З.Энхболд: АН цагаан сарын өмнө шинэ даргатай болно

З.Энхболд: АН цагаан сарын өмнө шинэ даргатай болно

АН-ын VI Их хурал болсонтой холбогдуулан намын дарга З.Энхболд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Энэ удаагийн Их хурал АН-ын шинэтгэлийг эхлүүллээ. Шинэтгэл нэг удаа, хоёр удаагийнхаар хийж амжихгүй гэдгийг төлөөлөгчид хэлсэн. Уг нь анхны зорилго бол дүрмээ батлаад тарах байсан. Гишүүд энэ дүрмийг нийт гишүүдтэйгээ ярьмаар байна гэдэг шаардлага гарсан учраас намын даргын болон гишүүнчлэлтэй хэсгээ баталсан. Харин дүрмийн бусад заалтаа дахиж аймаг, сум хороондоо яриад VII Их хурлаар батлахаар болсон.

Бид Шинэтгэлийн газрын зургийг баталсан. Юуг, яаж өөрчлөх вэ гэдэг ерөнхий зургаа гаргасан. Дүрмийн төсөлд нэлээд өөрчлөлт оруулах байсан. Гуравдугаар бүлэгт гишүүнчлэлийн бүртгэл анхан шатны үүрүүд дээр хийгддэг байсан бол одоо Төв намын ажил болж байгаа. Гишүүд анхан шатны үүрүүд дээр очиж цахимаар бүртгүүлээд, төв намаас батлахаа авна. 180 мянган гишүүнээ шинэчлэн цахимаар бүртгэх журам батлагдсан.

Гишүүний бүртгэлийг яагаад чухалчилж байгаа гэхээр улс төрийн намуудаас анх удаа АН намынхаа удирдлагуудыг нийт гишүүдээсээ сонгож байгаа. АН-ын хэн гэдэг гишүүн ямар хаяг дээр байдгийг нээлттэй зарлана. Нэгдүгээр сарын 29-нд намын даргын сонгууль явагдана. Цаашдаа дүүрэг, сум аймгийн сонгуулиуд үргэлжлэн явагдана. Үүнийг хоёрдугаар сарын 12-нд шийднэ” гэлээ.

Мэдээллийг өгсний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Ардчилсан намын даргад өрсөлдөх хүнд ямар шаардлага тавьж байгаа вэ?

-АН-ын даргад 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн, Ардчилсан намын гишүүн нэр дэвшинэ.

-Намын даргад нэр дэвшигчдэд тооны хязгаар тавих уу?

-Тоонд хязгаар тавихгүй. Одоо нэг шаттай сонгууль болно. Хэдэн ч хүн өрсөлдөж болно. Үүнээс хамгийн олон санал авсан хүн намын дарга болно.

-Н.Алтанхуягийг АТГ-аас шалгаж байгаа асуудалтай холбогдуулж АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс мэдэгдэл гаргасан. Тэгвэл Их хурлаас энэ асуудлыг юу гэж үзсэн бэ? 

-Хуулийн байгууллагын шалгаж байгаа асуудал хуулийн дагуу явах ёстой. Ерөнхий сайд байх үеийнх нь асуудал гэхээр хоёр жил гаруй хугацааны асуудал. Нэг хүнийг Ерөнхий сайд байхад нь эхэлсэн мөрдөн байцаалт одоо хүртэл дуусаагүй байна гэдэг баталгаатай, нотолгоотой юм байхгүй байна л гэсэн үг. Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэхээр нь нөгөө асуудал нь сэргээд ирдэг. Үүнийгээ зогсоо гэж Гүйцэтгэх зөвлөлөөс мэдэгдсэн.

-Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас дэмжихгүй бол өөр намаас нэр дэвших боломжтой юу?

-Энэ бол боломжгүй. Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх гурван нам байгаа. Нөгөө хоёр мэдээж дэвшүүлэх байх. АН нэр дэвшүүлэх эсэхээ Ерөнхийлөгчийн сонгууль болох хуулийн хугацаанаас өмнө Их хурлаараа шийднэ. Хэдэн ч хүн хүслээ илэрхийлж болно. Тэр болгоныг бид дотроо ил тод, шат шаттайгаар хэлэлцүүлэг явуулж, олонхын санал авсан хүнийг нэр дэвшүүлнэ.

-Намын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болохгүй гэсэн заалт дүрэмд оруулах эсэх асуудал яригдаж байсан?

-Тэрийг оруулсан байсан. Хасъя гэдэг санал нэг их гараагүйг бодоход тэр хэвээр нь баталсан байх. Ер нь бол цагаан сарын өмнө бид даргатай болно. Ерөнхийлөгчид нэр дэвших хүмүүс намын даргад өрсөлдөөгүй хүмүүс дундаас гарах болов уу гэж бодож байгаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.