АН-ын VI Их хуралын үеэр УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжингээс зарим зүйлийг тодруулллаа.
-Та намын дүрмийн төслийг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж, ажилласан гэсэн. Энэ удаагийн дүрмийн төсөлд шинэлэг ямар санаа тусгав?
-АН-ын дүрмийн төсөлд зургаан өөрчлөлтийн багана байгаа. Нэгдүгээрт, манай намыг эв нэгдэлгүй, өөр хоорондоо зөрчилддөг, энэ зөрчил нь намынхаа хил хязгаараас халиад улсын үйл хэрэг рүү орж ирдэг гэсэн шүүмжлэл дагадаг. Дотоод зөрчилдөөнөө зүй зохистой шийдвэрлэх чадварт АН суралцахгүйгээр нэгдмэл нэг зорилготой нам байж чадахгүй нь харагдаж байгаа. Дотроо эв нэгдэлтэй байна гэдэг буруу зөрүүг, нэг, нэгнийхээ муу муухайг хааж нуугаад өнгөрөх юм уу, эсвэл хэсэг бүлгийнхээ хүүхэлдэй төдий амаа хамхиад явна гэсэн үг биш. Намуудын эв нэгдэлтэй байдал гэдэг нь нэгдмэл байр суурийг хангах явдал. Ардчилал тулхтай хөгжсөн улс орнуудын улс төрийн намуудын нэгдмэл байдлыг хангадаг гуравхан үзүүлэлт бий. Нэгдүгээрт, нь маш тодорхой үзэл баримтлалтай, ямар үндэслэл зарчим дээр нэгдсэн юм бэ гэдгээ тодорхой болгож авдаг. Хоёрдугаарт, нь оролцоо, нээлттэй байдал, эрүүл саруул оюун ухаан, өрсөлдөх боломжтой эрүүл дүрэм. Тэр дүрмийнх нь дагуу шийдвэр гардаг. Энэ бол бодлого гэсэн үг. Өөрөөр хэлбэл, эдгээр зарчмууд дээрээ нэгдмэл байх тухай ярьдаг болохоос биш эрх мэдэл юм уу, албан тушаал тойрч, эсвэл тодорхой бүлэглэл, фракц, дарга тойрч, эсвэл эрх ашиг тойрч нэгдэхийг нэгдмэл байдал гэж ойлгохгүй байгаа. Тийм учраас Ардчилсан нам дүрмийн том шинэчлэл хийхээс өөр аргагүй. Дүрмийн том шинэчлэл хийнэ гэдэг нь гишүүдээ ротацид нээлттэй оролцуулах, Ардчилсан нам өөрөө үүд хаалгаа сайн нээж өгөхөөс гадна эрүүл саруул бодлогын өрсөлдөөн болдог, гишүүддээ тулсан нам болох ёстой юм байна.
-Таны сая хэлсэн үзэл санаанууд дүрэмд тусгагдаж чадсан уу?
-ҮЗХ-ноос гаргасан шийдвэрийн дагуу байгуулагдсан Дүрэм боловсруулах ажлын хэсэг дээр энэ намтай амьдралаа холбосон хүмүүсээс гадна залуу үе, дунд үе, ахмад үе гээд бүгдээрээ л оролцлоо. Энэ олон оролцоотой хүмүүсийн шаардаж байгаа үзэл санаа намын дүрэмд бүгдээрээ туссан.
-АН фракцгүй болно гээд байгаа. Таны харж байгаагаар фракцгүй болж чадах болов уу?
-АН фракцгүй нам болж чадвал сайн. Гэхдээ бодит амьдрал дээр фракцгүй болох төвөгтэй байхыг үгүйсгэхгүй. Эрх мэдэл тойрсон фракцаасаа ядаж бодлогын салаа мөчир болсон фракц болж хувирах нь Ардчилсан нам өөрөө урт хугацаанд зөв явах алхам болох юм.
-Даргын асуудлыг энэ удаагийн хурлаар ярихгүй юм уу?
-Даргын асуудлыг оруулаагүй. Учир нь энэ удаагийн хурлаар батлах дүрмээр намын даргыг нийт гишүүдээр сонгохоор төлөвлөж байгаа. Сунгаа байдлаар ирэх хоёрдугаар сарын 20 гэхэд сонгогдоно гэсэн төлөвтэй байна.
-Их хурлын гишүүд дүрэм гэхээсээ илүү даргын асуудалд ач холбогдол өгөөд байгаа юм шиг харагдаад байх юм?
-Гишүүд гурван зүйл дээр ач холбогдол өгч байгаа. Нэгдүгээрт, намын амьдралын 50 хувь бол дарга. Дарга өөрөө эрүүл саруул, тууштай, алсын хараатай, бодлогын хувьд цэгцтэй байх юм бол нам 50 хувийн асуудлаа шийдчихээд урагшаа алхдаг. Тийм учраас гишүүд дарга хэн болох бол, хэр зэрэг манлайлагч байх бол, асуудлыг хааш нь чирч явах бол, биднийг дараа дараагийн сонгууль болон улс орны хувь заяатай холбоотой том алхмууд дээр намыг нэгдмэл байдлаар тууштайгаар хүчтэй болгон авч явж чадах уу, үгүй юу гэдэг дээр бүгд санаа зовж байгаа. Гэхдээ дарга хэчнээн сайн байлаа гээд орчин үед олон хүний нэгдэл бүхий ийм институци бол дүрэм ямар байна, зохион байгуулалт ямар байна, дүрмээ сахиж чаддаг уу гэдгээр хэмжигддэг. Хоёрт нь, намын дүрмийн өөрчлөлтийг маш их сонирхож байна. Бидэнд ямар боломж олгож байгаа юм, намын гишүүдэд тэгш боломж олгож чадаж байна уу. Нэр дэвших, сонгуульд оролцох, өөрсдийн санаа бодлоо илэрхийлэх, намын дотоод амьдралд оролцох боломж ямар байна вэ гэдэг дээр хүн болгон дээр шүүмжлэх шүүмж байгаа. Тэр бүгдийгээ шийдэх арга замуудыг зөв олж чадаж байна уу. Дундын үнэт зүйлүүдээ дахин тодотгож Ардчилсан нам, Ардчилсан нам шигээ байх хүсэл эрмэлзэл зоригийг бадраах нь уу үгүй юу гэдэг дээр их анхаарал тавьж байна. Гуравдугаарт, намын алдаа дутагдал, сая гарсан ялагдлын үндэс суурийг арилгахын тулд хариуцлагаа яаж тооцох уу, энэ удаагийн үзэгдэл гэхээс илүүтэй Ардчилсан нам өөрөө дотоод ардчилалтай, хариуцлагатай нам болж хувирахын тулд хариуцлагын механизмуудаа яаж шийдэж чадах юм бэ гэдэг дээр нэлээн анхаарч байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.