Цагдаагийн байгууллагаас цаг үеийн нөхцөл байдалтайгаар холбогдуулан мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр" Иргэн Д-ээс “Нэгүүн.мн” сайтын сэтгүүлч У нь цахим орчинд миний эмзэг мэдээллийг тараана гэж сүрдүүлж 50 сая төгрөг авсан гэх гомдлыг цагдаагийн байгууллагад ирүүлсэн. Гомдол, мэдээллийн дагуу шалгахад нэр бүхий сэтгүүлч нь иргэн Д-ийн эмзэг мэдээллийг олон нийтийн сүлжээнд түгээнэ гэж сүрдүүлсэн. Улмаар иргэн Д 2023 оны есдүгээр сарын 11-ний өдөр сэтгүүлч У-д 50 сая төгрөг өгсөн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоод байна. Одоогоор уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Прокурорын өгсөн мэдээллээр, иргэн Д-д энэ оны хоёрдугаар сарын 11, 14-ны өдөр Нэгүүн.мн сайтаас өөр нэр бүхий цахим сайтын сэтгүүлч Нэгүүн.мн-д байсан хувь хүний эмзэг мэдээлэл агуулсан бичлэгтэй яг адилхан бичлэгийг үзүүлж, 50 сая төгрөг өгөхийг шаардсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон.
Цагдаагийн алба хаагчид хуулийн хүрээнд уг хэргийг шалгана. Ямар нэгэн байдлаар сэтгүүлчийн эрх үүрэгт халдаагүй гэдгээ мэдэгдэж байна" гэв.
Нэгүүн.мн сайтын эрхлэгч Л.Баяржаргал "Гурван жил хууль хяналтынхны хонгилоор чирэгдлээ. Хоёр сэтгүүлчийг минь хоёр удаагийн үйлдлээр 80 сая төгрөг бэлнээр авсан гэж гүтгэж байна. Ийм үйлдэл болоогүй. Хэрэв тэгсэн гэж үзэж байвал нотлох баримтаа олон нийтэд дэлгэх хэрэгтэй. Манай сэтгүүлч ажлын байран дээрээ архидан согтуурсан, бие зассан албан хаагчийн ёс зүйгүй үйлдлийг дамжуулсны дараа ЭЦА-д байцаагдаж, шалгуулах болсон.
Цагдаагийн байгууллагаас манай редакцын бүх компьютер, тоног төхөөрөмж, гар утас, автомашин хураан авсан. Тэнд зохион байгуулалттайгаар ямар нэг зүйл шургуулсан байхыг үгүйсгэхгүй. Түүнээс бид ямар ч буруу зүйл хийгээгүй гэдгээ илэрхийлье" гэлээ.