Ардчилсан намын “алаан” ширүүсч эхэллээ

Ардчилсан намын “алаан” ширүүсч эхэллээ

2016 оны сонгуулийн өмнө ялна гэдэгтээ итгэлтэй байсан Ардчилсан намынхан жинхэнэ утгаараа далаараа тавиулсан. Сон­гуу­лийн дүн гарахад, АН-ын­хан цус харвах дөхсөн байх. Өн­гөр­сөн дөрвөн жилд тэд бо­лом­жийн ажилласан. Хийсэн, бү­тээ­сэн. Гэхдээ ард түмэн сон­гуу­­лиар тэдэнд дүн тавьж, тө­рийн жолоог атгаж чадахгүй гэж дүг­нэ­сэн. Гол нь АН-ынхны эв түн­­жин­гүй байдал, эвдрэлцэл, тол­хил­цол ард түмэнд таалагд­сан­гүй. Фракциудынхаа “дайн”-ыг Ардчилал гэдэг үгээр халх­лах гэж оролдсон санаа нь ч бүтээгүй.

Ингээд л “цэвэр шидүүлэх”-гүй юу. Сонгуулийн дараагаас АН-ынхан дээр доргүй шинэчлэл ярьсан. Намаа шинэчлэх хэрэгтэй, шинэчлэлийг ингэж хийнэ, тэгж хийх учиртай гээд л сайхан сайхан яриад л. Тэгсэн мөртлөө Үндэсний зөвлөлдөх хорооныхоо хурлыг ч хийж чадахгүй өнөөдрийг хүрсэн.

Гурван ч удаа хуралдах тов гаргасан ч ядаж цуглаж чадсангүй. Цуглаагүй шалтгаанаа зарим нэг хүмүүсийн хүсэл сонирхолтой холбон тайлбарлаж байв. Сүүлдээ орон нутгийн сонгуулийн өмнө ҮЗХ хуралдах нь буруу гэж үзээд больсон гэсэн мэдээлэл өгөөд л сураггүй болсон. Энэ хугацаанд намын даргын төлөөх “тулаан”-д оролцох “дайчид” ч нэмэгдэж байв. Харин ойрноос нам доторх “алаан” улам ширүүсч эхэллээ.

АН Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаа энэ сарын 16-нд хийхээр товлоод байгаа. Энэ удаад бол арай ч хойшуулахгүй байх. Харин түүнээс өмнө янз бүрийн л асуудал өрнөж байна. Мэдээж намын даргын төлөө цөөнгүй хэдэн хүн өрсөлдөж байгаа. Одоогоор намын даргын үүргийг гүйцэтгэж буй УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан, Боловсролын сайд асан Л.Гантөмөр, Г.Батхүү гээд олон хүний нэр хөвөрч байна. Намын даргын марафонд оролцохоо илэрхийлсэн хүмүүсээс гадна дуугүйхэн санаархагчид ч дүүрэн байгаа. ҮЗХ-ны хурлын үеэр хэн нь ч, юу ч гэж яриад, бусдыгаа шүүмжлээд гараад ирж магадгүй.

Наанаа баахан шинэчлэл ярьж байгаа ч цаагуураа зөвхөн намын даргын төлөөх алалцаан яваад байна. Тэд өнгөрсөн дөрвөн жилд олонхи болж, төр барьсан. Тэгэхдээ эрх мэдлээ булаацалдаж, сайдынхаа суудлыг фракциуддаа хувааж өгөх гэж ядсаар л өнгөрөөсөн. Засгийн газраа унагаасан. Үүнээсээ болоод л өнөөдөр ихэнх нь саарал ордноос “жийгдсэн”. Гэтэл одоо намын даргын суудлын төлөө лидер гэж болохоор бүх гишүүд нь тэмцэлдэж эхэллээ.

Ард түмэн, ардчиллыг дэмжигчид АН-аас намын дарга хүлээгээгүй, харин шинэчлэл хүлээж байгаа. Гэтэл тэр шинэчлэл яг хийгдэх үү. Энэ байдлаараа бол үгүй л болов уу. Ядаж байхад тэд зарим хүмүүсээрээ оролдож эхэллээ. Эрх барьж байхдаа л Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаасан. Дараа нь түүний эргэн тойрон дахь хүмүүсийг “намнаж” эхэлсэн. Одоо ч энэ байдал үргэлжилж байна. Түүний эхнэрийг гадаад руу нисэх гэж байхад нь онгоц зогсоон байж баривчилсан гэсэн мэдээлэл гарсан.

Мөн эхнэрийнх нь данс руу их хэмжээний мөнгө орсон гэж ч мэдээлээд байгаа. Гэтэл өчигдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшихээ зарлалаа. Зарим хүмүүс түүнийг ирэх долоо хоногт баривчлан шалгах гэж байсан учраас ийм мэдэгдэл хийлээ гэж ч бичиж л байна. Мэдээж АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх өндөр магадлалтай хүнээр нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл яригдаж байгаа.

Цаашлаад мэр сэр хүмүүсийн нэр ч дуулдаж буй. Тэгэхээр намын даргын төлөөх “алалцаан”-ы хажуугаар ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуулийн марафон ч өрнөж эхлэв бололтой. Эхний “дажин” дөнгөж өрнөж эхэлж байхад дараагийнх нь залгаад ороод ирлээ. Нөгөө шинэчлэл бас хаана байна. Яах вэ, зарим нэг гишүүд нь байгуулсан фракциа татан буулгаж, бусаддаа үлгэр үзүүлсэн. Гэхдээ тэр хэрээр бусад нь дагаад фракциа татан буулгаад, нэг эрх ашгийн төлөө зүтгэх үү, үгүй юу, бас л эргэлзээтэй.

Цаашид энэ мэтээр намын даргын төлөө болоод Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ зарлах хэдэн ч хүн нэмэгдэж магадгүй. Ер нь бол намын даргын төлөөх өрсөлдөөний хамгийн гол хүн нь Д.Эрдэнэбат гэгдэж байгаа. “Алтан гадас”, “Шонхор”, “МҮДН” гэсэн фракциас Д.Эрдэнэбатыг зүтгүүлж байгаа гэсэн жиг жуг байгаа. Тэгвэл нөгөө талд МҮАН, МоАХ-ноос Г.Батхүүг зүтгүүлэх юм гэсэн.

За тэр бусад нөхдүүд нь бол ерөнхийдөө жижиг өрсөлдөгчид. Л.Гантөмөр бол надад фракцийн дэмжлэг хэрэггүй гэж даналзсан. Хамгийн гол нь Д.Эрдэнэбат намын дарга болбол Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Алтанхуяг нэр дэвших боломжтой болох гаргалгаа байна. Тиймдээ ч тэрбээр өчигдөр Ерөнхийлөгчид нэр дэвшихээ зарласан байх. Учир нь Д.Эрдэнэбат орон нутгийн сонгуульд намаа авч орсон.

Тэгээд ч УИХ-ын сонгуультай зүйрлэхээргүй олон суудал орон нутагт авчихаад байгаа. Энэ утгаараа тэр дарга болох магадлал өндөр байж болох юм. Ямар ч байсан даргын төлөөх өрсөлдөөн иймэрхүү маягаар л үргэлжилж байна.   Дээрээс нь 2016 оны сонгуулиар УИХ-д хэдхэн суудал авсан. Дөнгөж л бүлэг байгуулах хэмжээнд. Тэгээд бүлэг байгууллаа ч эрх баригчдын шийдвэрт ямар ч нөлөөгүй. Чуулганд оролцож, жаахан юм ярих л эрхтэй хэдэн гишүүнтэй байгаа. Гэтэл эхнээсээ зарим нэг хүнээ намаас хөөх асуудал хүртэл яриад эхэллээ.

Тэр нь Ж.Батзандан. Өөрөө болохоор “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудал дээр Ц.Нямдорж гишүүнтэй адилхан байр суурь баримталлаа гээд намаас хөөх гэлээ гэсэн тайлбар өгсөн. Мань хүн “Эрдэнэт”-ийн 49 хувийг шалгах ажлын хэсэгт орох хүсэлтээ өгсөн юм билээ. Түүний тайлбартай холбоотойгоор АН-аас мэдэгдэл гаргасан. Сүүлдээ Ж.Батзандан гишүүний асуудал Баянзүрх дүүрэгтэй холбогдож эхэллээ. Одоохондоо АН арай ч түүнийг намаасаа хөөчихөөгүй. Харин Баянзүрх дүүргийн АН-ын хорооноос   түүнийг хөөсөн юм байх.

Мань хүн Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Д.Пүрэвдаваагийн эсрэг ажиллаж, унагасан бололтой юм. Тэр шөргөлцөөн нь одоо хүртэл яваад, энэ хэмжээнд хүрчихээд байгаа юм уу даа, янз нь. Энэ асуудал цаашид ч хурцдаж, мань хүн намаасаа гарахгүй л бол яах вэ.  АН-д нэг иймэрхүү алаан болоод байна даа. Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг хэдэн гишүүнээ нэг тийш нь харуулж, яриад байгаа шинэчлэлээ жинхэнэ утгаар нь хийхгүй, ердөө л намын даргын төлөө, Ерөнхийлөгчийн сонгуульд хэн өрсөлдөхөд ач холбогдол өгч “дайтаад” байвал ч...

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.