П.Ганхүү: Төвийн бүсийн 128 мянган өрх цахилгааны хөнгөлөлтөд хамрагдана

П.Ганхүү: Төвийн бүсийн 128 мянган өрх цахилгааны хөнгөлөлтөд хамрагдана

Энэ жил нэлээд хатуухан өвөл болно гэдгийг албаны хүмүүс хэлж буй.Тиймээс өвлийн бэлтгэл ажил болоод бусад асуудлын талаар Эрчим хүчний сайд П.Ганхүүтэй ярилцлаа.

-Монгол Улс эрчим хүч экспортлох асар их нөөцтэй гэдэг. Тиймээс ч эрчим хүчээ экспортолдог болох талаар яриад байгаа. Гэтэл ирэх онд эрчим хүчний салбарт хамгийн бага төсөв хуваарилагдсан байх юм?

-Монгол Улсын Засгийн газар байгуулагдсан цагаасаа хойш үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг УИХ-аараа батлуулсан. Үйл ажиллагааны хөтөлбөр буюу дөрвөн жил хийх ажлын төлөвлөгөөнд томоохон хэмжээний цөөн тооны төслийг хэрэгуүүлэхийг зорьж байгаа. Учир нь их олон төсөл яриад, түүнээсээ нэгийг нь ч хэрэгжүүлэхгүй явж ирсэн нь өөрөө эрчим хүчний хэрэглээний өнөөдрийн хүндрэлтэй нөхцөл байдалд хүргэсэн. Тиймээс бид тодорхой цөөн тооны төслийг хэрэгжүүлэхээр болсон.

-Тодорхой цөөн тооны төсөл гэлээ. Тухайлбал ямар төсөл багтсан юм бэ?

-Засгийн газар 100 хоногийнхоо хүрээнд шийд­вэ­рээ гаргаад байна. Улаанбаатар хот хамгийн хүйтэн хотуудын тоонд багтдаг. Мэдээж хамгийн гол асуудал бол айл өрхүүдийн дулааны асуудал орж байгаа. Тиймээс өнөөгийн байгаа төвлөрсөн дулаан хангамжийн системийг шийдэх нь чухал байх нь ойлгомжтой. Энэ хүрээнд Улаанбаатар хотод дулааны гуравдугаар цахилгаан станцийг өргөтгөлийг хийхээр болсон. Энэ нь цаг хугацааны, дулааны тооцооллын, байршлын хувьд ч хамгийн оновчтой байж болох хувилбар гэдгийг салбарын эрдэмтэн судлаачид, инженер техникийн ажилтнууд тогтоочихсон байгаа.

-Ирэх жил гадны хөрөнгө оруулалтыг татах хэр боломж байгаа вэ. Төсөв лав тийм ч хүрэлцээтэй биш бололтой?

-Өнгөрсөн хугацаанд харьцангуй бодлого тодорхой болоод байна. Өөрөөр хэлбэл, 40-50 төсөл эрчим хүчний салбарт хэрэгжүүлнэ хэмээн зарлаагүй. Харин тодорхой төслүүдээ тодорхой хугацаанд хэрэгжүүлнэ. Бидний бодлого ийм байна гэдгээ гаргаад тавьчихсан. Тэгэхээр энэ байдал нь гадны хөрөнгө оруулагчдад бодит мэдээлэл болж очиж байгаа. Өөрөөр хэлбэл, дэс дараалалтай хийгдэх ажлын төлөвлөгөөг харж болно гэсэн үг. Тэгэхгүй болохоор маш олон төсөл байж байдаг. Тэднээс аль төсөлд нь хөрөнгө оруулахаар Засгийн газар нь дэмжих юм гээд төөрөгдөл бий болдог. Тиймээс ч хөрөнгө оруулагчдийг ийнхүү төөрөгдүүлэхгүй байхад манай Засгийн газар онцгой анхаарч байгаа.

-Сонгуульт жил байсан учир өвөлжилтийн бэлтгэл ажил нэлээд орой эхэлсэн байх. Өвлийн бэлтгэлийг бүрэн хангаж чадав уу?

-Энэ жил өвөлжилтийн бэлтгэл ажил графикт хугацаанаас бага зэрэг хоцорсон. Учир нь УИХ болоод орон нутгийн сонгуультай жил байсантай шууд холбоотой. Түүнчлэн АСЕМ-ын бэлтгэл ажилтай холбоотойгоор шугам, сүлжээний засварын ажлыг тодорхой хугацаанд хойшлуулсан.

Ийнхүү өвөлжилтийн бэлтгэл ажил оройтсон учир эрчимжүүлсэн төлөвлөгөө гаргасан. Улмаар бэлтгэл ажлаа бүрэн хангаж чадсан. Хүндрэлтэй зүйл гэвэл нүүрсний асуудал байсан. Ялангуяа “Багануур”-ын уурхай өнгөрсөн наймдугаар сарын төгсгөлд өвөлжилтийн бэлтгэл ажил 45 хувьтай байсан. Ийнхүү төвийн бүсийн III, IV станцуудын эрчим хүчний дийлэнх хувийг хангадаг уурхай өвөлжилтийн бэлтгэл тааруу байгаа нь хамгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэсэн.

Тиймээс ч Засгийн газрын зүгээс яаралтай арга хэмжээ авч, төсвийн зээл олгоод, машин, тоног төхөөрөмжийн засварын асуудлыг нь шийдэж өгсөн. Өөрөөр хэлбэл, түлшний компаниудад “Шивээ овоо”, “Багануур”-ын уурхай нийтдээ 12 тэрбум орчим төгрөгийн өр хуримтлагдчихсан байсан. Өрийн асуудлаас болоод эдгээр уурхайнуудад түлш өгөхөө зогсоочихсон байсан.

Түлшгүй учир уурхайнууд хөрс хуулалтаа хийж чадахгүй хүндхэн байдалд орсон. Уг нь бэлэн байх нүүрсний хэмжээ нийтдээ 450 орчим мянган тонн байж өвлийг бид давдаг. Гэтэл өнгөрсөн наймдугаар сарын сүүлийн байдлаар бэлэн нүүрсний хэмжээ дөнгөж 180 мянган тонн байсан. Хэрвээ энэ байдлаараа байсан бол өвлийг хүндрэлгүйгээр давах ямар ч боломжгүй байсан гэсэн үг. Харин Засгийн газар зээлийн асуудлыг шийдэж өгсөнөөр бэлэн байх нүүрсний хэмжээ одоо 300 орчим мянган тонн руу төхөж байна.

Тиймээс энэ өвөл нүүрсний асуудал үүсэхгүй байх. Энэ өвлийн өөр нэг хүндрэлтэй зүйл нь дулааны шугам сүлжээний асуудал байна. Учир нь насжилт нь хэтэрчихсэн дулааны шугам сүлжээ манайд маш олон байна. Ялангуяа таван шарын урд байгаа 8Б, 8В зэрэг үндсэн магистраль шугамын насжилт 30-аас дээш жил болчихсон байгаа. Тиймээс ч хангаралт, цооролт ихтэй байна. Өнгөрсөн жил ч нэлээд олон шугамын цооролт гарч асуудал үүсч байж өвлийг давсан. Энэ жил ч ийм нөхцөл байдал үүснэ.

-Эдгээр шугамуудыг зас­вар­лах, шинэчлэх санхүү ирэх жилийн төсөв суусан уу?

-Ирэх жилийн төсөвт хам­гийн хүнд байгаа нэг шугамыг шинэчлэн санхүүжилт тус­гагд­сан. Өөрөөр хэлбэл, шугамын засвар үйлчилгээнд таван тэр­бум орчим төгрөг тавигд­сан. Энэ өвөл бид хэрэглэгчдийн дулаан цахилгааныг аль болох хязгаарлахгүй байх хэмжээнд нэлээд өндөр бэлтгэлтэй ажиллаж байгаа.  

-“Шивээ овоо” болон “Бага­нуур”-ын уурхайд нийт­дээ хэчнээн төгрөгийн төс­вийн зээл олгосон юм бэ. Хэ­зээ төлж дуусгах учиртай вэ?

-Эдгээр уурхайнуудад нийтдээ 20 тэрбум төгрөгийн хүүгүй төсвийн зээл олгосон. Зээлийг энэ ондоо буцаан төлөх ёстой.

-Эгийн голын усан цахилгаан станцын төслийн хувь тавилан хэрхэх бол оо?

-Эгийн голын цахилгаан станцын хувьд Монгол Улсын эрчим хүчний системд горим тохиргоогоор хийх ая холбогдол бүхий станц. Станцын асуудал хоёр улсын төвшинд яригдаж байгаа. Өөрөөр хэлбэл, ОХУ-тай байгаль экологид ямар сөрөг нөлөө үзүүлэх эсэх асуудлаар хамтарсан ажлын хэсэг гараад судалгаа хийж байна. Ажлын хэсгийн дүгнэлтийн дараа хөрөнгө оруулалтын асуудал яригдаад явна.

-Цахилгааны хөнгөлөлтийг хэрхэн олгох вэ. Өнгөрсөн жил Улаанбаатар хотын хэмжээнд гэхэд зөвхөн Гандангийн дэмжийнхэн хөнгөлөтөд хамрагдаж байсан шүү дээ?

-Засгийн газар байгуулагдсан цагаасаа хойш эрчим хүчний салбарт ард иргэддээ чиглэсэн гол ажлын нэг нь гэр хорооллын эрчим хүчний үнийн тарифын хөнгөлөлт юм. Энэ хүрээнд Улаанбаатар хот болон бусад томоохон сум, суурин, хотуудыг гэр хорооллолд амьдарч байгаа айд өрхүүдийн цахилгааны төлбөрийг шөнийн 21:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл шөнийн тарифыг 50 хувь хөнгөлж байгаа. Өөрөөр хэлбэл, 77 төгрөгийг 38 төгрөг 50 мөнгө болгоод бууруулчихна гэсэн үг. Хөнгөлөлт эдлэх шөнийн 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хугацаанд иргэд халаалт болоод бусад цахилгаан хэрэгсэл ашиглаад хөнгөлөлт эдлэх боломжийг олгож байгаа юм. Сүүлийн жилүүдэд цахилгаанаар халдаг жижиг оврын халаалтын хэрэгслүүд олон болсон. Тиймээс шөнө заавал түүхий нүүрс түлж, гэрээ дулаацуулна гэхгүйгээр цахилгаанаар асуудлаа шийдэх боломжтой юм. Олон айл өрх дулааны асуудлаа цахилгаанаар шийдэж чадвал Улаанбаатар хотын болоод бусад сум, суурин газрын агаарын бохирдолд эерэг нөлөө үзүүлэх арга хэмжээ гэж харж байгаа. Агаарын бохирдлын ачааллыг салбар өөр дээрээ авч байгаа гэсэн үг. Энэ хүрээнд таван тэрбум төгрөгийн хөнгөлөлтийн асуудлыг Засгийн газар хариуцаж байгаа юм.

-Цахилгааны хөнгөлөлтөд өдөр, шөнийн тарифтай тоолууртай айл өрхүүд хамрагдах байх. Энэ жил цахилгааны хөнгөлөлт хэчнээн өрхийг хамарч байгаа вэ?

-Цахилгааны хөнгөлөлтөд хамруулах ажил жил бүр цаашаа үргэлжлээд явах юм. Нэг талаас цахилгаан түгээх сүлжээ компаниудын зүгээс хэрэглэгчиддээ тарифтай тоолууртай болгох чиглэлээр бид дэмжлэг үзүүлж, ажиллана. Нөгөө талаас энэ нь өөрөө түүхий нүүрсний хэрэглээг багасгах, өрхийн төсөвт зардалд нь эерэг нөлөөтэй учир айлууд хоёр тарифтай тоолуур тавиулах сонирхол нэмэгдэж байгаа. Ийнхүү хоёр талаас ашиг сонирхол нь нэгдхээрээ нэлээд өргөн хүрээг хамарсан арга хэмжээ болж чадаж байна. Энэ жил нийтдээ төвийн бүсийн 128 мянган өрхийг хамарсан хөнгөлөлтийн арга хэмжээ явагдаж байгаа.  

-Агаарын бохирдол үнэхээр гамшгийн хэмжээнд хүрээнд байна. Тиймээс эрчим хүчний салбараас цахилгааны үнийн хөнгөлөлтөөс гадна ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Агаарын бохирдлыг буу­руу­лах чиглийн ажлыг цахилгааны үнэ тарифын зохицуулалттай уялдуулж шийдэх учиртай гэж үзэж байгаа. Ер нь цаашдаа газ буюу хийгээр орон сууцны халаалт, дулааны асуудлыг шийдэх нь зүйтэй гэж харж байгаа. Энэ чиглэлээр олон ажил хийж, нүүрсний хэрэглээг багасгаж, жижиг оврын хийн их үүсвэрүүдийг бий болгох зэрэг ажил хийгдэж байж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд доривтой алхам болно гэж харж байгаа. Бидний эрх мэдлийн хүрээнд хоёр асуудал бий. Нэгдүгээрт, цахилгааны тариф, хоёрдугаарт, хийн түлшний асуудал байгаа. Хийн түлшний судалгаа хийгдэж байгаа. ямар ч байсан Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд энэ чиглэлийн тодорхой ажил хийгдэх төлөвлөгөө бий.
 

-Сүүлийн үед төрийн өмчийг хувьчлах асуудал нэлээд яригдах боллоо. Цахилгаан станцуудын хувьд өмч хувьчлалын үнэлгээ хэрхэн хийгдэж байгаа бол?

-Станцуудын хувьчлалын асуудал мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй. Ер нь эх үүсвэр, дамжуулах сүлжээ бол төрийн өмчид байна гэсэн бодлогын чиглэл байгаа. Энэ нь эх үүсвэрээ хувьчлахгүй, дамжуулах сүлжээ буюу өндөр хүчин чадлын шугам сүлжээгээ хувьчлахгүй гэсэн үг. Харин ирэх жил орон нутгийн “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хувьчлалын асуудал яригдаад, жагсаалтад ороод явж байгаа. Ер нь ойрын үед цахилгаан станцуудыг хувьчлах асуудал яригдахгүй гэж ойлгож болно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.