У.Хүрэлсүх: Багш нар бол оюун санааны тусгаар тогтнолын баталгаа юм

У.Хүрэлсүх: Багш нар бол оюун санааны тусгаар тогтнолын баталгаа юм

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх их сургуулиудын  эрдэмтэн багш, ажилтан, судлаачдын төлөөлөлтэй уулзлаа.

Улс орны хөгжил дэвшлийн үндэс, хувь хүний хөгжил, сайн сайхан амьдралын суурь болсон боловсролын салбарт хүчин зүтгэж, оюутан залуусыг сурган хүмүүжүүлж байгаа үе үеийн эрдэмтэн багш, ажилтнуудад Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Сургалт, судалгаа, инновацыг хөгжүүлж, мэдлэг боловсрол, ур чадвар, ёс суртахуунтай иргэдийг бэлтгэн, нийгэм, эдийн засгийн хөгжилд улам их  хувь нэмэр оруулахыг хүсэн ерөөлөө.

Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш хийсэн ажил, тэр дундаа боловсролын салбарт гаргасан санаачилга, үзүүлсэн дэмжлэг болон үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

Ерөнхийлөгч “Сайн багшаас чадвартай шавь төрж, чадвартай иргэнээс улсын хөгжил хамаардаг учир багшийн үлгэр дуурайл, зөв хандлага, ур чадвар, ёс зүй хамгаас чухал” гэлээ.

Багш нар бол оюун санааны тусгаар тогтнолын баталгаа гэдгийг хэллээ.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд гадаадын 21 улсын их, дээд сургуульд 1,055 оюутан суралцаж байгаа. Анхны төгсөгчид эх орондоо ирж нийслэл, орон нутагтаа ажиллаж байна.

2022 онд Япон Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр тохиролцсоны дагуу “Япон-Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-т хамрагдах орон нутгийн 1,000 оюутны эхний 100 нь суралцаж байгаа юм.

Цаашид чанартай сургалт, судалгаа инновацыг эрчимтэй хөгжүүлж, олон улсын түвшний их сургуулиудыг төлөвшүүлэх ёстой гэж Боловсролын сайд Л.Энх-Амгалан хэллээ.

Олон их сургуультай бус, дэлхийд өрсөлдөх чадвартай байх, олон хөтөлбөртэй бус, чанартай хөтөлбөртэй байх, олон төгсөгчтэй бус, ажлын байрыг бүтээгч, шинэ мэдлэгийг бүтээгч төгсөгчидтэй байх ёстой гэж үзэж байна.

Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийн санаачилга, ивээл дор боловсролын салбарынхан, түүний дотор нийт багш, түүхийн багш нар Их хурал, улсын зөвлөгөөнөө хийн, ололт амжилт, тулгамдсан асуудлуудаа хэлэлцэн, цаашдын бодлого, зорилтоо тодорхойлсон юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шинэ анагаах ухааны их сургуулийн Эм зүйн сургуулийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Энэбишийн Ганболд, Улаанбаатар эрдэм их сургуулийн Эрдэм шинжилгээ, ахисан түвшний сургалт хариуцсан дэд захирал, доктор, профессор Бавуудоржийн Даваасүрэн, Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, дэд профессор Цэрэнжавын Алтанцэцэг нарт Гавьяат багш цол хүртээлээ.

Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медиалаар шагналаа.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ