэрэг үүрэг хүлээжээ. Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хооронд нэг тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээр байгуулсан. Энэ дагуу “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.