М.Энхболдын алх тогших шийдвэр том сэтгэснийх үү, эсвэл хариуцлагаас зугтсаных уу

М.Энхболдын алх тогших шийдвэр том сэтгэснийх үү, эсвэл хариуцлагаас зугтсаных уу
 
 
Ялсан намын дарга нь Ерөнхий сайдынхаа ажлыг хийдэг асуудал ойрын дөрвөн жилд алга болчихоод байна. 2013 онд АН-ынхан Засгийн газраа унагаж улмаар намын дарга бус хүнээр Ерөнхий сайдаа томилсон. Гэвч үүнийхээ шанг магадгүй хатуухан хүртсэн байх. Тэгвэл МАН-ынхан ч энэ жишгийг дагаж ялсан намын дарга нь УИХ-ын дарга болж, ямар ч хамаагүй нэг нөхөр Ерөнхий сайд хийх нь тодорхой болов. 
 
Зөв талаас харах гээд үзвэл М.Энхболд даргад том зорилго байгаа нь илт. Тэрбээр, Гүйцэтгэх засаглалыг тэргүүлж “жижиг” харагдахыг хүсээгүй Ерөнхийлөгчийн зангарагтай улстөрч шүү гэдгээ харуулах гэсэн мэт. Гэвч нөгөө талд тэр хариуцлагаас зугтчихлаа. Уг нь МАН-ынхан улс орныг хямралтай байдлаас гаргаж, өргүй баян өвчингүй жаргалтай амьдруулна хэмээн амалсан. 
 
Тиймдээ ч намын даргын хувиар тэр үүрэх ёстой ачаагаа үүрээд Ерөнхий сайдаа хийгээд зүтгээд үзэх ёстой байв. Дөрвөн жилийн дараа болохоос болохгүй хүртэл би зүтгэсэн шүү гээд хэлээд зогсч байвал ард түмэнд "гоё" харагдах байлаа. Гэвч начир дээрээ тэр ажлын хүндээс зугтаж, биеийн амрыг харж алх тогшиж суухыг л илүүд үзсэн үйлдэл болов. 
 
Монгол Улсын эдийн засаг ирэх онуудад ч амаргүй байх нь тодорхой. Энэ ганцхан АН-ын тавьсан өрнөөс болох зүйл биш. Тэртэй тэргүй дэлхийн зах зээлд сүүлийн хэдэн жилийн турш зэс, алт, нүүрсний үнэ уналттай байгаа. Тэр хүнд үеийг Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын сайдууд даваад гараад ирсэн. Муу нэртэй ч тэд ачааг үүрч чадсан. 
 
Уул уурхайгаас хэт хамааралтай манай улсын эдийн засаг уналтад орж, ирэх онуудад ч илбэ шидээр л биш бол эдийн засгаа шууд босгоход тун хэцүүхэн байгаа. Эдийн засаг амаргүй байгаа, ирэх онуудад хямрал үргэлжилнэ, энэ биднээс хамаарахгүй, АН, МАН засаг ээлжилж барихаас ч шалтгаалахгүй гэдгийг эрхэм М.Энхболд мэдэхийн сайнаар мэдэж буй учраас ачааны хүндийг нэг залуу улстөрчдөө даатгаж орхиод өөрөө биеийн амрыг харж суухыг илүүд үзжээ. 
 
Үүнийг ганцхан сэтгүүлч миний бие сануулсан хэрэг биш. Чуулганы индэр дээрээс ч МАН-ын туршлагатай улстөрчид хатуу үгсийг хэлж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин нар намын дарга ачааны хүндээс зугтаж, мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх, намын амлалтыг биелүүлэх ажлаас зугтаж байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн нь намын туршлагатай гишүүд ч намын даргынхаа гаргасан шийдвэрт сэтгэл дундуур байгааг харуулав. 

Ө.Энхтүвшин гишүүн “Миний үзсэн, уншсан номонд ялсан намын дарга нь Ерөнхий сайд болдог жишиг бий. Ерөнхий сайд л ачааг нь үүрнэ. Ард түмэнд амласан амлалтаасаа ингэж урваж болохгүй” хэмээн хатуухан үг чулуудсан билээ.
 
 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.