Шөнийн цахилгааны тариф тэглэх шийдвэр иргэдэд таалагджээ

Шөнийн цахилгааны тариф тэглэх шийдвэр иргэдэд таалагджээ

Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн гэр хорооллын айл өрхийн ахуйн болон халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлсөн билээ. Шөнийн тарифыг оройн 21.00 цагаас өглөөний 06:00  цаг хүртэл тэглэх бөгөөд энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс ирэх дөрөвдүгээр сарын 1 хүртэлх хугацаанд үргэлжлэх юм. Тэгвэл энэ талаар албаны хүмүүс болон иргэд ямар байр суурьтай байгааг сонирхлоо.  

А.Тлейхан: Хоёр тарифтай тоолуур тавьж байж, хөнгөлөлт эдэлнэ

/Эрчим хүчний зохицуулах хорооны дарга/

-Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын санаачилгаар Улаанбаатар хотын гэр хорооллын шөнийн хэрэглээний цахилгааны тарифыг тэглэх асуудлыг шийдвэрлэн хэрэгжүүлж байна. Нийслэлийн гэр хорооллын 146 мянган хэрэглэгч бий. Эдгээр өрхөд хөнгөлөлт үйлчлэх юм. Гэхдээ гэр хорооллын өрхийн оройн 21:00-06:00 цагийн хооронд ашигласан цахилгааныг тэглэж буй учраас заавал хоёр тарифтай тоолуур тавих шаардлагатай болсон. Гэр хорооллын өрхийн 110 мянга орчим нь хоёр тарифтай тоолуур ашиглаж байгаа.

Тэгэхээр үлдсэн 30 гаруй мянган айл өрхийн тухайд хоёр тарифтай тоолуур тавьж байж, хөнгөлөлт эдлэх боломжтой болно гэсэн үг. Стандартын тоолуур нь УБЦТШС болон бусад холбогдох мэргэжлийн байгууллагуудад худалдаалж байгаа. Хэрэглээний хувьд 380 вольт цахилгаан хэрэглэдэг айлууд 1500 кВт, 220 вольтын цахилгаан хэрэглэдэг айлууд 700 кВт-ын чадлын дээд хязгаар тогтооно. Учир нь хэрэглэгчдийн хэрэглэж буй цахилгаан дамжуулах утасны нэвтрүүлэх чадалтай холбоотой. Цахилгааны аюул, эрсдэлээс хамгаалсан арга хэмжээ гэж ойлговол зохино.

Өмнө нь арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн бүх айл өрх цахилгааны 50 хувийн хөнгөлөлт эдэлдэг байсан бол нийслэл хотын гэр хорооллын өрхүүд нэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-ний хооронд 100 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой болж байна. Ингэснээр нэг талдаа утааны хэмжээ багасна, нөгөө талдаа гэр хороололд амьдарч буй өрхийн зардал тодорхой хэмжээнд буурна гэж үзэж байгаа. Нэг зүйлийг онцлоход, энэ удаа гэр хорооллын өрхийн хэрэглээний цахилгааныг тэглэсэн. Цахилгааны тарифыг тэглэчихлээ гээд янз бүрийн үйлдвэрлэл үйлчилгээ явуулж болохгүй. Үүнээс болоод цахилгааны утасны ачаалал ихэсч аливаа эрсдэл гарч болзошгүйг анхаарах хэрэгтэй.

Д.Бассайхан: Хоёр тарифт тоолуур 80-85 мянган төгрөгийн үнэтэй байгаа

/Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч/

-Зөвхөн ахуйн зориулалтаар буюу оршин суугаа орон байраа халаах зорилгоор хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний тарифыг тэглэх асуудал л яригдаж байгаа. Түүнээс бус гэр хороололд үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний газруудын тухайд УБЦТШСК-тай аж ахуйн гэрээтэй учраас хамрагдахгүй. Хэрэв нууцаар энэ мэт үйл ажиллагаа явуулбал УБЦТШСК-ийн ажилтнууд зөрчил дутагдлыг илрүүлж, таслан зогсоох ёстой.

Гэр хорооллын 146 мянган айл өрхийн 110 мянга нь ахуйн зориулалттай хоёр тарифт тоолууртай. Үлдсэн хэрэглэгчид нэг тарифтай тоолуур хэрэглэдэг. Тэгэхээр хоёр тарифтай тоолууртай хэрэглэгчдийн шөнийн цахилгааны тариф 100 хувь тэглэгдэнэ. Тиймээс бүх өрх хоёр тарифт тоолуур хэрэглэх шаардлагатай.

Энэ асуудлыг УБЦТШС компани хангаж ажиллана. Нэгдүгээр сарын 1-нээс эхлэн гэр хорооллын иргэдийн шөнө хэрэглэсэн цахилгааны тариф тэглэгдэнэ гэсэн үг.  Тоолуурын хувьд  УБЦТШС компаниудын тоолуурын лабораториудад хоёр тарифт тоолуур 80-85 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Халаалтын зориулалтын 380 вольтын тоолуурын тухайд өөр өртгөөр зарагддаг.

М.Дунгармаа: Цахилгааны утас нь ачааллаа дийлэхээ болих вий

/Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны иргэн/

-Өвлийн хүйтэнд даарч, нүүрс түлж буй гэр хорооллын иргэдийн шөнийн цахилгааны тарифыг тэглэж буй нь маш зөв алхам. Гэхдээ утасны даацын хэмжээ гэж бий. Гэр хорооллын өрхүүд нэг шугамнаас хоёр ч айл салаалж авсан харагддаг. Шөнийн цахилгааны тарифыг тэглэснээр айл өрхүүд мэдээж цахилгаан халаагуур хэрэглэж таарна.

Ингэснээр цахилгааны утас нь ачааллаа дийлэхгүй гал түймрийн аюул гарах вий гэдгээс болгоомжлох хэрэгтэй. Нөгөө талаар, тарифыг тэглэлээ гээд заавал тоолуураа соль, цахилгаан халаагуур хэрэглэ гэх мэтээр дарамт үзүүлэх хэрэггүй байх. Өвлийн хэрэглээний нүүрсээ бэлдчихсэн, мөнгөгүй байхад нь халаагуур хэрэглэ гээд байвал өрхөд дарамт болно.

Үүсч болзошгүй асуудлыг бодолцон үзэж, зөв менежмент хийх шаардлагатай байх. Ер нь агаарын бохирдлыг бууруулах тал дээр иргэн бүхэн идэвхи чармайлт гаргах хэрэгтэй. Шинээр байшин барьж буй бол шалны халаалт тавьчих хэрэгтэй шүү дээ. Манайх Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд амьдардаг. Яг л утааны бүсэд амьдарч байна. Өглөө, оройдоо их л утаатай байх юм.

Н.Алтаншагай: Иргэддээ ойр шийдвэр болсон

/Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэн/

-Манайх Чингэлтэй дүүргийн арвандолдугаар хорооны нутагт  амьдардаг. Агаарын бохирдол их.  Гэхдээ уулын орчимдоо харьцангуй гайгүй байдаг юм. Манайх харьцангуй бага бохирдолттой хэсэгт байдаг юм.

Гэрт амьдардаг учраас нүүрс түлдэг.  Галаа түлээд л гэр дулаацчихна. Засгийн газраас цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн нь илүү иргэддээ ойр шийдвэр болсон болов уу гэж бодож байна. Мэдээж, 100 хувь төлбөрийг тэглэж байгаа учраас боломж гарвал  шалны халаалт хэрэглэнэ гэсэн бодолтой байгаа.

Ч.Баттөр: Нүүрсээ арай гэж авч байгаа айл өрх цахилгаан халаагуур авч хэрэглэнэ гэж байх уу

/Чингэлтэйн арвандолдугаар хорооны иргэн/

-Өчигдөр зурагт үзэж байхад нэгдүгээр сарын 1-нээс шөнийн цахилгааны тарифыг тэглэх талаар ярьж байсан. Энэ сарын цахилгааны төлбөр бичигдсэний дараа үнэхээр тэглэсэн эсэх нь мэдэгдэх байх. Гэхдээ цахилгааны шөнийн тарифыг тэглэлээ гээд гэр хорооллын бүх иргэд гал түлэхээ болино гэвэл үлгэр шүү дээ.

Гэр хорооллын айл гал түлэхгүй байна гэж юу байх билээ. Цахилгаан халаагуур хэрэглэнэ гэдэг худлаа байх. Нүүрсээ арай гэж авч байгаа айл өрх цахилгаан халаагуур авч хэрэглэнэ гэж байх уу.  Гал түлэхээ больж, цахилгаан халаагуур хэрэглэе гэж бодъё. Мэдээж, 24 цаг залгах хэрэг гарна. Гэтэл цахилгааны төлбөр нүүрс түлснээс бага гарна гэж байхгүй.

Өмнө нь ч гэсэн цахилгааны төлбөр хөнгөлнө гэж ярьж байсан. Гэтэл хоёр айл нийлээд сардаа 40 мянгыг төлдөг байсан бол одоо дангаараа нэг айл 40 мянгыг төлж байгаа шүү дээ. Надад бол ялгаагүй санагддаг. Шөнийн цахилгааны тарифыг тэглэсэн ч гал түлэхээ болино гэж байхгүй. Миний бодол ийм л байна.

Г.Чулуунбаатар: Тоолуурны үнийг хямдруулбал зүгээр байх юм

/Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны иргэн/

-Би Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд амьдардаг. Өглөө, оройдоо утаа ихтэй.  Хүн л болсон хойно хэн хүйтэнд даарч, үнс тортогтой ноцолдоё гэж бодох вэ дээ. Мэдээж, цахилгааны тарифны хөнгөлөлтийг төр засгаас үзүүлбэл цахилгаан халаагуур хэрэглэе гэсэн бодол байдаг. Манайх одоо нүүрс л түлж байгаа. 100 хувь хөнгөлөлт эдлэхийн тулд хоёрт тарифт тоолуур тавина гэсэн. Манайх тийм тоолуур аваагүй, хуучинтайгаа л байгаа.

Уг нь нэгэнт шөнийн хэрэглээний тарифыг тэглэж байгаа юм чинь  тоолуурны үнийг хямдруулбал зүгээр байх юм.  Үнэ нь хямдраад эхэлбэл, манайх ч гэсэн шинэ тоолуур авъя гэж бодож л байна. Одоо нэг шонд гурав, дөрвөн айлын цахилгааны утас залгаатай байдаг. Сардаа тогны мөнгө 20 мянгаас дээш гардаг. Их байна. Тариф тэглээд эхэлбэл гайгүй болох байх. Засгийн газраас ийм шийдвэр  гарсныг зөв гэж бодож байна. Айлууд ч гал түлэхээ болиод цахилгаан халаагуур хэрэглээд эхлэх болов уу.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.