УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос 2016 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, мэдээлэл хийлээ. Хуралд тус Байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Г.Занданшатар нар оролцов.
Мэдээллийн эхэнд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд “манай байнгын хороо УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 17 удаа хуралдаж, давхардсан тоогоор 55 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Мөн хуралдаанаар хуулийн төсөл 33, УИХ-ын тогтоолын төсөл 12, Байнгын хорооны тогтоол найм, Үндсэн хуулийн цэцийн нэг дүгнэлт, харьяа байгууллагын хоёр тайлан, Байнгын хорооны 28 санал дүгнэлт, Үндсэн хуулийн цэцийн гурван тайлбар, нэг төслийн эцсийн хэлэлцүүлгийн танилцуулгыг гаргасан. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас 35 албан бичиг, таван өргөдөл ирүүлснийг тухай бүрт нь шийдвэрлэж, хариу өгсөн” хэмээлээ.
Түүнчлэн УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай болон Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах Ажлын хэсгүүд нийт 18 удаа хуралдсан байна. Мөн тус байнгын хорооноос бие даасан хууль нэг, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль зургаан, УИХ-ын 12 тогтоолыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулжээ.
Тухайлбал, Зөвлөлдөх санал асуулгын тухай, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд болон Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын тогтоолуудыг хэлэлцэж баталсан байна. Төрийн байгуулалтын байнгын хороо тайлант хугацаанд олон улсын байгууллагуудтай 10 удаагийн уулзалт ярилцлагыг зохион байгуулж, санал солилцсон аж.
Мөн тус байнгын хорооноос УИХ-ын гишүүдэд зориулж Хууль зүй, дотоод хэргийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээнд хууль тогтоомжийн тухай хуулийн сургалт явуулсан. Мөн “Монгол Улсын хөгжлийн бодлого, улсын хөрөнгө оруулалтын салбарын суурь судалгаа”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-ийг хэрэгжүүлэхэд бодлогын зохицуулалтыг хэрхэн хийх, институцийн оновчтой хувилбарууд” сэдэвт хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсныг Байнгын хорооны дарга Н.Энхболд онцлов.
Мэдээллийн дараа Байнгын хорооны дарга Н.Энхболдоос сэтгүүлчид сонирхсон асуултад хариулт авав.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт хийхээр төлөвлөсөн байна. Энэ талаар олон нийтээс санал асуулга авах уу?
-Саяхан батлагдсан Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль энэ оны гуравдугаар сараас хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулиар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бол заавал Зөвлөлдөх санал асуулга явуулах юм. Бүх үйл ажиллагаа маш нарийн уялдаа холбоотой явагдана. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий эсэхийг судлах ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хороонд тулгуурлан байгуулсан. Энэ ажлын хэсгээс судалгаа явуулаад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл Зөвлөлдөх санал асуулга явуулах асуудлыг УИХ-д танилцуулна. Ингээд УИХ тогтоол гаргаж, 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт санал асуулга зохион байгуулна. Эндээс гарсан саналуудыг нэгтгээд мөн УИХ-д танилцуулна. УИХ уг саналуудыг судалж үзээд, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулах юм.
-Улсын төсвийг алдагдалгүй батлах асуудлыг Үндсэн хуульд оруулж болох уу?
-Үндсэн хуульд төсвийн алдагдлаа бууруулах асуудлыг нарийвчлан зааж, амжилттай хэрэгжүүлж буй орон олон бий. Тиймээс энэ асуудлыг Үндсэн хуульд оруулах шаардлагтай гэдэгт санал нэгдэж байна. Ерөнхийдөө бол Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөхгүй. Эрх мэдлийн хувиарлалт, хариуцлагын тогтолцоо болон шийдвэр гаргах механизмыг тодорхойлох зэрэг нийгмийн хөгжилтэй уялдсан цөөн хэдэн заалтыг өөрчлөх асуудал яригдаж байгаа юм.
-Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлсэн. Энэ хуульд ямар өөрчлөлт оруулахаар тусгасан бэ?
-Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өмнөх УИХ-аар хэлэлцэж байсан. Гэвч зарчмын зөрүүтэй олон санал гарсан тул санаачлагчид нь буцаасан юм. Саяхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Мөн УИХ-ын гишүүд энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ. УИХ-ын хаврын чуулганаар дээрх хоёр хуулийн төслийг нэгтгэн, батлуулахаар төлөвлөж байна. Гишүүдээс өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нь төрийн албыг улс төрийн нөлөөллөөс ангид, тогтвортой байх боломжийг бүрдүүлэхэд чиглэж байна.
Тухайлбал, төрийн албан хаагч гурван жил ажиллаад мэргэжилтэн, таван жил ажиллаад ахлах мэргэжилтэн болно. Долоон жил ажилласан бол хэлтсийн дарга, 10 жил ажиллаад газрын дарга болно. Харин 15 жил ажилласан бол салбарын яамныхаа Төрийн нарийн бичгийн дарга болох боломж нээгдэх юм. Мөн төрийн албан хаагчийг хууль бусаар халсан хүнд хариуцлага хүлээлгэнэ. Өөрөөр хэлбэл, хууль бусаар ажлаасаа халагдсан хүнд олгох нөхөн төлбөрийг төр хариуцдаг. Шинэ хуулийн төсөлд буруу шийдвэр гаргаж ажлаас нь халсан удирдах албан тушаалтан нөхөн төлбөрийг төлдөг байх зохицуулалт орсон.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танай байнгын хорооноос өргөн барьсан боловч чуулганаар санаачлагчид нь буцаах шийдвэр гаргасан. Хуулийн төслийг дахин боловсруулах уу?
-Бүх шатны сонгуулийг нэгдсэн нэг хуулиар зохион байгуулах асуудлыг өмнөх УИХ шийдвэрлэсэн. Энэ хуулиар 2016 оны УИХ болон орон нутгийн сонгуулийг зохион байгуулсан. УИХ-ын сонгуулийн дараа СЕХ-ноос манай байнгын хороонд “Бүх сонгуулийг нэг хуулиар зохион байгуулахад бэрхшээлтэй, дутагдалтай тал олон байна. Тиймээс сонгууль бүрийг өөр хуулиар зохицуулах хэрэгтэй” гэсэн санал ирүүлсэн. Энэ дагуу УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр дөхсөн үед хуулийг өөрчлөх нь зохисгүй хэмээн үзэж санаачлагчид нь буцаасан. Ямартай ч энэ оны намрын чуулганы үеэр УИХ, орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг салгаж, өргөн мэдүүлэхээр төлөвлөж байгаа.