УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр өглөө нэг цаг хоцорч эхэлсэн бөгөөд хамгийн эхний хэлэлцэх асуудал буюу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түүнтэй холбогдох бусад хуулийн төслүүдийн зарчмын зөрүүтэй 103 саналаар санал хураасан.
Үдээс өмнөх хуралдаанаар санал хурааж амжаагүй тул үдээс хойших хуралдаанаар үргэлжлүүлэн санал хураасан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Хууль зүйн байнгын хорооны саналыг босгох хэрэгтэй. Гэр бүлийн хүчирхийллийн үйлдэл болгоныг гэмт хэрэг гэж тооцохоор хууль санаачлагчаас орж ирсэн. Ажлын хэсэг ярьж байгаад анхны удаад захиргааны хуулиар гэж үзээд удаа дараа бол Эрүүгийн хуулиар шийдэх хэрэгтэй. Тэгэхээр шоронжсон юм болох гээд байгаа юм” хэмээсэн юм.
Харин УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Аль Эрүүгийн хуульд оруулах гээд байгаа юм бэ. 2002 оных юм уу. Энэ асуудлыг одоо яах юм, дэмжих юм уу. Ямар ч байсан энэ томъёолол чинь болохгүй байна. Энэ маш явдалтай хууль. Гэр бүлийн хамааралтай хүнийг тохуурхан даажигнах гэж байна. Муухай харахыг хэлж байгаа юм уу. Хол байхад нь доромжлохыг хэлж байгаа юм уу гэх мэтээр асуудал үүснэ. Томъёолол дээр нь тун нарийн ажиллахгүй бол тун эвгүй байна. Гэр бүлийн харилцааг алхам тутамд эрүүлжүүлэх асуудал яригдаж байна. Хүүхэд дүрсгүйтээд байхаар аав нь мориороо хөөж хөлсийг нь гаргадаг. Тэгэхээр тэр салхи нь гардаг л байхгүй. Тэгэхээр ийм тохиолдолд энэ хуулиар бол хэрцгий харьцсан гэж л явах гээд байна шүү дээ. Эрүүгийн хуулийг гэр бүлийн харьцаа руу алхам тутамд оруулах гээд байна” гэв.
Ямартай ч, бүтэн өдрийн турш ганцхан асуудал хэлэлцэж, санал хураалт явуулахад 77.8 хувиар ажлын хэсгийн санал дэмжигдэж, байнгын хорооны санал уналаа.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.