УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийлээ. Хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар тус бүлгийн дарга О.Цогтгэрэл танилцуулахдаа "Өнөөдөр хоёр асуудлаар мэдээлэл сонсож, гишүүд байр сууриа илэрхийллээ. Нэгдүгээрт, Татварын ерөнхий газрын мэдээллийг сонслоо. 320 мянган иргэн, ААН 6.5 их наядын татварын өртэй байгаа юм байна.
Өнгөрсөн жил энэ өр 3.5 таван их наяд байж. Өнгөрсөн жил 50 мянган ААН өртэй байсан бол энэ жил 70 мянга болж өссөн байна. Одоогийн байдлаар 220 мянга иргэн татварын өртэй байна. Бизнесийн орчин хэрхэн муудаж байгаа нь үүнээс харагдаж байна. Татварын өршөөл үзүүлэх цаг болсон гэж үзэж байна. Үүнтэй холбоотойгоор тогтоолын төсөл боловсруулж байгаа. Гэхдээ томоохон ААН-үүд, их хэмжээний татварын өрийг өршөөлд хамруулахгүй байх зохицуулалт хийнэ.
Татварын өршөөл нь ЖДҮ эрхлэгчдэд түлхүү нөлөө үзүүлэхээр төслөө боловсруулна. Мөн 100 хувь өршөөлд хамруулахаар татвараа төлж байсан нь хохирдог. Тиймээс тодорхой хувиар өршөөл үзүүлэх асуудал яригдана. Хоёрдугаарт, энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар мэдээлэл сонслоо. Одоогийн байдлаар нэг хайрцаг янжуур тамхинд 800 төгрөгийн онцгой албан татвар төлдөг юм байна. Энэ татвар нь таван жилийн дотор үе шаттайгаар нэмэгдсээр 10 мянган төгрөг болох нь.
Ингэснээр нэг хайрцаг тамхи 15-20 мянган төрөг болох юм байна. Архи, тамхины татварыг нэмэх нь сайхан сонсогдож магадгүй. Гэхдээ хууль хэрэгжихгүй байх, өөр төрлийн мансуурал руу гулсах зэрэг сөрөг нөхцөл үүсэх вий гэж манай бүлгийн гишүүд саналаа хэлсэн" гэв.