Ерөнхий сайдад нэр нь дэвшээд байгаа УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, Засгийн газрын тэргүүнд нэр дэвшсэн тухайгаа танилцуулав. Уулзалтад МАН-ын дарга М.Энхболд мөн оролцсон юм. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Үндсэн чиглэлийн яамдын сайд нь УИХ-ын гишүүн байж болно гэснийг хатуу баримталж, бусад нь давхардахгүйгээр дан сайдаар ажиллах нь гэж ойлголоо.
Ард түмэн сонголт хийсэн учраас УИХ, Засгийн газрын ажлыг хурдан эхлүүлэх бодолтой байгаа. Мэргэжлийн Засгийн газар гэдгийн цаана мэргэжлийн гэдэг нэгдмэл ойлголттой байна. Өндөр шаардлагатай, ёс зүйтэй, хариуцсан ажлаа сайн хийдэг, тавигдсан үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх чадвартай хүн сайд байх ёстой.
Энэ парламент бүрэлдэхүүний хувьд онцлог байна, 65 гишүүнтэй байна гэдэг бол бодлого тодорхойлж байгаа. Тийм учраас Засгийн газарт хяналт байх ёстой. Ойр суудалтай байхад сөрөг хүчин хяналт тавьдаг байсан. Засгийн газарт маш яаралтай хийх ажил их бий. Гурав дахь нь азтай Ерөнхий сайд байх нь. АСЕМ-ын дээд төвшний уулзалт эхлээд байна. Гадаадын маш олон Ерөнхий сайд ирнэ. Хөрш орнуудын Ерөнхий сайд ирнэ. Тэр хүмүүстэй гар бариад, асуудлаа хэлээд, ажлаа эхэлнэ гэдэг сайн зүйл.
Маш олон өндөр дээд төвшний зочид ирнэ. Дөрөвт, Засгийн газраас ажил хийлгэсэн байтал мөнгө өгөөгүй гэдэг гомдол гарсан. Хийсэн ажлынх нь мөнгө олгогдох ёстой. Иргэд, аж ахуйн нэгжүүд ажилтай байх нь чухал. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн Болор бичлэг тавьсан байна, бид хүнлэг байх ёстой. 25 ажилтантай бол хөгжлийн бэрхшээлтэй хүнийг авч ажиллуул гэдэг хууль бий. Хүн рүүгээ хандсан байх ёстой. Үүнийг ажил хэрэг болгоход анхаарч ажиллаарай” гэв.
Түүнчлэн Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө жил бүр буураад байгаа. Тиймээс санхүүжилтийг нь өмнөх жилийнхээс бууруулахгүй баталж байх ёстой. Уг хөрөнгөөр орон нутгийн иргэд ажилтай болдог, орон нутагт үйлдвэрлэл хөгждөг.
“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой маргаан гараад байгаа, энэ асуудлыг нээлттэй ярилцах байх гэж бодож байна. Монголынхоо тогоонд ороод ирсэн асуудлыг нээлттэй байдлаар хэлэлцэж шийдэх байх. Тэнд ажиллаж байгаа нэг ч хүний эрх ашиг хохирох ёсгүй. Улсын эдийн засгийг олон жил авч явсан хүмүүст хэлэхэд, тэдний эрх ашиг хохирох ёсгүй, анхаарч ажиллах ёстой” гэдгийг онцлов.
Мөн “Ер нь одоо та бүхэн харж байгаа байх. Олон нийт хэвлэл мэдээлэл, сошиалаар дамжуулаад алхам бүрийг чинь харж байгаа. Та бүхэн өөрсдийгөө шилэн дээгүүр алхаж байгаа гэж бод” гэж тодотгоод ажилд нь амжилт хүслээ. Ерөнхийлөгчийн зүгээс маргаашдаа багтааж, УИХ-д Ерөнхий сайдын нэрийг оруулж, батлуулах чиглэлтэй байна.