Т.Аюурсайхан: 10 тэрбумын ашигтай ажилладаг “Монгол шуудан”-г 20 тэрбум төгрөгөөр хувьчлах гээд байна

Т.Аюурсайхан: 10 тэрбумын ашигтай ажилладаг “Монгол шуудан”-г 20 тэрбум төгрөгөөр хувьчлах гээд байна

2017 оны төсвийн тухай хуульд ирэх онд орлого нэмэгдүүлэх чиглэлд хийгдэх хэд хэдэн ажлууд тусгагдсан байсан. Үүн дотор  “Монгол шуудан” ТӨХК-ийг 20 тэрбум, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийг 30 тэрбум төгрөгөөр хувьчлахаар тооцон, өмч хувьчлалын орлогыг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх асуудал тусгагдсан. Энэхүү хувьчлалыг талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаас тодрууллаа.

-“Монгол шуудан” ТӨХК-ийн хувьчлах үнэлгээ хэр бодитой болсон гэж харж байгаа вэ?

-Уг нь шуудангийн салбарыг төр өөрөө эзэмшиж байх ёстой. Яагаад гэвэл төрийн нууцтай холбоотой мэдээлэл шуудангаар дамждаг.Шуудангаар дамжиж иргэн болон аж ахуйн нэгжийн аюулгүй байдалд халдсан жишээ гадаадын улс орнуудад гарч байна. Эдгээрийг харгалзаж үзээд 51 хувь нь төрд, үлдсэн хувийг нь хувьчилж болох юм гэсэн байр суурьтай байгаа.

Тэгээд ч 34 хувийг нь IPO гаргаад 6.1 тэрбумаар борлуулчихсан, тэр 6.1 тэрбум нь дансанд нь байгаа. Дээр нь таван тэрбум төгрөөр үнэлэгдэх марк байна. Марк гэдэг бол төгрөгтэй ижил хэмжээнд бодогддог үнэт зүйл. Гэтэл энэ байгууллагыг 20 тэрбум төгрөгөөр хувьчилна гэж байна. Ялангуяа өмнө нь 34 хувийг нь 6.1 тэрбумаар хувьчилж авсан хүмүүс эргээд төрийн мэдлийг хувьцааг авах юм бол 34 хувиа үнэгүй авсан болох нь.

Үнэлгээ нь бодитой хийгдээгүй гэж бодож байна. Энэ байгууллага 10 тэрбумын ашигтай ажилладаг. Үүний зургаа орчим тэрбум нь цалин хөлс, зардалдаа явдаг байх. Дээр нь Төв шуудангийн барилгын 40 хувийг эзэмшдэг, 330 суман барилга байгууламжтай, 130 автомашинтай, дансандаа 6.1 тэрбум төгрөг нь бэлэн байж байна. Энэ бүхнийг тооцохоор үнэлгээг зөв хийсэн гэж бодох ямар ч аргагүй.

-Ашигтай ажиллаж байгаа компанийг яагаад хувьчлах гээд байгаа юм бол?

-Ер нь төрийн өмчит үйлдвэрийн газрууд 100 хувь ашигтай ажиллах боломжтой. Ашигтай ажиллаж байгаагийнх нь үр өгөөжийг дээшлүүлж, алдагдалтай ажиллаж байгааг нь ашигтай ажиллуулах хэрэгтэй. Тэгэхийн тулд нэн яаралтай төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлуудтай ашигтай ажиллах гэрээ байгуулах хэрэгтэй.

Хэрэв алдагдал хүлээвэл өмчөөрөө хариуцна, албан тушаалаараа хариуцлага хүлээнэ гэдэг заалт дээр гарын үсэг зуруулбал энэ ажлыг хийе гэсэн хүмүүс маш олон байгаа. Хамгийн гол нь өмч хөрөнгийг шамшигдуулах, улсын хөрөнгөөр тоглох, үнэгүйдүүлж байгаад хувьчлах зорилготой хүмүүс тэнд ажилладаг болохоор алдагдалтай ажиллах явдал гаргасаар байгаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.