Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль өнгөрсөн есдүгээр сараас хэрэгжих ёстой байсан. Гэвч хууль бүхлээрээ хэрэгжих боломжгүй гэж үзэн Засгийн газар хуулиа эргүүлэн татсан. Харин энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дахин өргөн барьсан. Тэгвэл өнөөдөр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгийг хийхээр Хууль зүйн байнгын хорооны хуралдаан яг одоо эхэлж байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 6 бүлэг 47 зүйлтэй бөгөөд зарчмын шинжтэй хэд хэдэн өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд тусгагдсан аж. Тухайлбал, хуулийн үйлчлэх хүрээг өргөтгөж гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүнээс гадна хамтран амьдрагч, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү, мөн салсан эхнэр, нөхөр, өмнө нь хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдраагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй хүн энэ хуулийн зохицуулалтад хамаарагдахаар тусгагдсан.
Гэр бүлийн хүчирхийллийг зөвхөн зөрчлийн хэмжээнд авч үзэж байсныг өөрчилж, гэмт хэрэгт тооцож ял шийтгэх зохицуулалтыг бий болгосон. Энэ нь хүчирхийллийг гэмт хэрэгт тооцох нь даамжирахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаас гадна хүчирхийлэл үйлдэгч ямар ч тохиолдолд хариуцлага хүлээх боломжийг бүрдүүлсэн. Мөн гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцсноор хохирогч нь Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан хамгаалалтад давхар багтах боломж бүрдэх юм байна.
Уг хуулийн төсөл батлагдснаар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг эрт илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах төрийн байгууллагын бүтэц, төрийн байгууллага, албан тушаалтнуудын оролцоо, гүйцэтгэх үүрэг, эрх хэмжээ, тэдгээрийн үйл ажиллагааны уялдаа холбоог нарийвчлан зохицуулахтай холбогдсон эрх зүйн орчин боловсронгуй болох юм.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.