Хөгжлийн банкны хэлэлцэх асуудлыг дахин хойшлууллаа
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж, зарчмын зөрүүтэй асуудалд санал хураалт явууллаа. Улмаар тус хуулийг хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүлэх эсэхэд гишүүдийн саналыг хураасан юм. Санал хураалтад нийт 47 гишүүн оролцож, 36 гишүүний дэмжлэгтэйгээр хоёрдугаар хэлэлцүүлэгтээ шилжсэн. Үүний дараа үргэлжлүүлэн Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн эхэнд ардчилсан намын бүлгээс Хөгжлийн банкны хэлэлцэх асуудлыг тав хоногоор хойшлуулах хүсэлтийг УИХ-ын дэд даргад тавьсан.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын Л.Энх-Амгалан “Пүрэвдорж гишүүн ээ, таны яриад байгааг би ойлгохгүй байна. Өнөөдөр Хөгжлийн банктай холбоотой асуудлыг авч хэлэлцэнэ. Манай намаас хаалттай хэлэлцүүлье гэдэг санал гараагүй. Битгий улс төр яриад бай. Би чам шиг хашгарч, орилж ярьж чадна. Чи 2000 компани гэж ярилаа. Тэгсэн хэрнээ бидэнд шалгалтын дүн ирээгүй гэж ярьж байгаа чинь өөрийгөө эсэргүүцсэн гэсэн үг шүү дээ. 2000 компанийн ихэнх нь МАН-ынх гэх юм. Та нар гаргаад тогтоочихсон юм уу. УИХ бол шүүх танхим биш. Бидэнд материал хангалттай болсон. Өнөөдөр хэлэлцэх зүйл бол өөр асуудал. Хөгжлийн банкыг дүгнэх гэсэн асуудал биш. Та нарын УИХ-аар оруулалгүй Засгийн газар дээрээ том толгойлж шийдсэн асуудал чинь Хөгжлийн банкыг хүнд байдалд оруулчихлаа. Засгийн газраас гаргасан ажилчдыг мэргэжлийн биш, улстөржсөн гэх шалтгаанаар өөрсдөө улстөржүүлээд байх юм. Он гарахаас өмнө ямар арга хэмжээ авахаа л ярья гэж байна” гэв.
Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Би зарчмын зүйлийг тодруулж асуумаар байна. Байнгын хороон дээр хаалттай хэлэлцсэн асуудлыг УИХ дээр нээлттэй хэлэлцэх нь зөв үү. Нийт 1.5 тэрбум ам.доллар, 300 сая иен, 70 сая ам.долларын нийлүүлэлт хийсэн. Гэтэл яагаад ам.долларын ханш буухгүй байна аа. Би уг нь ам.долларыг нь хадгалж байгаад монгол мөнгө үйлдвэрлэсэн юм байх гэж бодсон. Тэр үйлдвэрлэсэн мөнгөөрөө эдийн засгаа сэргээнэ гэж бодож байлаа.
Хэдхэн арилжааны хэдэн банкуудад өгчихсөн юм байна лээ шүү дээ, тэр ам.доллараа. Тэр ам.доллар хаана байна. Надад хэлээд өгөөч. 2012 оноос хойш орсон нийлүүлэлтээрээ 200-300 ам.доллар авсан байх. Энэ янзаараа байвал бид ам.долларын ханшын савалгаанд орчихоод байна шүү.
Сүүлдээ аргаа барахдаа Хятадаас дөрвөн тэрбум ам.долларын зээл авах талаар ярьж байна. Ард түмнээ доромжилж байгаа юм шиг уучлалт гуйлаа гээд л солиотой юм хийсэн. Энэ асуудлыг илээр ярьвал ярья. Эсвэл далд ярина гэвэл та нараас нарийн тодруулж асуух зүйлүүд ч байна” гэсэн юм.
Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Байнгын хороо нууц хуралдаан хийгээгүй. Гишүүдээс санал гарч, хаалттай хуралдаан хийсэн. Нэг их нуух зүйл байхгүй. Нэгдүгээр сарын 1-нээс өмнө шийдье л гэж байгаа юм. Яах вэ, нарийн хаалттай ярилцмаар зүйлс бий. Уг нь Хөгжлийн банкны асуудлыг зөв шийдвэл сэргээх боломж байгаа. Гэхдээ гишүүд нэг их улстөржүүлээд ард иргэдэд Хөгжлийн банк гэж үнэхээр болохоо байчихсан банк юм шиг ойлгуулаад байна. Тиймээс хаалттай хэлэлцвэл яасан юм бэ. АНУ гэхэд 100 өдөр зогсоо зайгүй ажиллаж, хэлэлцсэний үр дүнд эдийн засгийн уналтаас гарсан. Тэгэхээр хаалттай хуралдах хэрэгтэй” гэв.
Гишүүд ийнхүү санал хэлсний дараа УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Уг нь Хөгжлийн банкны асуудлыг ядаж сэхээнээс гаргах авах арга хэмжэээ авчихвал яасан юм. Өмнөх асуудлыг хэрүүлтэйгээ зууралдсаар байтал сэхээнээс ч гаргаж чадахааргүй болчих вий дээ. Бид ямар анх удаа хуралд сууж байгаа биш. Яах вэ, олонхийн бүлэгт нэг арга байна. Энэ заалтыг цаашид байлгаад байх юм уу. Үүнийг ярих боломж та нарт байгаа шүү” гэсэн юм. Үүний дараа Ардчилсан намаас гаргасан саналын дагуу Хөгжлийн банкны хэлэлцэх асуудлыг тав хоногоор хойшлуулснаар өнөөдрийн чуулган өндөрлөлөө.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.