Өчигдөр Төрийн ордонд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Учир нь Засгийн газрын 2026 оны бодлого, зорилтоо танилцуулж, орон нутагтайгаа нэг чиглэл, нэг ойлголттой ажиллах зорилго бүхий 21 аймгийн Засаг дарга, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга нарын нэгдсэн уулзалт болж өнгөрлөө.
Засгийн газрын бодлогыг хөрсөнд буулгаж, иргэдэд хүргэдэг хүмүүс бол орон нутгийн удирдлагууд билээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газраас баримталж байгаа бодлого, шинэчлэлийн талаар Засаг дарга нарын уулзалтын өмнө “Нэг монгол- Нэг зүг, Цэгцрэх хөдөлгөөн” илтгэлээ хүргэсэн юм.

Харин ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт “Засгийн газраас баримталж буй иргэн төвтэй бодлого, иргэндээ ээлтэй төр- нээлттэй засаг байх зарчим орон нутгийн удирдлагуудын бодлого, үйл ажиллагаагаар дамжин хэрэгжинэ. Тиймээс өнөөдрийн нэгдсэн уулзалт бол төр түмнийхээ төлөө нэг баг болон зүтгэхээ ард түмнийхээ өмнө хамтдаа нотолж буй хэрэг. “Шинэ итгэл-Эрс шинэтгэл”-д зорьсон Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлээ УИХ-аар батлуулж, улс гэрээ цэгцлэх газрын зургаа зураад байна. Иргэн төвтэй төр гэсэн зарчмыг тугаа болгон бодитой шийдэл-дорвитой үр дүн гаргаж ажиллахыг эрмэлзэж байна. Эдийн засгийн эрх чөлөөг иргэд, хувийн хэвшилдээ олгоно. Иргэдийн газар өмчлөх эрхийг хөрсөн дээр нь буулгаж, хязгаар нутгийнхаа эзэн болсон малчдадаа 1-5 га хүртэл газар эзэмших эрхийг эдлүүлэх замаар газрын эзэн болгох гарцыг нээнэ. Төрийн албаны хуулийг шинэчилж, төрийн албан хаагчдынхаа хариуцлага бүтээмж, халамж, хамгааллыг хамтад нь нэмэгдүүлнэ. Ашигт малтмалын өгөөжийг ард иргэдээрээ тэгш хүртэх Үндсэн хуулийн зарчмыг амилуулж, баялгийн сангаа арвижуулна. Монгол Улс Улаанбаатар гэсэн таталцлын ганц төвтэй бус харин хүн амьдрах таатай орчныг бүрдүүлсэн хөгжлийн олон татах хүчтэй байх, аймаг, бүс бүр өөрийн онцлог давуу талдаа түшиглэн хөгжих замыг засгийн газар тавьж байгаа” гэлээ.
Дээрх уулзалтын үеэр зарим аймгийн Засаг дарга нар байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.
Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр “Дулааны станц барих ажлын 50-60 хувьд манай аймаг хүрчихсэн байгаа. Дулааны станц барихаас гадна тухайн станцын цэвэр, бохирын шугамын өргөтгөлийг байгууллага, ААН-үүдтэй холбох шугам сүлжээний асуудал тусдаа бий. Бид энэ оны төгсгөл гэхэд шугам сүлжээнийхээ асуудлыг шийдвэрлээд дуусна. Ганцхан холболтыг л хүлээж байгаа” гэв.
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир “Манай аймгийн хувьд дөрвөн жилийн хугацаанд Булганы ... хөтөлбөрийг хэрэгжүүлээд явж байна. Аймаг орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалтыг бусад аймагтай харьцуулахад маш бага байдаг. Тиймээс бид өнгөрсөн жилээс тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлсон байгаа. Үүнд, байгалийн аялал жуулчлал, ухаалаг хөдөө аж ахуйг нэвтрүүлэх зорилго тавиад явж байна. Энэ хүрээнд улсын төсвийн болон аймаг орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэд хэдэн төсөл арга хэмжээ, дэд бүтцүүдийг хийж гүйцэтгэсэн. Мөн ирэх онуудад Булган аймгийнхаа тэргүүлэх чиглэлийн нэг хөдөө аж ахуйн салбарт анхаарч, өсөлтийн цэгүүдээ тодорхойлж, ямар үйлдвэрүүд барих, малчид тариаланчдынхаа гаргаж байгаа түүхий эд материалыг эдийн засгийн эргэлтэд оруулж, үнэд хүргэх зэрэг зорилтыг тавьж байгаа.
Энэ хүрээндээ гуравдугаар сарын сүүлээр хөрөнгө оруулалтын форум уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Өнгөрсөн жил Булган аймагт хойд бүсийн анхдугаар зөвлөгөөн болж, хэд хэдэн шийдвэрүүд гарсан. Үүний үр дүнд хувийн хэвшлүүдийн хөрөнгө оруулалтыг татаж, тодорхой ажлуудыг гүйцэтгүүлэх, нийгмийн асуудлыг шийдэх зорилтуудыг биелүүлэхээр ажиллаж байна” гэлээ.
Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал “Газар олголттой холбоотой асуудал дээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөг 21 аймаг, 330 сумыг нийлүүлж нэгдсэн төлөвлөгөөг Засгийн газар дээр баталдаг. Үүний дагуу эргээд олголт хийгддэг. Энэ нь процессын хувьд нэлээд удаан, хугацаа алдаж байна гэх шүүмжлэл байгаа. Нөгөө талдаа газар олголтын асуудлууд өмчлөл, эзэмшил, ашиглалтын гэсэн гурван төрөлтэй.
Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг шинэчлэх талаар Ерөнхий сайд үүрэг болгосон. Мөн дэд бүтцээ илүү хөгжүүлж байгаа хэсэг рүүгээ газар зохион байгуулалтыг хийе гэх саналууд гарсан. Үүний дагуу бид барилга орон сууцжуулалтын яам болон холбогдох байгууллагатай хамтран ажиллаж, иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй” гэлээ.
Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат “Манай хууль эрх зүйн орчин аймаг, орон нутгийн удирдлагуудыг ажил хийлгэх гээд байгаа юмуу, үгүй юу гэмээр эрх зүйн орчин нэлээд хүндрэлтэй байна. Нэгдүгээрт, аймгийн удирдлагууд газрынхаа асуудлыг бие даан шийдвэрлэх боломж байхгүй. Эдийн засгийн суурь асуудал бол газрын асуудал байдаг. Гэтэл энэ асуудлаа бид өөрсдөө шийдвэрлэх боломжгүй, Засгийн газраар дамжуулж байгаа нөхцөлд наад тал нь хагас жил, цаашлаад жилийн хугацаа алдах нөхцөл байдалд байна.
Хоёрдугаарт, манай аймагт томоохон замын бүтээн байгуулалтууд явж байна. Ингээд явахад элс хайрганы асуудал шийдвэрлэгдэхэд маш хүндрэлтэй. Мөн л аймаг орон нутаг өөрсдөө шийдвэрлэх боломжгүй байдаг” гэсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 16. БААСАН ГАРАГ. № 10 (7752)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn