МЭДЭГДЭЛ
ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭН ЭРХТ
ТӨЛӨӨЛӨГЧ АСАН Ж.БАТЗАНДАНД
Монгол Улсын Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч асан Ж.Батзандан нь ажлын шугамаар олж авсан мэдээллээ гуйвуулан 2026 оны 01 дүгээр сарын 07-нд манай компанийн нэр хүндэд халдсан, үндэслэлгүй, компанийн орлогоос давсан дүнгээр ашиг олдог, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ямар ч зардал гаргадаггүй, татвар төлдөггүй гэсэн мэдээллийг олон нийтэд түгээж хууль зөрчсөн, ёс зүйгүй үйлдэл гаргасанд туйлын их харамсаж байна.
Ж.Батзандан нь энэ үйлдлээрээ Төрийн албаны тухай хуулийн 39.1.13 болон Төрийн албан хаагчийн ёс зүйн байдлын тухай хуулийн 7.1.7, 8.1.4, 8.2.1 дэх заалтыг зөрчин, төрийн албаны нэр хүндийг унагааж байгааг холбогдох байгууллага анхааралдаа авна гэдэгт итгэж байна.
“Ачит-Ихт” ХХК нь 2015-2023 онуудад Монгол Улсын Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын хамтран шалгаруулдаг Топ 100 аж ахуйн нэгжээр тогтмол шалгарч, орон нутагт 300 гаруй ажлын байрыг бий болгож, өнгөрсөн хугацаанд улс, орон нутгийн төсөвт 436,8 тэрбум төгрөгийг татвар, төлбөр хураамж хэлбэрээр төлж ирсэн.
“Ачит-Ихт” ХХК нь батлагдсан Техник, эдийн засгийн үндэслэлээр 10 жил ашиглах хүдрийн нөөцөд нэмэлт судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр 13 дахь жилдээ ашиглаж, суурилагдсан хүчин чадалдаа огт хүрэхгүйгээр үйлдвэрлэлээ явуулж байна.
Өмнөх Монгол Улсын Засгийн газрын тэмдэглэлээр тасралтгүй үйл ажиллагаатай үйлдвэрийн үйл ажиллагааг гэнэт 100 хоног зогсоосны улмаас илүүдэл уусмалын асуудалтай болж, үйл ажиллагаанд хүндрэл учирч үйлдвэрлэлийн зардал тогтмол өсөж байгаа нь үнэн болно.
“Ачит-Ихт” ХХК-ийн үйл ажиллагааны талаар илт худал мэдээлэл түгээсэн Ж.Батзандан, уг үйлдэлдээ компанийн нийт ажилчдаас уучлалт гуйхыг шаардаж байна.
“АЧИТ ИХТ” ХХК