С.Бямбацогт: 2016 онд “тасарсан” гэх 6780 хүнийг эмнэлэгт эрүүлжүүлсэн

С.Бямбацогт: 2016 онд “тасарсан” гэх 6780 хүнийг эмнэлэгт эрүүлжүүлсэн

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдааныг цаг сунган хуралдсан. Уг хуралдаанаар олон чухал асуудлыг хэлэлцсэн юм. Тухайлбал, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Тус хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн гишүүдийн 93.6 хувийн саналаар хэлэлцэхээр болж, Хуульзүйн байнгын хороонд шилжүүллээ. УИХ-аас 2013 оны долдугаар сарын 05-ны өдөр Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, улмаар 2014 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Тодруулбал, өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэнийг эмнэлэгт эрүүлжүүлдэг болсон нь багагүй хүндрэл учруулаад байсан. Иймээс уг хуулийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлыг арилгах, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох, түүнчлэн төрийн захиргааны төв байгууллагын харьяаллыг оновчтой болгох зорилгоор энэхүү хуулийн төсөлд дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулж байгаа юм. Үүнд, Эрүүлжүүлэх байр нь Цагдаагийн байгууллагын харьяалалд ажиллах бөгөөд, түүнд эрүүл мэндийн тусламжийг эмч, хамгаалалт, аюулгүй байдал нэгдсэн удирдлагыг цагдаагийн байгууллага тус тус хариуцан ажиллана.

Мөн эрүүлжүүлэх байрны нөхцөл, эмчилгээ, үйлчилгээний журмыг эрүүл мэндийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд, үйлчилгээний төлбөрийг хууль зүйн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлахаар тус тус хуулийн төсөлд тусгалаа.

Түүнчлэн  албадан эрүүлжүүлэх үйл ажиллагаа цагдаагийн байгууллагад шилжиж байгаатай холбогдуулан хүн амын нягтрал, согтуугаар үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн байдлыг харгалзан тодорхой нутаг дэвсгэрт эрүүлжүүлэх байрыг байгуулах зохицуулалтыг, түүнчлэн үйлчлүүлэгч догшин хэрцгий авирлаж, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул учруулахаар бол уг этгээдэд Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 13.1 дэх хэсэгт заасан журмын дагуу номхотгох аргыг хэрэглэж болох зохицуулалт, эрүүлжүүлэх үйлчилгээнээс олсон орлогыг эрүүлжүүлэх үйл ажиллагаанд нь зарцуулахаар хуулийн төсөлд тус тус тусгасан байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Эрүүлжүүлэхийн асуудал үнэ­хээр хүнд байсан. Эрүүлжүүлэх байрны нөх­цөл ч бас хүнд шүү дээ. Эрүүлжүүлэхэд хэдэн эмч байх вэ” гэдгийг тодруулав. УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “Албадан эрүүлжүүлнэ гэдэг нь өөрийгөө авч явах чадваргүй болсон хүнийг албадан эрүүлжүүлэхийг хэлж байгаа юм. Түүнээс биш халамцуу харих гээд явж байгаа хүнийг албадаад эрүүлжүүлэхэд аваачаад хийнэ гэж байхгүй” гэв.

Мөн  УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл  “Өөрийгөө хянаж чадахгүй болтлоо согтсон хүнд тусламж үзүүлэх асуудлыг бид ярьж байна. Ямар нэгэн байдлаар баярлаад, шахуулаад согтчихсон, маргааш нь зүгээр ажлаа хийгээд л явах хүн шүү дээ. Тиймээс бид хүнлэг хандах ёстой. Хүний нөөц, хөрөнгө мөнгийг нь шийдэж өгөх ёстой” гэлээ. Харин  УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Эрүүлжүүлэх өмнө нь цагдаад байгаад болж байсан юм аа. Эрүүлжүүлэхэд ороод 30 минут болоход тэсэхийн аргагүй байдаг юм даа.

Иймээс цагдаад өгөх нь зөв. Орон тоо нь байсан, байр байшин нь ч байсан юм. Шинээр байр байшин барих шаардлагагүй” гэсэн бол  УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “Өөрийгөө хянах чадваргүй болсон хүнийг эрүүлжүүлэх нь тийм ч амар биш. Хордлогыг нь тайлж эрүүл мэндэд нь анхаарна гэдэг чухал асуудал. Иймээс эрүүл мэндийн ажилтны орон тоог шийдэх ёстой. Гэхдээ бага зардлаар.

600 гаруй орон тоо нэмэгдэх тооцоо гарсан. Албадан эрүүлжүүлэх биш албадан саатуулах гэж ярьмаар байна. Эрүүлжүүлэх байр цагдаагийн байгууллагад, эрүүл мэндийн асуудлыг эрүүл мэндийн байгууллага хариуцна гэж оруулж ирсэн. Эмнэлэг, цагдаа уялдаатай ажиллах ёстой. Сайхан баярлаж, наадаад халамцуу гэртээ харьж байгаа нөхдийг эрүүлжүүлэхгүй шүү дээ. Согтчихоод хэрэг төвөг тарьсан, бусдын аюулгүй байдалд халдсан нөхдийг л эрүүлжүүлж байгаа шүү дээ” хэмээлээ.

Хурлын төгсгөлд  Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Өөрийгөө хянаж чадахгүй болсон иргэдийг цагдаагийн байгууллагад эрүүлжүүлдэг тогтолцоог эргүүлж байгаад бүх эмнэлгийн байгууллагын ажилчдын зүгээс талархаж байгаагаа ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтод хэлмээр байна” гэв. УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “2016 онд согтуугийн 149 мянган дуудлага авсан байна. 87 мянган хүнийг эрүүлжүүлсэн. Бүр “тасарсан” гэх 6780 хүнийг эмнэлгийн байгууллагад хүргэж өгсөн байна” гэдгийг танилцуулсан юм.

“Торгуулийн нэгжийг 2000 төгрөг байсныг 1000 төгрөг болгосон”

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн гишүүдийн 95.2 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжиж, холбогдох байнгын хороонд шилжүүлсэн юм. Хэлэлцүүлгийн эхэнд  УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аас 2015 оны арванхоёрдугаар сарын 04-ний өдөр баталж, 2016 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх байсан.

Гэсэн ч шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх бэлтгэл хангагдаагүй буюу хуулийг хэрэгжүүлэх гол нөхцөл болох хянан шийдвэрлэх ажиллагааны хуулийн төслүүд ёсчлогдоогүй, шаардлагатай дүрэм, журам батлагдаагүй, хуулийн хэрэгжилтийг хангах алба хаагчдад зориулсан сургалт, олон нийтэд шинэ хуулийн үзэл баримтлал, агуулгыг таниулах сурталчилгааны ажлууд хийгдэж дуусаагүй гэдэг шалтгаанаар хойшлуулсан. Мөн харилцан уялдаатай Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчин, эдийн засаг, техникийн нөхцөл боломж бүрдээгүй зэрэг шалтгааны улмаас Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталж, дагаж мөрдөх хугацааг 2017 оны долдугаар сарын 01-ний өдөр хүртэл хойшлуулаад байсан.

Хэдийгээр Зөрчлийн тухай хуульд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад салбарын 220 гаруй хуулиар тогтоосон зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлагыг тодорхойлсон хэм хэмжээг төрөлжүүлэн нэгтгэсэн, Эрүүгийн хуультай уялдуулах алхам хийгдсэн зэрэг нь дэвшилттэй боловч олон ойлгомжгүй асуудал үүсч байна гэж хууль санаачлагч үзжээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Батнасан “Хуулийн давхардал, хийдэл үүсэх үү. Хуулийг хэрэгжүүлэх субъект нь хэн юм бэ” гэдгийг тодруулсан юм. Харин  УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “Зөрчлийн тухай хууль бол анхдагч хууль.

Ижил төстэй зөрчил гаргасан байхад харилцан ялгаатай шийтгэл оногдуулдаг, төрийн албан хаагч өөрийн үзэмжээр шийтгэл оногдуулдаг зохицуулалтгүй, замбараагүй байсныг зохилцуулах хууль юм. Гэмт хэрэг, зөрчил хоёр бол салшгүй холбоотой. Энэ хууль бол Эрүүгийн хуультай салшгүй холбоотой. Энэхүү хуульд 230 орчим хуульд заасан шийтгэлийг зохицуулсан. Удахгүй Зөрчлийн процессийн хуулийг батлуулснаар энэхүү хууль бүрэн хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж хэлмээр байна.

Мөн УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Торгуулийн арга хэмжээний шийтгэлийн хэмжээ нэмэгдсэн үү, буурсан уу. Хохирол барагдуулах асуудлыг хэрхэн зохицуулсан бэ.

Хөөн хэлэлцэх хугацааг ямар байдлаар хуулийн төсөлд тусгасан бэ” хэмээн асуусан. Үүний хариуд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “Торгуулийн нэгжийн хувьд нэг нэгж 2000 төгрөг байсныг 1000 төгрөг болгосон. Ийнхүү торгох шийтгэлийн нэгжийн хэмжээг бууруулснаар торгуулийн хэмжээг нийтэд нь багасгаагүй бөгөөд үүнтэй уялдуулан зөрчлүүдэд оногдуулах торгох шийтгэлийн нэгжийн тоог өсгөсөн. Өөрөөр хэлбэл, 20 нэгжтэй тэнцэх байсныг 40 болгож нэмсэн гэх мэт. Зөрчлийн улмаас учруулсан хохирлыг барагдуулна, үлдсэн төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлнэ гэж тодорхой зааж өгсөн байгаа” гэв.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир “Торгуулийн хэмжээг 1000 төгрөгөөр зааж байгаа. Энэ нь зөрчлийг бууруулахад нөлөөлөх үү. Ялангуяа архи, тамхи, ашигт малтмалын салбарт зөрчил гаргасан нөхдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгасан уу. Хэрэв зөрчлийг давтан үйлдвэл яах вэ” гэлээ. ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр “Торгуулийн хэмжээг өмнөх хуулиас бууруулаагүй. Ашигт малтмал уул уурхайн чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс зөрчлийг давтан гаргавал үйл ажиллагаа явуулах эрхийг нь түдгэлзүүлнэ” хэмээн тайлбарлав. Энэ мэтчилэн пүрэв, баасан гарагийн чуулганы хуралдаанаар нийт 11 асуудал хэлэлцлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.