МАХН: Ерөнхийлөгчийн сурталчилгааны зардлыг төрөөс даах ёстой

МАХН: Ерөнхийлөгчийн сурталчилгааны зардлыг төрөөс даах ёстой
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд оруулж байгаа нэмэлт, өөрчлөлтийг МАХН-ынхан эрс эсэргүүцэж байгаа билээ. Тиймдээ ч МАХН-ыг төлөөлж УИХ-д суугаа ганц гишүүн болох О.Баасанхүү үе үе мэдээлэл хийж, байр сууриа илэрхийлж байгаа юм. Тэгвэл өнөөдөр МАХН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуулийг тухай хуулийг эсэргүүцэж мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдлийн талаар О.Баасанхүү гишүүн сэтгүүлчдэд мэдээлсэн юм. 
 
Тэрбээр “УИХ-аар хэлэлцэж буй  Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар бол МАН л өөрийн хүнээ нэр дэвшүүлэх боломжтой. АН, МАХН болон бусад намууд хамтарч хүнээ нэр дэвшүүлж, өрсөлдөх боломжгүй болгож байна. Бидний харж байгаагаар гуравхан хүн дэвшинэ. Тэр гурван хүнийг тэгш гараанаас явуулах ёстой шүү дээ. Тэгэхийн тулд сурталчилгааны зардлыг нь төрөөс даах ёстой.  Төрөөс сурталчилгааг нь даахгүй бол нэр дэвшигчид хандив авах,, эдийн засгийн хараат болох магадлалтай” хэмээсэн юм. 
 
Харин МАХН-аас гаргасан мэдэгдлийн талаар  “Нийт олноос сонгогдож гарах төрийн тэргүүнийг улстөржүүлж, намжуулсан, хэтэрхий нэг талыг барьсан байгааг бид хариуцлагатайгаар эсэргүүцнэ. Бид Үндсэн хуулийн цэцэд хандана. Бүх төрийн байгууллагыг МАН гартаа авцан байгаа энэ үед ардчилал, шударга ёсонд аюул учирч байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийг МАН-тай нийлэхгүй байж, энэ хуулинд хориг тавих байх гэж найдаж байна. 
 
Хуулийн төслийг өргөн барьсныхаа дараагаар дэндүү шуурхайлан, нэг намын хэт давамгайлсан байдлаар түрэмгийлж байна гэдэг асуудал яримагц УИХ-ын даргын нэр дээрх захирамж гаргаж, ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг хоёр удаа хурал зарлаж, энэ хурлаар ажлын хэсэгт саналаа танилцуулалгүйгээр шууд Байнгын Хорооны хурлаар 70 гаруй саналыг хураасан байгаа. Үүгээр өөрсдийнхөө давуу эрхийг баталгаажуулж авсан гэж бид үзэж байна" хэмээсэн юм.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.