Жолоо барих эрхийг нь таван жилээр хасах санал гаргалаа

Жолоо барих эрхийг нь таван жилээр хасах санал гаргалаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхэд гишүүдийн 77.8 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. УИХ-аас 2015 онд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлэн баталж, хэрэгжсэнээр үр дүнгээ өгч байгаа аж. Гэхдээ зарим шийтгэл нь давхардаж байгаагаас зөрчил үүсгэж эхэлсэн тул Засгийн газар дээрх хуулийн төслийг санаачлан өргөн мэдүүлсэн юм. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж яваа иргэнд ногдуулах хариуцлагыг чангатгах нь зөв. Дээр нь хар тамхи сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн үедээ авто машин жолоодох байдал түгээмэл болж буй тул үүнд Хууль зүй, дотоод хэргийн яам онцгой анхаарах шаардлагатайг сануулж байсан юм.

Хэлэлцүүлгийн шатанд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Хар тамхи сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэж байгаа үйлдлүүдтэй хуулийн байгууллага бололцоогоороо ажил зохион байгуулж байна. Гол нь энэ төрлийн бодисыг хэрэглэсэн хүнийг нь илрүүлсэн ч газар дээр нь баталгаажуулах тоног төхөөрөмж дутмаг байгаа тул цаашдаа УИХ-аас санхүүгийн дэмжлэг хүснэ. Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч нарыг автомашин жолоодож явах үед замын цагдаа зогсоогоод согтолтын хэмжээ зэргийг нь үлээлгээд согтолтыг тогтоодог. Тавантолгойн замд нүүрсний тээвэр хийдэг жолооч нар унтахгүйн тулд сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэдэг, үүнээсээ болж осол аваар гардаг гэх асуудлыг Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд тавьсан тул нүүрс тэвээрлэж байгаа хэсэгт хяналт тавих зорилгоор замын цагдаагийн хэсэг байгуулж ажиллахаар ажиллаж байна” гэв. Харин  УИХ-ын гишүүн Г.Зандашатар “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол манайд зургаан сараар жолоо барих эрхийг хасдаг. Хятад болоод бусад оронд энэ тохиолдолд торгохоос гадна баривчлах шийтгэл давхар ногдуулдаг. Тэр дундаа хар тамхи хэрэглэсэн иргэдийн хувьд тест өгөхгүй, эрхээ эдэлнэ гэж гүрийх зэрэг асуудал гардаг тухай яригдаад байна. Давхар шийтгэл ногдуулахгүй байх тал дээр олон улсын жишгээрээ ямар байдаг вэ” гэдгийг тодруулсан юм. Ажлын хэсгийн тайбарлаж буйгаар “Хуулийн төсөлд үндсэн шийтгэлийг давхардуулах ёсгүй гэдэг утгаар нь өөрчлөлт оруулж байгаа юм. Торгох шийтгэлийг баривчлах шийтгэлтэй хамтатган хэрэглэж болохоор байгаа” гэв. Харин УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Зөрчлийг давтан үйлдсэн бол 30 хоногийн хугацаатай баривчлах, жолоо барих эрхийг нь гурван жилийн хугацаагаар хасах гэж заажээ. Үүний жолоо барих эрхийг нь таван жилээр хасах болгон сунгах нь зөв болов уу. Согтуугаар автомашин жолоодох нь эрсдэлтэй учраас хариуцлагыг өндөржүүлэх шаардлагатай гэж үзэж байна” хэмээсэн юм.

Хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өөр нэг хэлэлцсэн асуудал нь “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү үндсэн чиглэлийн төсөлд 260 хуулийн төсөл, үүнээс 2016 онд 31, 2017 онд 131, 2018 онд71, 2019 онд 24, 2020 онд гурав, төсөл боловсруулж өргөн мэдүүлэхээр заасан байна. Мөн Үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан 260 хуулийн төслийг хууль санаачлагчаар нь авч үзвэл, Засгийн газар 239, УИХ-ын гишүүд 17, Монгол Улсын Ерөнхийлөгч дөрөв, хуулийн төсөл тус тус санаачлахаар, УИХ-ын тогтоолын төслийн хувьд Засгийн газар-12, УИХ-ын гишүүд гурав, Монгол Улсын Ерөнхийлөгч нэг  тогтоолын төсөл тус, тус санаачлахаар тогтоолын төсөлд тусгажээ. Үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан 260 хуулийн төслийн 75 нь анхдагч хуулийн төсөл, 85 нь шинэчилсэн найруулга, 99 нь хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нэг нь хууль хүчингүй болгох тухай хуулийн төсөл юм. Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлагдсанаар Засгийн газраас 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтыг биелүүлэх, хууль санаачлагчдаас санаачлах хууль тогтоомжийн төслүүд давхардалгүй, тодорхой цаг хугацаанд төлөвлөгдөн, өөр хоорондоо уялдаа холбоотой боловсруулагдах боломжтой болох юм. Хэлэлцүүлгийн шатанд: УИХ-ын гишүүн Л.Болд “Энэ баримт бичигт дахин боловсруулалт орох шаардлагатайгаар батлагдах болж байгаа юм биш үү. Яагаад гэвэл энэ төсөлд 2016 онд батлах маш олон хууль багтсан байна. УИХ-аар батлагдаад хэрэгжиж байгаа хуулиудыг хасахгүй юм уу. Дээр нь УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн Гадаад харилцааны тухай хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэж байгаа. Гэтэл Засгийн газар өргөн барина гэж байна. Эдгээр зөрчлүүдээ арилгахын тулд хоёрдугаар хэлэлцүүлэг дээр ажлын хэсэг гаргах ёстой.Төлөвлөгөөны 251, 252, 253-д Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль, орон нутгийн сонгуулийн тухай хуулийг О.Баасанхүү гишүүн бид хоёр дээр тавьчихаж. Гэтэл одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцээд явж байна” гэлээ. Үүний хариуд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед өнгөрсөн онд УИХ-аар батлагдсан хуулиудыг үндсэн чиглэлдээ тусгах шаардлагагүй гэж үзээд хассан. Сонгуулийн хуулийг өргөн барина гэж та саналаа өгсөн учраас үндсэн чиглэлд тусгаж өгсөн. Үндсэн чиглэд тусгаад өгөхөөр өнөөдөр та өөрөө, өөртэйгээ зөрчилдсөн юм ярих юм. “О.Баасанхүү бид хоёр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль, орон нутгийн сонгуулийн тухай хуулийг өргөн барих боллоо, та нараад хууль санаачлуулах боллоо” гээд байх юм” гэв.

Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Энхболд “УИХ, орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн барих учраас жагсаалтад оруулахаас аргагүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг өнөөдөр ярина. Ардчилсан намын бүлгээс ажлын хэсэгт 3 хүн оруулъя гээд нэр ирүүлсэн. Үүнд Л.Болд гишүүний нэр орсон. Идэвхитэй оролцоод яваарай” хэмээсэн юм.

Ийнхүү Улсын Их Хурлын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж тодруулсны дараа байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 56 саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Дугаар шилжих мөчид УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.