• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА, Баатарын НЯМСҮРЭН

Иргэн Б “Би их сургуульд элсэхдээ мэргэжлийн боловсон хүчин болох хүсэлтэй байлаа. Гэвч санаснаар болоогүй. Хүсэл мөрөөдөл, залуу насаа алдаж, өргөст торны цаана багагүй хугацааг өнгөрүүлсэн” гэж ярих 30 эргэм насны залуу. Түүнд залуу насны хорьж дийлэхгүй ганцхан хүсэл байсан нь мэдлэгтэй боловсон хүчин болох. Гэвч чадаагүй. Тэрээр өнөөдөр өөрийн хүслээр бус тааралдсан, олдсон ажлаа хийж, өдөр хоногийг өнгөрүүлж байна. Иргэн Б-д  тохиолдсон бодит түүхийн тухай бид нийтлэлийн явцад дэлгэрэнгүй өгүүлэх болно. Тэрээр их, дээд сургуулиудын гадуурхалт сэдвийн хүрээнд оюутан залууст сэрэмжлүүлэг болгох үүднээс өөрийн нэр, сургуулиа нууцална гэсэн болзолтойгоор өөрт тохиолдсон түүхийг ярьж, манай нийтлэлийн бодит түүх болохыг зөвшөөрсөн билээ. 

Түүн шиг залуу насандаа хийсэн санамсаргүй алдаа нь амьдралыг нь өөрчилж, өөртөө итгэх итгэлгүй болгож, нийгэмд гадуурхагдан амьдарч буй олон залуус бий. Үүний нэг томоохон шалтгаан нь гадуурхалт юм. Саяхан нэр бүхий эмэгтэй жүжигчид СУИС-ийн оюутан байхдаа доод дамжааны дүү нараа дээрэлхэж, зоддог байсан тухай нэгэн эмэгтэй цахим ертөнцөд бичсэнээр түүний араас олон кейс өөрт тохиолдсон гадуурхалтын тухай шүгэл үлээсэн. Үүнээс харахад гадуурхалт гэдэг зөвхөн гэнэн томоогүй, насанд хүрээгүй хүүхдийн зүггүйтэл гэж ойлгож болохгүй нь. Энэ асуудал их, дээд сургуулийн оюутнуудын дунд чимээгүй мөртлөө түймэр шиг газар авч, аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрчээ. Өнөөдөр таны, миний хүүхэд сургуульдаа очоод хэн нэгнийг гадуурхаж, эсвэл оюутнуудад гадуурхагдаж буйг бид мэдэхгүй. Хүссэн мэргэжлээ эзэмшиж, мэдлэгтэй, чадварлаг мэргэжилтэн болохоор их, дээд сургуульд элссэн тэд эцэст нь бие махбодь, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд хохирогч болох учиргүй. Мөн хэн нэгнээ дээрэлхэж, гадуурхдаг ёс зүйн доголдолтой иргэн болж төлөвшиж бүр ч болохгүй. Тиймээс бид ээлжит “Зууны мэдээ”-ний эрэн сурвалжилгаа их, дээд сургуулиудад тогтсон  “хагас цэрэгжилт” гэх  хал цэргийн дэгийг халъя сэдвийн дор бэлтгэлээ.

Гурвалсан гэрээнд гадуурхалтын тухай заалт байхгүй

Кейс-1 -МУИС-ийн оюутан А бусдын толгой дээр халуун кофе санаатайгаар асгажээ.  Хохирогч охин хоёр найзын хамт  сууж байх үед танихгүй бүсгүй хүрч ирснээ "Яагаад намайг хараад байгаа юм" гэж асуугаад өшиглөж, кофе асгасан байна.  МУИС-ийн оюутнууд А-г хөөх санал гаргаж, 1800 гаруй оюутан гарын үсэг цуглуулж сургуулийн захиргаанд хандсан.  

Иргэн Б-ийн түүхийг сөхвөл, тэрээр багадаа урлаг, уран сайханд дуртай, нийгмийн идэвхтэй сурагч байжээ. Ерөнхий боловсролын сургуулиа орон нутагт дүүргээд, Улаанбаатар хотыг зорьж, хүссэн сургуульд элсэх мөрөөдлөө биелүүлжээ. Энэ тухайгаа “Би их дэврүүн мөрөөдөлтэй хүүхэд байсан. Ингээд оюутан болж, есдүгээр сарын 1-нээс л курсийн ялгаа гэдгийг мэдэрч эхэлсэн. Манай анги 20 гаруй хүүхэдтэй. Анх ангидаа ороход дээд дамжааныхан биднийг угтаж авсан. Тэд үүнийгээ манай сургуулийн "хал цэргийн дэг" хагас цэрэгжилт гэж тайлбарласан. Ингээд танилцсаны маргаашаас зөвхөн манай мэргэжлийн бус өөр мэргэжлийн ангийн ах нар ч дуудаж эхэлсэн. Бидний хувьд их сургууль ийм л байдаг юм байна гэсэн ойлголттой байв. Ихэвчлэн дуудаад мөнгө нэхнэ. Байхгүй гэвэл цохино. Сүүлдээ мөнгө олж өгөхийн тулд гайгүй утсаа ломбардаж, эсвэл эцэг эхдээ худал хэлж мөнгө авах нь хэвийн үзэгдэл болж эхэлсэн” гэв. Ийм байж болох уу.

Өнөөдөр Монголд Улсын хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд 64 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Үүний 33 нь буюу 51.6 хувь нь их, 30 хувь буюу 46.8 хувь нь дээд сургууль байгаа бол 1.6 хувийг коллеж эзэлж байна. Нийт их, дээд сургууль, коллежийн 16 нь төрийн өмчийн, 45 нь хувийн өмчийн, гурав нь олон нийтийн өмчийн сургалтын байгууллага байгаа юм. Эдгээрт нийт 145.345 суралцагч  суралцаж байна. Тэдний 80.133 буюу 55.1 хувь нь төрийн өмчийн, 57.258 буюу 39.4 хувь нь хувийн өмчийн, 5.5 хувь нь олон нийтийн өмчийн сургуульд суралцдаг гэсэн статистик мэдээлэл бий. Тэгвэл Монголын ирээдүй болсон эдгээр оюутнууд үргэлжийн дарамт дор, айдастай байдаг бол яах вэ. Бид энэ сэдвийн тухайд сошиал орчинд хэдхэн өдөр “шуураад” мартах бус үүнээс гарах гарц гаргалгаа, шийдэл юу байна вэ. Хуулийн дагуу энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ, хамгийн чухал нь хүний эрхэд ноцтой халдаж буй энэхүү гадуурхалтын асуудлыг элсэлтийн гэрээндээ хэрхэн заадаг тухай сонирхож их, дээд сургуулиудаар явсан юм. 

Дарангуйлагч дарангуйлагчаа бий болгодог

Кейс-2 -Жүжигчин Т.Бадамжав, Б.Мишээл, Б.Номин нарыг оюутан байхдаа СУИС-ийн оюутнуудыг дээрэлхэж, зоддог, хамрыг хугалж байсан тухай жүжигчин Х шүгэл үлээсэн. Харин жүжигчид энэ мэдээллийг үгүйсгэж, хууль хяналтын байгууллагад хандаж, нэр төрөө сэргээлгэхээ илэрхийлсэн байна.

Иргэн Б-ийн сурч байсан сургуулийн хувьд ч мөн л ёс зүйн дотоод дүрэм журамтай. Энэ тухай түүнээс лавлахад “Анх сургуульд элсэхэд гурвалсан гэрээнд гарын үсэг зуруулж байсан. Гэхдээ нэг бүрчлэн уншиж байгаагүй. Ер нь хүүхдүүд уншдаггүй, шууд л гарын үсгээ зурчихдаг. Магадгүй тухайн журмыг уншиж, танилцаж байсан бол хэнд хандах, өөрийнхөө эрхийг хэрхэн хамгаалах ойлголттой болох байсан биз” гэсэн юм. Үнэхээр их, дээд сургуулийн сургалтын алба, нийгмийн ажилтнууд энэхүү ёс зүйн журмыг ёс төдий танилцуулаад өнгөрөх бус хор уршиг, үр нөлөөг нь ойлгуулах ажил дутмаг байдаг нь эндээс харагдаж байна. Иргэн Б цааш үргэлжлүүлэн “Ингээд би болон манай ангийнхан нэг жилийн хугацаанд дээрэлхэлт, гадуурхалтыг мэдэрснээр хоёрдугаар дамжаанд орохдоо өөрсдөө дээрэлхэгч болж хувирсан. Учир нь дараагийн нэгдүгээр дамжааныхан орж ирэхэд бид ч ялгаагүй тэднийг дуудаж, ах зан гаргана. Энэ мэт гурван жил өнгөрөхөд би яг л өнөөх намайг дууддаг байсан дээд дамжааны ах нар шигээ болж хувирсан. Өглөө сургууль дээр очоод үдэш хүргэхдээ хоол, автобус, тамхины мөнгөнд санаа зовох шаардлагагүй болж эхэлсэн. Дарангуйлагч дарангуйлагчаа бий болгодгийн тод жишээ бол миний залуу нас” гэсэн юм. Тэгвэл өнөөдөр оюутан залуусын дунд чимээгүй тахал болсоор байгаа гадуурхалт, дээрэлхэлтийн асуудлыг бид хэрхэн шийдэх вэ. Ирээдүй болсон залуусаа хэрхэн хамгаалах вэ.

Манай сурвалжлах баг энэ асуудлын талаар хууль хяналтын байгууллагаас эхлээд ЦЕГ, дүүргийн цагдаагийн албуудаар явж, тодруулга мэдээлэл авсан билээ. Ингэхэд Баянзүрх дүүргийн Эрүүгийн цагдаагийн албаны офицер Д нь “Манай дүүргийн хувьд их, дээд сургууль олонтой. Тиймээс бид байнга сургуулиуд орчмоор эргүүл хийдэг. Яг сургуулиас дуудлага ирэх нь харьцангуй бага ч бас байхгүй гэж хэлж болохгүй. Хэрэв дуудлага ирсэн тохиолдолд бид очиж, яаралтай арга хэмжээг авдаг. Ингэхдээ Эрүүгийн хуулийн 11.6-д заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэсэн заалтаар зүйчилдэг. Харин хүнд хэлбэрийн, хэн нэгэн бэртэж гэмтсэн, хөдөлмөрлөх чадамжаа алдсан, магадгүй амь насаа алдсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсээд явна. Гэхдээ хуулиндаа оюутан гэсэн заалт байхгүй учраас насанд хүрсэн хүмүүст зориулсан Эрүүгийн хуулийнхаа дагуу шийдэгдээд явдаг” гэв. Харин Сүхбаатар дүүргийн цагдаагийн албанаас тодруулахад “Манай дүүрэг бол төвийн бүс. Тиймээс их, дээд сургууль болон цэнгээний газар олон. Бидний хувьд байнгын эргүүл хийхээс гадна зарим их, дээд сургуультай хамтарч ажилладаг. Сургууль дээр очиж хуулийн заалт танилцуулах, ёс зүйн тухай лекц уншиж, ярилцах ч юм уу. Гэхдээ нэг зүйл ажиглагдсан нь оюутнуудын дээрэлхэлт их нуугдмал явагддаг. Тэд үргэлж цагдаагийн байгууллагад ханддаггүй. Удаа, дараа бүр олон жилээр эрх нь зөрчигдсөөр л байдаг. Үүнийг цагдаагийн алба бус сургууль өөрсдөө судалгаа хийж, оюутнуудынхаа эрх ашгийн төлөө дуугардаг, цагдаагийн албатай холбоотой ажилладаг болмоор байна” гэсэн юм. 

"Оюутнуудыг нутгийн аялгаар нь хүртэл шоглодог"

Кейс-3 -Би 2013 онд ..... тус сургуульд элссэн. Гэвч дээд дамжааныхны үргэлжийн дарамт шахалтаас болж сургуульдаа явах хүсэлгүй болсон тул мэргэжлийнхээ дагуу өөр сургууль руу шилжсэн. 

Иргэн Б “Эргээд бодоход би төгсөх ангийн оюутан болохдоо л өөрийгөө алдаж, зан аашийн хувьд ч их эвдэрсэн юм билээ. Өөрийгөө би том болсон гэх ганцхан үгээр өмөөрнө. Доод дамжааны дүү нараа дуудахдаа их л мундаг хүн мэтээр жүжиглэнэ. Харамсалтай нь би энэ бүхнийг их орой ухаарсан. Үнэндээ би өөрөө дарангуйлагч болчихоод дүү нараа ч тийм зам сонгохоос өөр сонголтгүй болгож байсан. Үүнийгээ зөв, манай сургуульд байх ёстой дүрэм гээд итгэчихсэн. Ингэж л би цэл залуухан 21 насандаа амьдралдаа байж боломгүй алдаа хийсэн. Хэрэв цаг хугацааг эргүүлж болдог бол тэр үед л очмоор байна” гэв.

Үнэхээр бидний хүүхэд сургууль дээрээ очоод хэн нэгэнд дээрэлхүүлж, эсвэл хэн нэгнийг дээрэлхэж байгаа юм биш биз. Тэрхүү дээрэлхэлт нь даамжирсаар сэтгэл санааг нь гэмтээвэл яах вэ, хариуцлагыг нь хэн хүлээх вэ. Тэгвэл удаан хугацаанд сэтгэл санааны дарамтад орсон хүн сэтгэл зүйн хувьд ямар болдог тухай сэтгэл зүйч Б.Ариунаа “Хүн удаан хугацаагаар сэтгэл зүйн дарамтад өртөснөөр сурах эрмэлзэлгүй болж, урам зориг нь буурдаг. Мөн сэтгэлээр унах ,ганцаардах, өөрийн үнэлэмж буурч өөртөө итгэлгүй болохоос гадна айх мэдрэмж төрдөг аюултай. Асуудал нь хүндэрвэл амиа хорлох оролдлого хийх ч эрсдэл үүснэ. Яг энэ асуудлаар өнгөрсөн жилийн өдийд нэг оюутан надад хандаж байсан. Тухайн хүүхэд цахим гадуурхалтад өртөөд амиа хорлох үйлдэл хийсэн юм билээ. Тэд цахимаар танилцаад 1-2 сар орчим болсон. Тэр хугацаанд нөгөө хүүхдээ эрэгтэй хүүхэд гэж бодоод, уулзтал эмэгтэй хүүхэд байжээ.  Бүр ижил хүйстэн байсан нь хамгийн ихээр цочирдуулсан гэдэг. Энэ мэт цахим болон бие махбодийн, харилцаа , хэл ам, тухайн оюутны нутгийн аялга,  соёл ёс заншлаар нь хүртэл шоглох доромжлох дээрэлхэх тохиолдлууд их байдаг” гэв.

АНУ-ын боловсролын яам сургуулийн удирдлагуудад арга хэмжээ авдаг

Кейс-4 -Би нэгэн урлагийн сургуулийг төгссөн. Гэхдээ дунд нь хоёр удаа чөлөө авсан. Учир нь дээд дамжааныхан байнга мөнгө нэхэж, дарамталдаг байсан учир ихэнхдээ хичээлээ тасалдаг байсан. 

“Бид дээрэлхэлтийн талаар сайн мэддэг ч урьдчилан сэргийлэх арга замын талаарх мэдлэг мэдээлэл тун ховор. Ихэнх сургуулиуд дээрх нөхцөл байдалтай тулгарахад бэлэн биш байдаг. Ингэснээр тэд оюутан, сурагчдынхаа энэ зан авирыг үл тоомсорлож, хохирогч хүүхдүүд түүний гэр бүлд асуудлыг нь үлдээдэг ажээ. Тэгвэл олон улсад ч боловсролын салбарын энэхүү гажуудал байна. Доор гарах кейсүүд дэлхий даяар боловсролын системд  алдаа байдаг гэдгийг харуулж буй тод жишээ юм. Боловсролын системийн мэргэжилтнүүд одоогоор эдгээр хүчирхийллийг шийдвэрлэх хангалттай ажил хийж чадахгүй байгаа нь харамсалтай” хэмээн АНУ-ын боловсролын сайт дээр онцолсон байна.

Кейс 1

Саяхан Испанид болсон тохиолдол. Мадридын нэгэн сургуульд Диего гэдэг хүү амиа алдсан. Хүү нь сургуульд явмааргүй байна гэж хэлж байсныг ээж нь сүүлд  санасан. Ангийнхнаасаа болж сургууль дээрээ очихоос айдаг байжээ.

Кейс 2

Алан 17 настай. Тэр трансжендэр учраас ангийнхандаа дээрэлхүүлдэг байсан. Харамсалтай нь тэрээр 2015 оны арванхоёрдугаар сарын 30-нд архитай эм хольж ууснаар хорвоог орхижээ.

Кейс 3

Аранча 16 настай. Тэрээр зургаан давхраас үсрэхээр шийджээ. Шалтгаан нь Мадрид дахь ангийнхан нь түүнийг оюуны хомсдолтой хэмээн үргэлж дээрэлхсэн явдал байв.

АНУ-ын хувьд бүх мужууд нь дээрэлхэлтийн эсрэг хууль тогтоомжтой байдаг ажээ. Дээрэлхэлт гэдэг нийгмийн хамгийн том дарамт бөгөөд хэрэв сургуулийн орчинд энэ асуудал дэгдвэл сургуулийн удирдлагууд холбооны хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэдэг байна. Тус хуулинд хэрэв оюутнууд нэг нэгнээ дарамталсан нь тогтоогдож, сургууль ямар нэгэн арга хэмжээ аваагүй тохиолдолд АНУ-ын боловсролын яам сургуулийн удирдлагуудад арга хэмжээ авдаг ажээ. Харин энэ хууль Монголд эсрэгээрээ. Зөвхөн оюутан хохироод үлддэг жишээ нийтлэг байна.

Таван оюутан тутмын нэг нь гадуурхалтад өртдөг

ХЭҮК-оос 2023 онд Дээд боловсролын салбарын үйл ажиллагааны хяналт шинжилгээ, үнэлгээг цогц байдлаар буюу чанарын судалгаа болон баримт бичгийн дүн шинжилгээг тус тус хийжээ. Энэхүү судалгааг Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Ховд, Завхан, Дорнод аймгуудын түүвэрт сонгогдсон нийт 20 (нийслэлд 14 орон нутаг зургаа) их, дээд сургуулиудыг хамруулан анкетын, ярилцлагын болон ажиглалтын аргаар цуглуулсан байна. Анкетын судалгаанд 1826 оюутан, 387 багш, ажилтнууд хамрагдсан бол ярилцлагын судалгаанд 16 оюутан, таван төгсөгч, 16 багш, ажилтан хамрагджээ. Судалгаагаар сургууль болон багш нарын зүгээс оюутнуудад ямар нэгэн дарамт шахалт, хүчирхийлэл үзүүлдэг эсэхэд 51.9 хувь нь дарамт шахалт байдаггүй, 23.4 хувь нь зарим тохиолдолд, 22.5 хувь нь мэдэхгүй, 2.1 хувь нь байнга гэж хариулсан. Харин оюутнууд бие биедээ дарамт шахалт, хүчирхийлэл үзүүлдэг эсэхэд 38.3 хувь нь дарамт шахалт, хүчирхийлэл байдаггүй, 37 хувь нь мэдэхгүй, 22.8 хувь нь зарим тохиолдолд, 1,9 хувь нь байнга гэж хариулсан ажээ. Оюутнуудад багшийн болон бусад оюутнуудын зүгээс аливаа дарамт шахалт байдаг талаар тодруулахад таван оюутан тутмын нэг нь аль алиных нь зүгээс дарамт шахалт байдаг гэж хариулсан байна.

Иргэн Б-ийн хувьд өнөөдөр уул уурхайн компанид ажиллаж байна. Гэхдээ энэ түүний хүсэл, мөрөөдөл байгаагүй юм. Магадгүй тэрээр оюутан байхдаа алдаагүй байсан бол өдийд эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж, амжилт гаргах нь дамжиггүй. Тэрээр “Би дөрөвдүгээр дамжаанд байхдаа өнөөх л сурсан зангаараа доод дамжааны дүүгээ дуудсан. Түүнд шаардлага тавьтал биелүүлж чадахгүй гэсэн. Уурандаа сургуулийн буланд аваачаад нэг цохитол босож ирээгүй. Ингээд би дипломоо авахын даваан дээр хэрэгтэн болж, залуу насаа өргөст торны цаана үдсэн хүн. Дарангуйлагч байсан би ийнхүү нэг талаараа дээрэлхэлт, гадуурхалт гээчийн хохирогч болсон түүхтэй” гэснээр бидний яриа өндөрлөсөн юм. Үүнээс харахад үе тэнгийн, тэр дундаа оюутнуудын  дээрэлхэлт бидний дунд чимээгүй оршсоор байна.

Энэхүү асуудалд хамгийн эхэнд анхаарах байгууллага нь их, дээд сургууль өөрөө билээ. Хэрэг гарсны дараа арга хэмжээ авах бус дээрэлхэлтийн асуудлыг гурвалсан гэрээндээ тодорхой зааж, нэгнээ хайрлах, зөв хүндлэх, хүн байхын утга учрыг  эрдмийн их өргөөнөөс сураад гардаг бол  сайхан.  Энэ төрлийн асуудал цахим орчинд л дэлгэгдэхээс өөрөөр гарц, шийдэлд хүрч чадахгүй байна гэдгийг уулзсан эх сурвалж бүр хэлж байлаа. Ялангуяа шүүхийн зүгээс хариуцлага тооцох гэхээр эрх зүйн орчин хангалттай биш байдаг ажээ.

Оюутнуудад үзүүлдэг дарамт, шахалт, хүчирхийллийн хэлбэр

№

Утга

Багшийн зүгээс

Оюутны зүгээс

1

Сэтгэл санааны

66.8%

63.1%

2

Бие махбодын

4.3%

17.5%

3

Бэлгийн

1.8%

3.7%

4

Эдийн засгийн

27.2%

15.7%

МУБИС-ийн Оюутны хөгжил үйлчилгээний төв: Дээрэлхэлтийн талаар түүврээр судалгаа авсан

-МУБИС-ийн оюутны журам 2014 онд батлагдсан. Харин 2022 онд бодлогын бичиг баримтууддаа шинэчлэл хийсэн.  Ингэхдээ оюутны журамд бүтэн өөрчлөлт оруулсан. Хэрэгжилтийг нь үнэлж, шинэ заалтууд нэмсэн. Заалт бүр нь тэгш хамруулах зарчим, хүний эрхийг дээдлэх, бусдын эрхийг дээдэлж, өөрийн эрхээ хангах үүргийг оюутнууд руу чиглүүлсэн. Оюутны журмын гуравдугаар бүлэг нь оюутны баримтлах ёс зүйн хэм хэмжээ. Ёс зүйн хэмжээг зөрчсөн тохиолдолд ямар хариуцлага үүрэх нь тодорхой бий. Тухайн оюутан үе тэнгийн дээрэлхэлтэд өртөх, ямар нэгэн байдлаар эрх нь зөрчигдсөн тохиолдолд цахим сайтынхаа  үйлчилгээ цэсээр мэдээлэх авах боломжтой. Мөн утсаар холбогдож гомдол санал гаргахаас гадна сургуулийн захиргаанд өргөдөл бичиж болно. Саяхан СУИС-д ёс зүйн асуудал үүссэнтэй холбоотойгоор манай сургууль оюутнуудаасаа түүврээр судалгаа авлаа. Судалгаанд 2000 орчим оюутан хамрагдахад 90 гаруй хувь нь ямар нэгэн байдлаар үе тэнгийн дээрэлхэлт, дарамт шахалтад өртөж байгаагүй гэсэн хариулт өгсөн. Мэдээж үе тэнгийн залуус суралцаж байгаа учраас үзэл бодол зөрөх, маргах асуудал цөөн тоогоор гарна. Сургуулиас энэ тал дээр онцгой ач холбогдол өгдөг. Учир нь манайх бусад сургуулиас ялгаатай нь оюутнаас ёс зүйтэй байх, бусдын ялгаатай хэрэгцээг ойлгох, тэгш оролцоотой байхыг шаарддаг.

МУИС-ийн Оюутны хөгжлийн төвийн хууль эрх зүйн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ж.Оюунбилэг: Гурвалсан гэрээнд гадуурхалт, дээрэлхэлтийн тухай нарийн тусгадаггүй

-Манай сургуулийн хувьд сургуулийн орчинд нэг нэгнээ дээрэлхэх, гадуурхах байдал харьцангуй бага. Хэрэв иймэрхүү асуудал гарвал МУИС-ийн ёс зүйн дүрэмд заасны дагуу л шийдвэрлэнэ. Манай гурвалсан гэрээнд гадуурхалт, дээрэлхэлтийн тухай нарийн тусгадаггүй. Зөвхөн сургуулийн ёс зүйн дүрмийг л баримталдаг. Магадгүй оюутны дотуур байранд багахан асуудал гарах үе бий. Хэрэв энэ тохиолдолд тухайн оюутан асуудлаа эхлээд зохион байгуулагчдаа хэлдэг. Зохион байгуулагч нь тухайн оюутанд сануулга өгнө. Бүр болохгүй бол мэргэжилтэн очиж ажиллах жишээтэй. Мөн манай сургуульд ёс зүйн хороо гэж бий. Энэ нь өөрийн мөрдөх дүрэм журамтай. Сургуулийн дотоод дүрэм журамтай холбоотой асуудлыг дан ганц нэгж дангаараа хийлдэггүй. Хууль, хүний нөөцийн бодлогын газар дээрээ бүх асуудлыг хэлэлцээд, шийдвэрлээд явдаг. 

СУИС-ийн захирал Э.Сонинтогос: Гадуурхалтыг өөгшүүлж болохгүй

Тэрээр “Eguur.mn” сайтад өгсөн ярилцлагадаа “Манай сургуульд дээрэлхэлт, гадуурхалтын асуудал байхгүй гэж боддог. Өмнө нь бол байсан юм. Тэр нь нийгмийн сүлжээгээр ч гарч байсан. Үүнийг хөгжөөж, өөгшүүлж болохгүй. Яаж засрах вэ, яаж таслан сэргийлэх вэ гэдгийг хөндөх хэрэгтэй. Бид оюутнуудтайгаа сайн ажиллаж байгаа. Жүжигчний ангийн оюутнууд хөдөлгөөнтэй, сэргэлэн хүүхдүүд. Тэдний мэргэжлийн хичээлээ давтдаг нь хүмүүст өөрөөр харагддаг ч байж магадгүй. Хаа газрын урлагийн сургуулийнхан дунд театрынхан нь илүү хөдөлгөөнтэй, авхаалж самбаатай, эрч хүчтэй байдаг. Манай хуучин театрын сургуульд дээрэлхэлтийн асуудлууд гарч байсан. Үүнд оюутнуудын хандлагыг өөрчлөх ёстой” гэжээ.

ШУТИС-ийн Оюутны хөгжил, соёл үйлчилгээний албаны ахлах мэргэжилтэн, Дэд профессор Д.Цогзолмаа: Сүхбаатар дүүргийн цагдаагийн албатай хамтарч ажилладаг

-Манай сургуульд оюутнуудын баримтлах ёстой ёс зүйн дүрэм гэж бий. Хэрэв асуудал гарвал дүрэмд заасны дагуу шийдвэрлэдэг. Харин гурвалсан гэрээнд дээрэлхэлтийн талаар заалт байхгүй. ШУТИС нийт 20 мянган оюутантайгаас 70 хувь эрэгтэй. Ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд “Соёмбо” клуб анхаарч ажилладаг. Тус клуб нь манай сургууль дээр системтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Оюутны санаачлагчаар үүсгэн байгуулагдсан.  Сургуулийн зүгээс ёс зүй, хэв журам сахиулах үйлсийг нь дэмжиж ажилладаг. Мөн жил бүр шинэ элсэгч оюутнуудын дунд “Хотын соёл” аяныг явуулдаг. Аяны хүрээнд биеэ зөв авч явах, хотын соёлтой иргэн болоход нь анхаарна. Үүнээс гадна Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар, нийслэлийн цагдаагийн урьдчилан сэргийлэх газартай хамтран үйл ажиллагаа явуулдаг. Холбогдох цагдаагийн байгууллагаас лекц авдаг. Энэхүү лекцийг сонсож, хөтөлбөрт хамрагдсан оюутан төлөвшилтэй байдаг. Манай харьяа ЕБС, коллежид үе тэнгийн дээрэлхэлт гардаг. Тиймээс энэ долоо хоногт Сүхбаатар дүүргийн цагдаагийн мэргэжилтэнтэй холбогдоод лекц авахаар төлөвлөсөн байна. Мөн нийгэм судлал, ёс зүйн хичээлээр нь үе тэнгийн дээрэлхэлт сэдвээр хичээл ордог. Энэ хичээлийн багш нараас нэгдүгээр курсийн оюутнуудад сургалт авлаа.

ЭКСПЕРТИЙН ҮГ

Албаны эх сурвалжуудын байр суурийг хүргэе.

БШУЯ-ны харъяа Дээд боловсролын бодлогын удирдлага зохицуулалтын газрын дарга Х.Тамир:

-Боловсролын хуульд оюутны эрх, үүргийг тодорхой заасан байдаг. Тиймээс оюутан суралцахаас гадна үүрэг хүлээх ёстой. Тухайн үүрэг дээр зөв хандлага төлөвшилтэй, ёс зүйтэй, багш суралцагчтай ёс зүйтэй харилцах гэсэн харилцааны чиг үүрэг бий. Үүнд ямар эрх эдлэх, ямар үүрэг хүлээх эсэхийг тусгасан. Тиймээс дүрмээ  зөрчсөн бол ямар арга хэмжээ авахыг ёс зүйн дүрмийнхээ хүрээнд шийдэх ёстой. Сургууль нь ёс зүйн алдаа гаргасан оюутныг баталсан дүрэм журмынхаа хүрээнд сургуульд үргэлжлүүлэн суралцах, суралцахгүй эсэхийг нь хэлэлцэх үүрэгтэй. Мөн оюутны байгууллага, оюутны холбоо байгаа. Сургууль бүр оюутны холбоотой. Тус холбооны  сургалт, эрдэм шинжилгээ, соёл хүмүүжлийн ажилд нь тодорхой төсөв тавьж өгдөг. Ялангуяа төрийн өмчин сургуулиуд төсөвтэй. Үүгээрээ оюутны холбоо сургуулиасаа сургалтын чиглэлээр арга хэмжээ зохион байгуулах, эрдэм шинжилгээ судалгааны хурал зохион байгуулах, оюутанд чиглэсэн нөлөөллийн арга хэмжээ явуулах ёстой. Мэдээж хамгийн гол зүйл оюутны суралцах гэрээ. Их сургуульд элсэхдээ эдлэх эрх, үүргээ тусгасан суралцах гэрээ хийдэг. Гэрээний үүргээ биелүүлээгүй, ёс зүйн алдаа гаргасан бол ёс зүйн дүрмийнхээ хүрээнд шийдэх ёстой. Хууль, бодлогын яам, захиргааны арга хэрэглэхээсээ илүүтэй өөрөө удирдах байгууллага болон сургууль нь дүрэм журмынхаа хүрээнд анхан шатанд шийдсэний дараа шийдэх боломжгүй, хууль хяналтын байгууллагад шилжих ёстой бол холбогдох байгууллагад хандах нь зөв.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн:

-Үе тэнгийн дээрэлхэлтэй холбоотой асуудал сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр их яригдаж байна. Энэ төрлийн асуудал цахим орчинд хэсэг хугацаанд яригдаад намждаг. Шүүхийн зүгээс хариуцлага тооцох гэхээр эрх зүйн орчин хангалттай биш. Хууль зүйн талаасаа  дээрэлхэлтийн асуудалд ямар нэгэн хуулийн зохицуулалт одоогоор байхгүй. Харин дээрэлхэлттэй холбоотой биед нь халдсан тохиолдолд эрүүгийн хуулийн заалтаар л шийдвэрлэнэ. Мөн үйлдсэн гэмт хэргийн шинж, насны онцлог, хэрэг үйлдэгдсэн шалтгааныг харж үзнэ. Цаашид засарч хүмүүжих нөхцөлийг шүүхээс харгалзаж өөрт нь тохирсон шийтгэл оноодог. Мэдээж өсвөр насныханд оногдуулж байгаа ял шийтгэл насанд хүрсэн хүнээс хоёр дахин бага.  Хуульд зааснаар өсвөр насны хүүхдэд 14-18 насныхан хамаарна.  Энэ насныхан гэмт хэрэг зөрчилд холбогдох нь бий. Тухайлбал, үе тэнгийн дээрэлхэлтэй холбоотойгоор хоорондоо үл ойлголцох, нэгнийгээ дээрэлхэхээс хамаарч хэрэгт холбогдох нь сүүлийн үед түгээмэл байна. Шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэргийн талаар авч үзвэл ЕБС-ийн сурагчид нэгнээ дээрэлхэх, эрх чөлөөнд нь халдах, биед нь гэмтэл учруулах тохиолдол гардаг. Энэ нь ар гэрийн хараа хяналт сулаас хамаарна. Сургуулийн орчинд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсвөр насны хүүхдүүдэд учирч болзошгүй эрсдэлээс тухайн хүн өөрийгөө хэрхэн хамгаалж, дээрэлхэлтийн хохирогч, холбогдогч болохгүйн тулд юуг анхаарах зэргийг сурч боловсорч буй орчинд мэдлэг мэдээлэл олгох нь дутмаг байгаа нь анзаарагддаг.

ХЭҮК-ын ахлах мэргэжилтэн Б.Янжмаа

-ХЭҮК-оос хийсэн судалгаагаар ямар нэгэн дарамт, шахалтыг зарим тохиолдолд болон байнга байдаг гэж хариулсан оюутнуудаас нэмэлтээр дарамт шахалт, хүчирхийлэл нь ямар хэлбэртэй байдаг эсэхийг тодруулахад дийлэнх нь сэтгэл санааны дарамт гэсний дараа бие махбодын дарамт, хүчирхийлэл гэсэн бол багшийн зүгээс ирэх дарамт,шахалт дээр сэтгэл санааны дарамтын дараа эдийн засгийн дарамт орсон байна. Манай байгууллага дээр энэ хугацаанд яг оюутнуудаас гомдол ирж байгаагүй. Комиссын зүгээс харин зарим их дээд сургуульд хяналт шалгалтын ажлыг хийсэн. ХЭҮК нь хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаарх гомдол, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар, эсвэл иргэн, байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн хүсэлтээр шалгалт хийх эрхтэй. Түүнчлэн гомдол, мэдээлэл шийдвэрлэх чиглэлээр хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн, зөрчих нөхцөл бүрдүүлсэн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдэд шаардлага, зөвлөмж хүргүүлж ажилладаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 24. ЛХАГВА ГАРАГ. № 81 (7325)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Байнгын хороо
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Байнгын болон түр хороод...
Эсрэг, тэсрэг байр суурь:...

Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"

НЯМСҮРЭН 2024-04-24
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Оюутнуудын дундах

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

5 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

5 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

6 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

6 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

6 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

6 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

6 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

6 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

6 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

7 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

7 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

7 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

23 цагийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

1 өдрийн өмнө өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

2 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах