УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар өчигдрийн Засгийн газар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, дэмжсэн Элчин сайд нарыг томилох асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцлээ.
Энэ үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилох ажилтнуудыг сонгохдоо дипломат болон төрийн албанд олон жил идэвх санаачилга, үр бүтээлтэй ажилласан, мэргэшсэн, мэргэжлийн ур чадвар сайтай, удирдах ажлын дадлага туршлагатай, гадаад хэлний өндөр мэдлэгтэй байхаас гадна тухайн орноо сайн мэддэг, түүх соёл уламжлалыг нь судалсан, тухайн улсын хэлийг сайтар эзэмшсэн байх зэрэг нөхцөл байдлыг сайтар судалж, нэрийг нь дэвшүүлсэн” хэмээсэн юм.
Ингээд санал хураалт эхэлж, хүн тус бүр дээр санал хураалаа. Тодруулбал:
1. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дашийн Билэгдоржийг 96.8 хувийн саналаар,
2. Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Зоригтын Чинтүшигийг 98.0 хувийн саналаар,
3. Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ганхуурайн Баттунгалагийг 97.0 хувийн саналаар,
4. Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Равдангийн Болдыг 96.8 хувийн саналаар,
5. Бельгийн Вант Улсад суух бөгөөд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Одын Очийг 98.0 хувийн саналаар,
6. Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямаагийн Наранбат 100 хувийн саналаар,
7. Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дашжамцын Батсайханыг 98.0 хувийн саналаар,
8. Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Мэндсайханы Энхсайханыг 96.8 хувийн саналаар,
9. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Санжаагийн Баярыг 96.8 хувийн саналаар,
10. Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсангийн Баттулгыг 98.0 хувийн саналаар дэмжиж, Элчин сайдаар томиллоо.
Шинээр томилогдсон Элчин сайд нартай танилц
Бүгд найрамдах социалист Вьетнам улсад суух Элчин сайдаар томилогдох Дашийн Билэгдорж нь:
Москвагийн Олон улсын харилцаааны дээд сургууль (МОУХДС)-ийг төгссөн, вьетнам судлалаар мэргэшсэн. Вьетнам, орос, англи хэлтэй. 1991 онд ГХЯ-ны Гэрээ эрх, түүх архивын хэлтсээс ажлын гараагаа эхэлсэн. Ханой дахь ЭСЯ-нд атташе, гурав, хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, Элчин зөвлөх, Анкара дахь ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр ажиллаж байсан мэргэжлийн дипломатч юм.
Кувейт Улсад суух Элчин сайдаар томилогдох Зоригтын Чинтүшиг нь:
ХБНГУ-ын Чөлөөт их сургууль, АБНЕУ-ын Америк их сургуулийн араб хэлний ангийг төгссөн. Араб, герман, орос, англи хэлтэй. 2008 онд ГХЯ-ны Америк, Ойрхи дорнод, Африкийн газраас ажлын гараагаа эхэлсэн. Москва дахь ЭСЯ-нд атташе, Кайр дахь ЭСЯ-нд атташе, 2012-2014 онд Америк, Африкийн газрын дэд захирал, 2015 оноос Москва дахь ЭСЯ-нд зөвлөхөөр ажиллаж байгаа мэргэжлийн дипломатч юм. З.Чинтүшиг нь Кувейт Улсад Монгол Улсыг төлөөлөн суух араб хэлтэй анхны Элчин сайд болох юм.
Бүгд Найрамдах Австри Улсад суух Элчин сайдаар томилогдох Ганхуурайн Баттунгалаг нь:
МОУХДС-ийг төгссөн. Англи, орос, франц хэлтэй. 1996 онд ГХЯ-ны Ёслолын хэлтсээс ажлын гараагаа эхэлсэн. Нью-Йорк дахь БТГ-т атташе, гуравдугаар нарийн бичгийн дарга, Байнгын төлөөлөгчийн орлогч, 2015 оноос Олон талт хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байгаа олон талт харилцааны чиглэлээр мэргэшсэн мэргэжлийн дипломатч юм.
Бүгд Найрамдах Турк Улсад суух Элчин сайдаар томилогдох Равдангийн Болд нь:
ЦЕС, ЗХУ-ын Цэргийн дипломатын академи төгссөн. Орос, англи хэлтэй. 1977 онд Ардын армиас ажлын гараагаа эхэлсэн. ГЯЯ-нд бэлтгэл ажилтан, Токио дахь ЭСЯ-нд атташе, Монгол Улсаас АНУ, Австрали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан гадаад харилцааны салбарт ажилласан туршлагатай.
Бельгийн Вант Улсад суух Элчин сайдаар томилогдох Одын Оч нь:
МОУХДС, Япон Улсын Кюүшү их сургууль төгссөн. Англи, орос, франц хэлтэй. 1991 онд ГХЯ-ны Гэрээ эрх, түүх архивын хэлтсээс ажлын гараагаа эхэлсэн. Брюссель дэх ЭСЯ-нд атташе, НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газрын Бүсийн төлөөлөгчийн газрын Монгол дахь салбарын ажилтан, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан мэргэжлийн дипломатч юм.
Бүгд Найрамдах Чех Улсад суух Элчин сайдаар томилогдох Нямаагийн Наранбат нь:
ХУИС-ийн чех хэлний ангийг төгссөн. Унаган чех хэлтэй. Англи, орос хэлний мэдлэгтэй. 2000 онд ГХЯ-ны Ази, Африк газраас ажлын гараагаа эхэлсэн. Сингапур дахь Ерөнхий консулын газарт консул, ЭСЯ болон өөрчлөн зохион байгуулагдахад нэгдүгээр нарийн бичгийн дарга, 2016 оноос Ази, Номхон далайн орнуудын газрын захирлаар ажиллаж байгаа мэргэжлийн дипломатч юм.
Бүгд Найрамдах Болгар Улсад суух Элчин сайдаар томилогдох Дашжамцын Батсайхан нь:
МОУХДС-ийн болгар хэлний ангийг төгссөн. Болгар, англи, орос хэлтэй. 1989 оноос Улаанбаатар дахь БНБУ-ын ЭСЯ-д орчуулагчаар ажлын гараагаа эхэлсэн. Софи дахь ЭСЯ-нд атташе, нэгдүгээр нарийн бичгийн дарга, Анкара дахь ЭСЯ-нд зөвлөх, Эль-Кувейт дахь ЭСЯ-нд зөвлөх, 2016 оноос Европын газрын дэд захирлаар ажиллаж байгаа мэргэжлийн дипломатч юм.
Шведийн Вант Улсад суух Элчин сайдаар томилогдох Мэндсайханы Энхсайхан нь:
Киев хотын Улсын их сургууль төгссөн. Орос, англи хэлтэй. 1978 оноос Гадаад худалдааны яам, эдийн засгийн болон судалгааны байгууллагуудад удирдах ажил эрхэлж байсан бөгөөд Монгол Улсын Бага, Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сайд, Шадар сайд, Ерөнхий сайд зэрэг хариуцлагатай албан тушаал хашиж байсан туршлагатай.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Элчин сайдаар томилогдох Санжаагийн Баяр нь:
Москвагийн их сургуулийг төгссөн. Орос, англи хэлтэй. Батлан хамгаалах болон хэвлэл мэдээллийн салбарт удирдах албан тушаал хашиж байсан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монгол Улсын Бага, Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд зэрэг хариуцлагатай албан тушаал хашиж байсан. Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан туршлагатай.
Бүгд Найрамдах Казакстан Улсад суух Элчин сайдаар томилогдох Лувсангийн Баттулга нь:
Будапештын эдийн засгийн их сургуулийг төгссөн. Орос, англи, унгар хэлтэй. 1978 онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооноос ажлын гараагаа эхэлсэн. Унгар Улсад суугаа ЭСЯ-нд худалдаа, эдийн засгийн зөвлөх, Москва дахь ЭСЯ-нд Элчин зөвлөх, Вашингтон дахь ЭСЯ-нд зөвлөх бөгөөд консулын хэлтсийн даргаар ажиллаж байсан гадаад харилцааны салбарт олон жил ажиллаж байсан туршлагатай, мэргэжлийн дипломатч аж.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.