С.Даваасүрэн: Санхүүгийн зах зээлийн тоглогчдын тоо өндөр хөгжилтэй орны төвшнөөс давсан

С.Даваасүрэн: Санхүүгийн зах зээлийн тоглогчдын тоо өндөр хөгжилтэй орны төвшнөөс давсан
УИХ-ын гишүүд төсөв батлагдсанаас хойш ажилдаа ирэхгүй байнгын хороо, чуулган хуралдах гэж ирц бүрдэхгүй цаг алддаг “мода” дэлгэрлээ. Тухайлбал, өчигдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцож байгаа гишүүдийн ирц 50 хувьд хүрэхгүй болж, хурлын үйл ажиллагаа хэсэг хугацаанд тасалдаад авлаа.
 
Улмаар  байнгын хорооны даргад хандан “УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар ирж явна, карт хийгээд ирцэнд оруулчих гэж хэллээ” гээд картыг нь хийснээр хурал хэвийн үргэлжилсэн юм. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалган, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж, шийдвэрлэлээ. Санал хураах шатанд Хөшигийн хөндийд баригдаж буй олон улсын нисэх онгоцны буудлыг даган бий болох хотын ерөнхий төлөвлөлтийг боловсруулж, хэрэгжүүлж эхлэх,  Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд цомхон чадварлаг байх бүтцийг бүрдүүлэх зэрэг ажлын хэсгээс гаргасан саналууд дэмжлэг хүлээлээ.
 
Мөн УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Г.Занданшатар нар тогтоолын төслийн хавсралтын хүрэх үр дүнг Моодсын зээлийн зэрэглэлийг хоёр төвшнөөр ахиулж, олон улсын байгууллагуудаас гаргадаг зээлжих зэрэглэл, хөрөнгө оруулалт татах индекс, бизнес эрхлэх чадварын индекс, өрсөлдөх чадварын индексийг сайжруулах гэсэн санал, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн Атрын гуравдугаар аяныг үргэлжлүүлж, хэрэгжүүлэх гэсэн санал гишүүдээс тус бүр дэжлэг хүлээлээ. Харин УИХ-ын гишүүн Х.Болорчулууны Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрт багтсан Гачууртын орд төслийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг унагая гэсэн санал нь гишүүдээс олонхийн дэмжлэг хүлээлгүй унасан юм. Гишүүдийн зүгээс нийт 37 горимын санал гаргажээ. Үүнээс уг хөтөлбөрийн нэрийг өөрчилж, эдийн засгийг сэргээх хөтөлбөр болгох санал дэмжигдлээ. Мөн уг хөтөлбөрийг жилд хоёр удаа тайлагнаж байхаар болов.
...Эрдэнэтэд 10 архины үйлдвэр байсан, нэг үйлдвэрт зөвхөн 200 хүн ажилладаг байсан. Гэтэл татварыг нь 100 сая болгосноос нэг нь ч ажиллах боломжгүй болгосон. Энэ бол хэдхэн том банк бус санхүүгийн байгууллагад л боломж олгоод байна” гэдгийг тодруулсан юм. Харин Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн “Дүрмийн санг нэмэгдүүлэх шийдвэр гаргахдаа тоцоо, судалгааг хийсэн. Эрсдлийн шинжилгээнээс эхлээд бүгдийг хийж үзсэний үндсэн дээр гаргасан. Өрхийн орлого буурч байгаа...
Үүний дараа “Монголын хөрөнгийн зах зээлийн байдал, цаашдын чиг хандлага” сэдвээр Санхүүгийн зохицуулах хорооны даргын мэдээлэл” сонслоо. Санхүүгийн зах зээлийн хорооноос хийсэн мэдээллээр үнэт цаасны зах зээлд Засгийн газрын үнэт цаас 94 хувийг эзэлж байна. Монгол Улсад хөрөнгийн зах зээл анх өмч хувьчлалтай холбоотойгоор үүсэн байгуулагдсан, гэвч одоог хүртэл сонгодог утгаараа хөгжиж чадахгүй байна. Банк бус санхүүгийн байгууллагын тоо 509-д хүрсэн ч ажлын байр бий болгох талд учир дутагдалтай төдийгүй чанаргүй зээлийн хэмжээ өнгөрсөн жилийнхээс огцом өсчээ.
 
Иймээс эрсдлийг бууруулах зорилгоор банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн санг 2.5 тэрбум төгрөгөөр тогтоож өгсөн аж. Харин хадгаламж зээлийн хоршоод 276-д хүрсэн, хөрөнгө нь 108 тэрбумд хүрчээ. Даатгалын компаниудын хувьд хөгжиж буй орнуудаас зургаа дахин бага байна.Мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Яагаад 800 саяар дүрмийн сан байгуулаад банк бус санхүүгийн байгууллага ажиллуулж болохгүй байна вэ. Яагаад 2.5 тэрбум болгож нэмэгдүүлэх болов.  Судалгаанд үндэслэж хийсэн үү. Ард түмний амьдралыг мэдэж хийж чадсан юм уу.
 
Эрдэнэтэд 10 архины үйлдвэр байсан, нэг үйлдвэрт зөвхөн 200 хүн ажилладаг байсан. Гэтэл татварыг нь 100 сая болгосноос нэг нь ч ажиллах боломжгүй болгосон. Энэ бол хэдхэн том банк бус санхүүгийн байгууллагад л боломж олгоод байна” гэдгийг тодруулсан юм. Харин Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн “Дүрмийн санг нэмэгдүүлэх шийдвэр гаргахдаа тоцоо, судалгааг хийсэн. Эрсдлийн шинжилгээнээс эхлээд бүгдийг хийж үзсэний үндсэн дээр гаргасан. Өрхийн орлого буурч байгаа. Төлбөрийн чадвар муудаж байгаа үүнийг дагаад чанаргүй зээлийн хувь хэмжээ ихсэж байгаа. Олгосон зээлийнх нь тавны нэг нь чанаргүй зээл болж хувирч байна. Дүрмийн санг 2.5 тэрбум болгоход мөн ажлын байр бий болох нь илүү, 5-6 хүн ажлын байртай болно. Өрсөлдөх чадвар сайжирна” гэлээ. Үүний хариуд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “2.5 тэрбумаар хэн ч банк бус санхүүгийн байгууллага байгуулж чадахгүй, юу гэж нэг хүн банк бус санхүүгийн байгууллага ажиллуулах юм.
 
Битгий худлаа яриад бай. Нягтлангаас эхлээд хэд, хэдэн хүн ажилладаг. Дүрмийн санг нэмэгдүүлснээр ажлын байр нэмэгдэнэ гэдэг бол бодитой тайлбар биш. Бодитой зээл гарахгүй байна, энийг л ярьж байна шүү дээ. Шийдвэрээ эргэж харах юм уу” гэв. Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн “Санал нэг байна, гэхдээ санхүүгийн зах зээл дээр тоглож байгаа тоглогчдын тоо хангалттай хэмжээнд хүрсэн, өндөр хөгжилтэй орны төвшнөөс давсан. Гол нь эрсдэл өндөр болсон учраас санхүүгийн зах зээлийг хамгаалах зорилгоор авсан арга хэмжээ юм” хэмээн тайлбарлав. 
Уг асуудлын дараа тус байгын хороогоор Төрийн банкны
үйл ажиллагаа, хувьчлах бэлтгэл ажлын явц, байдлын талаархи мэдээлэл сонсох юм. Дугаар шилжих мөчид Төрийн банкны асуудлыг хэлэлцэж эхлээгүй байсан юм. 
Монгол нэг ч улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хийж байгаагүй гэв
 
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар гадаадад албан томилолттой байгаа тул УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хуралдааныг даргасан юм. 
 
Монгол Улс Дэлхийн худал­даа­ны байгууллагын олон талт худал­дааны хэлэлцээрийн “Гарал үүслийн дүрмийн тухай хэлэлцээр”-т 1994 онд нэгдэн, улмаар 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагад “Тариф худалдааны ерөнхий хэлэлцээр”-т гишүүнээр элсэж орсон байна. Засгийн газрын 2016 оны есдүгээр сарын 14-ний өдрийн 46 дугаар хуралдаанаас 2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хойшлуулан, Дэлхийн худалдааны байгууллагын тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрт гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийг нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах талаар чиглэл өгсөн юм байна.
 
Энэхүү хуулийн төсөлд хөнгөлөлттэй тариф хэрэглэх улсын жагсаалтад орсон боловч Монгол Улсын олон улсын гэрээ, эсвэл нотлох баримт бичиггүй бараанд нэн тааламжтай тариф хэрэглэх, барааны гарал үүслийг нотлох баримт бичигтэй холбоотой зохицуулалт болон барааны гарал үүслийн гэрчилгээ заавал шаардагдах барааны жагсаалтыг Засгийн газар батлах зохицуулалтыг тус тус нэмж тусгаж өгчээ. 
 
Уг хуулийн төсөл нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хэлэлцээр, Гаалийн хууль болон бусад хуультай нийцэж байгаа бөгөөд улсын төсөвт ямар нэг хүндрэл үзүүлэхгүй гэдгийг Байнгын хорооны хуралдаанд төсөл санаачлагчийн илтгэлийг танилцуулсан Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил онцоллоо. Хэлэлцүүлгийн шатанд, УИХ-ын гишүүн Х.Баделхан “Олон жилийн өмнө Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болчихоод өнөөдөр хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах, шаардлагатай байгаа юм уу.
 
Хөнгөлөлттэй тарифын жагсаалтад хэчнээн орон багтаж, ямар хөнгөлөлт эдэлж байна вэ” хэмээн тодруулсан. Харин Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “Монгол Улс Япон улсын хооронд эдийн засгийн түншлэл, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан. Хэлэлцээр байгуулсан болохоор Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудын баримталдаг хөнгөлөлтийн тарифыг мөрдөх ёстой. Монгол Улс өмнө нь нэг ч улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хийж байгаагүй болохоор холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагагүй байсан юм.
 
Өнөөдөр Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан учраас хөнгөлөлтийн тарифыг мөрдлөг болгохгүй бол тус улсаас оруулж ирж байгаа худалдаанд 10 хувийн татвар ногдох асуудал үүсээд байгаа. Тиймээс энэхүү хуулийн төслийг өргөн барьж, худалдааны татварыг тэглэх буюу эсвэл таван хувь болгох шаардлагатай байна” гэсэн хариултыг өгсөн юм. Уг хуулийн төслийн талаар үг хэлэх, саналтай гишүүн байгаагүй учир Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ. 
 
С.Бямбацогт: Хуулийн төслүүдийг давхардалгүй, уялдаа холбоотой боловсруулах нь чухал 
 
Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн төслийг хэлэлцлээ. Энэхүү үндсэн чиглэл батлагдснаар Засгийн газраас 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажил­ла­гаа­ны хөтөлбөрт тусга­сан зорил­тыг биелүүлэх, хууль санаач­лагч­даас санаачлах хууль тог­тоом­жийн төслүүд дав­хар­дал­гүй, тодор­хой цаг хуга­цаанд төлөв­лөгдөн, өөр хоорондоо уялдаа холбоотой боловсруулагдах боломжтой болохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хурлын эхэнд онцолсон юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд дараах асуултад хариулт авч, санал хэлсэн юм. УИХ-ын гишүүн Н.Учрал “Өнөөдөр хэрэглэгдэж байгаа 600 гаруй хуулиас хөрсөн дээр буугаад хэрэгжиж байгаа нь нэг ч алга. Олон хууль бие биенээ үгүйсгээд байна.
 
Үндсэн хуулийн өөрчлөлт оруулах хэрэгтэй байна гэв. Харин УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Үндсэн хуулийн өөрчлөлтийг 2017 оны үндсэн чиглэлд оруулаад хэлэлцэх нь зүйтэй. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор бүх ард түмнээсээ асууж байгаад өөрчлөх хэрэгтэй. Төрийн албаны тухай хуулийг ч мөн өөрчлөх шаардлагатай байна. Хөгжлийн банктай холбоотой 160 тогтоол гарсан байна. Засгийн газар нь хууль зөрчдөггүй болоход мөн анхаарах хэрэгтэй” гэлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Улс орон дампуурч байна.
 
Энэ үед Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах асуудлыг ард түмнээрээ шийдүүлээд ер нь өөрчлөлт оруулаад явах хэрэгтэй. С.Бямбацогт сайдаа, зоригтой, тууштайгаар хямралыг давах онцгой арга хэмжээ авч, Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй” хэмээв. Ингээд гишүүдийн олонхийн саналаар буюу 84.6 хувийн саналаар тус төслийг дэмжиж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон юм.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.