Д.Эрдэнэбат: Намын даргаа нийт гишүүдээрээ сонгоно гэдэг фракцгүй болж буйн тод жишээ

Д.Эрдэнэбат: Намын даргаа нийт гишүүдээрээ сонгоно гэдэг фракцгүй болж буйн тод жишээ

АН-ын VI Их хурлаар хэлэлцэж байгаа асуудлаар Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбаттай цөөн хором ярилцлаа.

-Их хурлаас нэлээд их хүлээлт байсан. Гэтэл дүрэмд л нэмэлт, өөрчлөлт оруулах юм байна. Энэ тохиолдолд Их хурал зарлан хуралдуулсны хэрэг гарч байгаа юм уу?

-Их хурлаар өчигдөр /өн­гөрсөн мягмар гарагт/ намын даргын илтгэл, Шинэтгэлийн хөтөлбөрийг хэлэлцсэн. Өнөөдөр /өчигдөр/ АН-ын үндсэн дүрмийн өөрчлөлт хэлэлцэж байна. Үе шаттай ажиллана. Асуудлыг сэтгэлийн хөөрлөөр 1100 хүний хүрээнд алх цохиод шийдчих шиг амархан юм байхгүй. АН энэ Их хурлаар юуг их онцолж харж байна вэ гэвэл ирээдүйнхээ чиг хандлага, үзэл баримтлал, зохион байгуулалтыг яаж авч явах юм гэдэг нь  туйлын тулгамдсан асуудал учраас намын дотоод үзэл баримтлалын зохион байгуулалтын шинэчлэл бол үйл явц юм гэж харж байгаа.

Өнөөдрийн энэ хурлаар юуг шийдэж байна вэ гэвэл ирээдүйн хөгжлийн энэ чиг хандлага руугаа зөв үзэл баримтлалтай, зохион байгуулалттай орохын тулд хамгийн эхэнд юу хийх юм бэ гэдэг эхний алхамыг энэ их хурлаар ойлголцъё. Тийм учраас энэ удаагийн дүрмийн шинэчлэл зөвхөн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд явах нь зөв. Өөрөөр хэлбэл, АН нээлттэй нам болох хамгийн анхны алхамаа хийж байна. Тухайлбал,    намынхаа даргыг нийт гишүүдээсээ сонгож, намынхаа бүтэц зохион байгуулалтаа дахиад шинээр зохион байгуулъя гэж байгаа. Ер нь бол намын даргаа нийт гишүүдээрээ сонгоно гэдэг нь фракцигүй болж байгаагийн хамгийн тод жишээ юм. Өөрөөр хэлбэл, нийт гишүүдээсээ сонгогдсон намын дарга хэн нэгний нөлөөлөлд автахгүй байх бүрэн эрх нь хэрэгжих бололцоо нь үүснэ. Энэ хүрээнд намыг тогтвортой удирдах боломж нь цааш үүсээд явна.

-Намын даргын асуудал ярихгүй байна гээд бухимдаж байгаа гишүүд олон байх шиг байна?

-Манай гишүүдийн зарим нь бухимдаж байгааг буруутгахгүй. Бүх юмаа шийдээд гарчихъя гэж боддог, нуулгүй хэлэхэд өдөөдөг хэсэг ч бий. Тэр болгон руу бид алхахгүй. Одоо энэ Их хурлын дараа намын даргын марафон явж дуусаад шинэ намын дарга сонгогдсоны дараа шинэчлэлийнхээ процессыг, үзэл баримтлалынхаа шинэчлэлийг шинэ намын даргын манлайлал дор хийх ёстой. Энэ шинэ намын дарга яаж харагдах вэ гэхээр бүх намынхаа гишүүдийг төлөөлж байгаа болохоос биш аль нэгэн хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг хамгаалсан ийм шинэчлэл рүү авч орж болохгүй юм шүү гэдгийг л өнөөдөр бид хийгээд байгаа юм. Тийм учраас хаа, хаанаа зөв ойлгох ёстой.

-Фракцигүй болно гэж хэллээ. Чадах болов уу?

-Нэг хүнийг тойрсон эрх ашгийн нэгдэл битгий байгаасай. Үүн дээр манай намынхан бүгдээрээ санал нэгтэй, маргалдах юм байхгүй байгаа. Цаашдаа энэ нам дотор үзэл бодлынхоо бодлогыг хэрэгжүүлэхийн тулд хэсэг бүлгээрээ нэгдэх, тэрийгээ лоббидох энэ хэмжээний зүйл аль ч намд байдаг, ийм эрүүл байгаасай гэж бодож байна. Тиймээс дүрмийн нэмэлт өөрчлөлтөд орж байгаа нэг алхам нь шинээр байгуулагдах Үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/, дунд шатны намын хороодууд намын даргаас үл хамааралтай болно. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд ҮЗХ хуралдах бүрийд намын дарга ярьдаг байлаа. ҮЗХ нь намын даргыг огцруулах ч эрхтэй, томилох ч эрхтэй. Шинэ дүрмийн өөрчлөлтөөр нийт гишүүдээр сонгогдсон намын даргыг ҮЗХ-ны хуралдаанаар хэлэлцээд огцруулах тухай ярих эрхгүй болно. Шинээр сонгогдох ҮЗХ бодлогын асуудлаа л ярина. Үүгээрээ том алхам хийж байгаа юм.

-Их хурлыг өчигдөр /өн­гөр­сөн мягмар гарагт/ хаалттай горимд шилжүүлс­ний дараа танай намын зарим гишүүн “Ийм ардчиллын төлөө яваагүй, намаасаа гарлаа” гэдгээ мэдэгдсэн байсан. Яагаад АН гишүүдээ алдаад байна вэ?

-АН гишүүдээ алдаж байна гэж би үзэхгүй байгаа. 1210 гишүүнийг та бүхэн харж байгаа, энд Монголын жирийн иргэдийн төлөөллүүд бий. Би тэднээр бахархдаг. Энд зангиатай орж ирээд том, том ярьдаг хүн цөөхөн. Жирийн иргэдийг төлөөлсөн энэ гишүүд маань АН-ыг тарчаасай, бутарчаасай гэж бодож энд ирсэн гэж бодохгүй байна. Ер нь АН-ын гишүүд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсээр ирсэн, цаашдаа ч байна. Энэ асуудал дээр эмзэглэх юм байхгүй. Цаашдаа өөрсдийгөө аваад явах чадвартай байх ёстой гэдэг дээр л бид санал нэгдэх ёстой.

-ҮЗХ-ноос намын даргад хариуцлага тооцох хэрэггүй гэж үзсэн. Гэтэл Н.Алтанхуяг гишүүн Засгийн газраа унагасан хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй гээд байна. З.Энхболд дарга ирэх гуравдугаар сар хүртэл АН-ын дарга хэвээрээ байна гэсэн үг үү?

-Намын дарга огцорсноор, нэг хүн намаас гарснаар, нэг хүн нөгөөдөө хариуцлага хүлээлгэдэг байснаар асуудал шийддэг байсан бол маш олон зүйлийг шийдэх байлаа. Энэ бол бидний тулгамдсан асуудал биш юм байна гэдгээ хаа, хаанаа ойлгочихлоо. Тийм учраас бид бүх юмаа дүрмийнхээ шинэчлэлийн хүрээнд хийнэ. Бид урагшаа харж ажиллах ёстой. Өнгөрсөн амьдралд гарсан алдаа, дутагдлыг давтахгүйн тулд бид бүх юмаа цоо шинээр эрүүлээр харж, хамтын шийдвэрээ гаргах ёстой. Энэ бол бидний тулгамдсан асуудал. Өнөөдрийн VI Их хурал бол тулгамдсан асуудлын шийдлийн хамгийн эхнийхийг тавьж чадах бүрэн бололцоотой л гэж харж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.