АН-ын ҮЗХ-ны хурлын үеэр Сангийн сайд асан Б.Болортой цөөн хором ярилцлаа.
-Өнөөдрийн /өчигдөр/ хурлаар ямар асуудал ярилцаж байна. Намын даргыг хэрхэн сонгох талаар ярилцаж байгаа юу?
-АН-ын ҮЗХ-ны бүрэлдэхүүнд залуучууд, эмэгтэйчүүдийн квотыг нэлээд нэмж өгч хурлаа хийж байна гэж харж байна. Энэ удаад намын даргын сунгаан зарлах юм байна.
Намын даргын сунгаанд оролцох нэр дэвшигчид сунгаанд оролцохдоо үзэл баримтлал нь ямар байх, намаа хэрхэн удирдах эсэх гээд мөрийн хөтөлбөрөө танилцуулж явах гэнэ. Улмаар хамтдаа зүтгэх багаа ил тод зарлах юм байна гэж ойлголоо. Өөрөөр хэлбэл, намын даргад нэр дэвшиж байгаа хүн ерөнхий нарийн бичгийн болон дэд дарга нь хэн байх юм гээд хүмүүсийнхээ нэрсийг зарлана гэсэн үг. АН-ынхан дотроо фракциуд нь хуйвалддаг гэдэг яриа яваад байдаг.
Тэгвэл энэхүү ярианаас гарахын тулд намын даргын сунгаанд явахдаа багаа ил болгоод, явах нь зөв гэж үзэж байгааг би хувьдаа дэмжиж байна. Учир нь сунгаанд явж ирсний дараа нөгөө хор найруулалт буюу хэн нь нарийн бичгийн дарга болох, хэн нь дэд дарга болох вэ гэдэг зүйл явагдана. Гэтэл анх сунгаанд явахдаа буюу нийт гишүүдээсээ саналаа авахдаа багаа зарлачихаад явах нь зөв юм гэдэг санаа явж байна. Үүнийг би зөв санаа л гэж харж байна.
-Их хурлаараа дүрмийн шинэчлэлээ батлаж, намаа шинэчилнэ гээд байгаа. Таны хувьд АН-ын шинэчлэлийг юу гэж харж байгаа вэ?
-Намын шинэчлэл гэдэг бол зүгээр хэдхэн хүнийг солиод болчихдог юм биш. Нэгдүгээрт, нам өөрийн үзэл баримтлал, бодлого гэдэг зүйлдээ үнэнч байх ёстой. Үүнийг л бид хийх ёстой. АН гэдэг бол МАН-аас ийм, ийм юмаар ялгардаг юм гэдгээ л харуулж, тодруулж өгөх ёстой. Өнөөдөр бид чөлөөт зах зээлийн эдийн засаг гэж яриад байгаа боловч намууд ялгарахгүй байна. Манай нам ч ялгаагүй МАН-тай адилхан халамж ярьсан. Тэгвэл яг энэ байдлаараа Монгол Улс хөгжихгүй.
Тэгвэл АН-ын өөрийн үзэл баримтлал ямар байх ёстой юм гэхээр бизнес, хувийн хэвшлүүдийг дэмжсэн зүйлүүддээ үнэнч байх л хэрэгтэй. Чөлөөт зах зээлийн эдийн засаг гэж юу байдаг юм түүнийг л дэмжих хэрэгтэй 1990-ээд онд манай ах нар анх хувьсгал хийсэн гэж ярьдаг шүү дээ. Тэгвэл үүндээ л үнэнч байх ёстой.
Тэгэхгүй бол өнөөдөр ямар зүйл харагдаад байна вэ гэхээр манай нам ч, ардын нам ч дандаа хувийн хэвшил рүүгээ дайрч байгаа. Төрд ажилладаг л бол хүн. Хувьд ажилладаг бол хулгайч гэсэн сэтгэхүйгээр хандаж буй. Тухайлбал, хувийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүдийг харааж байна. Тиймээс энэ бүх зүйлээ л болих хэрэгтэй. Тэгвэл энэ асуудлыг АН л болиулна. Яагаад гэхээр МАН маань арай өөр үндсэн чиглэлтэй нам.
-“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн худалдан авалтад таныг нэлээд үүрэгтэй оролцсон гээд байх юм. Гэтэл та одоог болтол хэвлэл мэдээллээр хэр барагтай байр сууриа илэрхийлэхгүй юм?
-Эрүүлээр бодоод үзэхэд Эрдэнэтийн 49 хувийн худалдан авалтад би оролцоно гэж байхгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, ОХУ 49 хувиа худалдаж байхад Монгол Улсын Засгийн газар оролцоно гэж байхгүй.
Монгол Улсын Засгийн газар 49 хувийг худалдан авах саналаасаа л татгалзсан. Үүнийг бол би одоо ч зөв шийдвэр гэж үзэж байгаа. Учир нь Монгол Улс Эрдэнэтийн 51 хувийг эзэмшдэг. Нэмээд 49 хувийг эзэмшсэнээрээ Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь эзэмших нөхцөл байдал үүснэ. Хэрвээ ингэвэл улстөрчдийн саалийн үнээ л болно гэсэн үг. Сүүлийн 10 гаруй жил саалийн үнээ байсаар ирсэн. Бүр аль ч нам нь Засаг барьж байсан ийм байсаар ирсэн. Та бүхэн захирлуудыг нь харж байгаа байх.
Захирлаар нь үеийн үед дандаа улстөрч очдог. Улс төрийн томилгоогоор очсон хүмүүс улс төрийнхөө хүчний төлөө л ажилладаг. Тэгвэл 49 хувийг Засгийн газар аваагүй гэдэг нь энэ зүйлийг л зогсоох юм. Өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажил доголдоод, асуудал гараад байгаа зүйл байхгүй шүү дээ. Харин ч нөгөө шахаа энэ тэр гэсэн асуудал нь зогсож байгаа байх. Ажил хэрэг нь хэвийн сайн явж байна гэдгийг Ерөнхий сайд очиж танилцаад үзээд ирсэн.
Энгийн жишээ хэлэхэд өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” 2-3-хан дэд захиралтай ажиллаж байна. Гэтэл өмнө нь 7-8 дэд захиралтай нэлээд өргөн хэмжээний удирдлагын багтай байлаа. Бүр зэсийн үнэ 10 мянга болж байхад зардлаа долоон мянга болгочихсон явж байсан ч үе бий. Улс төр гэдэг зүйлээ “Эрдэнэт үйлдвэр”-рүүгээ оруулаад, тэр нь ард түмэнд таалагдахгүй байна. Тиймээс ч ард түмний нэр барьж яриад байгаа асуудал үүсээд байна. Ер нь хамгийн хялбараар ярихад ОХУ өөрийн эзэмшлийн 49 хувиа худалдсан л асуудал шүү дээ.
-Засгийн газар эрхээсээ татгалзахдаа асуудлаа яагаад УИХ-аар оруулаагүй юм бэ. Ерөнхий сайд цаг хугацааны хайч гэх зүйлийг яриад байх юм?
-Тухайн үед УИХ тарчихсан байсан. Үүнийг л Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хэлсэн байх гэж бодож байна. Би тэгж яриагүй учир мэдэхгүй байна. Миний хувьд худалдан авалт болсоны дараа шуурхай арга хэмжээ авах шаардлагатай байсан. Учир нь “Эрдэнэт үйлдвэр” эзэнгүй болох эрсдэл үүсчихсэн байсан. Худалдан авалт явагдаж дууссаны дараа л оросууд Эрдэнэтийг хаяад яваад өгсөн. Тиймээс тэр завсарын үед буюу сонгууль болоод Засаг байгуулагдаагүй байх үед мэдээж томоохон хэмжээний худалдан авалт хийгдчихвэл яах байсан юм.
Энэ мэт олон асуудал байсан. Тиймээс ч Монголын компани 49 хувийг нь худалдан авснаар ТУЗ-өө яаралтай байгуул, дүрэм, журмаа Монгол Улсын хуульд нийцүүл гэдэг шийдвэрийг гаргаж байсан. Учир нь үйлдвэрийн дүрэм өмнө нь олон улсын гэрээгээр зохицуулагддаг байсан. Компанийн засаглалын хувьд урьд нь “Эрдэнэт үйлдвэр” –ийн ТУЗ нь зургаан хүний бүрэлдэхүүнтэй, даргаа ээлжилж хийгээд л явдаг байсан.
Тиймээс би ялгаа байхгүй зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр ТУЗ-ийг байгуулах шийдвэр гаргасан. Сүүлийн хэдэн жил дандаа олонхи талаасаа ТУЗ-ийн дарга байсан учир энэ удаад ТУЗ-ийн дарга цөөнхөөсөө байх нь илүү хяналттай байна гэж үзсэн. Нэг зүйлийг нэмээд хэлэхэд, ТУЗ-ийн дарга цөөнхөөсөө байдаг жишиг дэлхий нийтийн жишиг. Дэлхийн маш том олон улсын компаниуд ТУЗ-ийн дарга дандаа цөөнхөөсөө тавигдаж, хяналтаа тавьдаг тогтолцоо үйлчилдэг.
Ер нь төр хяналтгүй болно гэж байхгүй. Төр Эрдэнэтийн 51 хувийг эзэмшиж байгаа тохиолдолд бүх шатандаа хянах бүрэн боломжтой. Тухайлбал, татварын шалгалт оруулаад хянаж болно. Дээр нь мэргэжлийн хяналт, орон нутгийн засаг захиргаагаараа дамжуулаад хянах ч боломж бий. Тэгэхээр төрийн хяналтгүй боллоо гэдэг бол зүгээр нэг улс төрийн зүйл яваад байгаа юм.
Би бол компанийн засаглал ийм байх нь зөв гэж л шийдсэн хэрэг. Би Сангийн сайд хийж байхдаа төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн дарга нар болж өгвөл хараат бус эсвэл цөөнхөөсөө байх ёстой гэдэг зарчмыг барьж ажиллаж байсан. Ингэснээрээ тухайн компаниудыг улс төрийн нөлөөнөөс гаргаж байсан юм.
-Сөрөг хүчнийхэн АН-ыг өнгөрсөн дөрвөн жил хамгийн их зээл авсан гэдэг. Гэхдээ одоо өөрсдөө нэлээд олон зээл хөөцөлдөж байгаа сурагтай. Энэ асуудлыг Сангийн сайд хийж байсан хүний хувиар юу гэж харж байгаа вэ?
-Ер нь зах зээлийн эдийн засгийн тогтолцоогоор хөгжиж байгаа улсын хувьд зээл авах бол буруу зүйл биш. Харин авсан зээлээ зөв зүйлд л зарцуулах хэрэгтэй. Би бол эдийн засагч хүний хувьд зээл авах, бонд гаргах зэрэг зүйлүүдийг буруутгахгүй. Ер нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хийж байгаа ажил болоод бодлогыг шүүмжлэх боломж алга.
Цаг хугацааны хувьд ч тэр, энэ засаг ажилдаа ороод хагас жил ч болоогүй байна. Харин миний бодож байгаа зүйл бол энэ Засаг их зоригтой алхам хийж, гаргах ёстой шийдвэрүүдээ гаргаасай л гэж хүсч байгаа. Тогтчихсон жижиг хайрцаг дотроосоо гарч ажиллаасай л гэсэн хүсэлтэй байна. Ерөхий сайд Ж.Эрдэнэбат ямар нэгэн улс төрийн шахаанд орохгүй. Өөрийнхөөрөө зоригтой шийдвэрүүдийг гаргаж ажиллах зайлшгүй шаардлага байна.
Тэгээд ч МАН-ыг Монголын ард түмэн сонгочихоод байна шүү дээ. Нөхдүүд анх сонгуулиар гарч ирэхдээ бид чадна, бид хийгээд өгнө, алаад өгнө гэсэн. Тиймээс одоо олон юм ярилгүй ажлаа хийх л ёстой. Чадна гэж л гарч ирсэн. Гэтэл одоо гэнэт “Өө ийм байсан юм байна. Тийм байсан юм байна” гээд байж болохгүй. Түрүүчийн Засгийн үед хамтарсан Засгийн газар ч байсан. Нөхцөл байдал ерөнхийдөө ямар байсан бэ гэдгийг бүгд л мэдэж байгаа.
-МАН-ынхан Засаг аваад л харсан чинь яамдаас нь эхлээд бүх данс нь улайчихсан байсан гэсэн. Сангийн сайд байсан хүний хувьд нэг тайлбар хийгээч?
-Тийм зүйл байхгүй. Төсвийн гүйцэтгэл гэдэг зүйл чинь хуваарийн дагуу явдаг. Үүнийг МАН-ынхан бүгд л мэдэж байгаа. Төсвийн гүйцэтгэл оны эхэнд баталсан хуваарийн дагуу л явж байсан. Тэр хуваарийг нааш, цааш нь болгочихсон юм байхгүй. Ер нь энэ мэтээр улс төрийнхөө янз бүрийн мэдэгдлүүдээс болж, эдийн засгаа хохироодог байдлаа одоо болох хэрэгтэй.
Улстөрчид чинь бүгдээрээ ард түмэн гэж их ярих дуртай. Тэгсэн хэрнээ дандаа ард түмнийхээ эсрэг популизм хийснээрээ шийдвэр гаргаад байна. Энэ өөрөө маш их хор хөнөөлтэй. Тиймээс популистуудыг дагаж намирдаг байдлаа л болих хэрэгтэй. Хэрвээ дагаж намираад л байх юм бол эд чинь улам томроод л байна. Харин наана нь иргэдийн амьдрал сайжрахгүй улам муудаад л байна гэсэн үг.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.