Б.Энхбаяр: Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн ярьсан зүйлд хандаж нэг л зүйл хэлье

Б.Энхбаяр: Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн ярьсан зүйлд хандаж нэг л зүйл хэлье

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нь NTV телевиз-ийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг "Бодь" группээс 1.3 сая ам.долларын хандив авсан байж болзошгүй хэмээн мэдэгдсэн.

Улмаар уг асуудлыг Авлигатай тэмцэх газарт шалгуулах хүсэлт гаргана гэдгээ илэрхийлсэн бөгөөд өнөөдөр (2026.03.23) албан ёсоор хүсэлтээ хүргүүлсэн юм.

Түүний мэдэгдэлтэй холбогдуулан ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, ХЗДХ-ийн сайд асан Д.Мөнх-Эрдэнэ нар тайлбар хийлээ.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнэ намайг мөнгө авахыг харсан гэрчүүд байгаа гэсэн. Тэр хүмүүс нь одоо өөрсдөө гарч ирээд ярих хэрэгтэй. Бас хоёр цагийн бичлэг байгаа гэсэн. Тэгвэл түүнийгээ бүтнээр нь шууд цац л даа. Юуг нь хүлээгээд байгаа юм.

Надад хэлэх үг ч олдохгүй байна. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн ярьсан зүйлд хандаж нэг л зүйл хэлье. Энэ хүн болон холбогдох бүлэглэлтэй холбоотой олон асуудлыг хууль хяналтын байгууллага идэвхтэй шалгаж байгаа.

Өнөөдөр хүртэл ‘14 давхрыг дээрэмдүүлсэн’ гэх иргэн өөрөө гарч ирж, олон нийтэд мэдээлэл өгсөн. Тухайн иргэнийг гэрчийн хамгаалалтад авна. Хэргүүд нь тогтоогдож эхлэхээр өөрсдийгөө хамгаалах зорилгоор худал мэдээлэл тарааж байна. Эрүүгийн хуульд гүтгэх заалт байхгүй болсныг илт ашиглаж байна. Т.Аюурсайхан одоо ярих хэрэгтэй, удахгүй Б.Ганхуяг гарна. Энэ хоёр нөхөр ярих хэрэгтэй.

Мөн намайг Арцатын аманд хаус авсан гэнэ. Гэтэл нүүрсний хулгайчид тэнд амьдардаг гэдгийг би анх гаргаж тавьсан шүү дээ. Намайг одоо тэд нартай адилхан болгох гээд зүтгээд байх шиг байна. Би энэ хүнийг эрүүл биш байх гэж бодож байгаа. Сэтгэцийн хувьд хуваагдмал шинж чанартай. Энэ хүн өөрийнхөө авсан авлигыг яриад байгаа юм биш биз дээ. Тэр зургаан ширхэг оффтейк гэрээний дөрвийг нь өөрөө хийсэн хүн. Зориуд намайг ийм байдалд оруулж байна. Би Л.Оюун-Эрдэнэтэй халз мэтгэлцэхэд бэлэн байна.

ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-Эрдэнийн ярьсан бүх юм гүтгэлэг. Энэ хүн шударгаар ажиллаж байгаа хүмүүсийг замаасаа зайлуулах бүх ажлыг ингэж хийдэг юм байна.

Удахгүй нотлох баримтууд гараад ирнэ, үнэн худал нь ил болчихно. Ямар ч асуудал байхгүй. Намайг “Бодь” компанид ажилласан гэж хүртэл гүтгэлээ.

Энэ хүмүүстэй холбоотой маш олон хэрэг АТГ-т шалгагдаж байгаа. Улсын хил дээр 66 га газар ашиглах зөвшөөрөл шууд өгсөн, оффтек гэрээнүүд, зар сурталчилгаа нэрээр хувийн компанидаа мөнгө авсан гээд нууцын тамга дараад дураараа аашилж байсан. Үүнийг нь ил болгохоор ингэж гүтгэлэг тараадаг юм байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ