Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.11.01/ Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжүүлж буй “Монгол Улсад Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн явцтай газар дээр нь танилцлаа. Дөрвөн сарын өмнө буюу өнгөрсөн 6-р сард 20 орчим хувийн гүйцэтгэлтэй байсан үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил өнөөдөр 50 гаруй хувьд хүрчээ.
Ерөнхий сайдын албанд томилогдсон цагаасаа эхлэн газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад онцгой анхаарч, ажлыг эрчимжүүлсэн төдийгүй төлөвсөн хугацаанаас өмнө буюу ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт- Импорт банкны 1.7 тэрбум ам.долларын зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл дөрвөн багц ажлаас бүрддэг. Эхний багц ажлыг 2024 онд дуусгаж, Улсын комисст хүлээлгэн өгсөн.
Бусад багц ажил болох ДЦС болон технологийн байгууламж барих ажил барилга угсралтын шатандаа явж байна. Үйлдвэрийн түүхий эдийг тээвэрлэх 527 км урттай газрын тос дамжуулах хоолойн төсөл 89.4 хувийн гүйцэтгэлтэй. Засгийн газраас үйлдвэрийн түүхий эдийн хангамж, хүрэлцээ болон Ширээт дэд станцыг хүчин чадлыг 25МВт болгон өргөтгөх ажил гээд газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулахад бүхий л талаар дэмжиж, онцгой анхаарч ажиллана гэж Ерөнхий сайд Г.Занданшатар хэллээ. Тэрбээр стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтын ажилд санаатай болон санамсаргүйгээр саад учруулсан үйлдэлтэй тэмцэнэ.
Энэ бол улс орны эрх ашгийн эсрэг үйлдэл. Тиймээс бүтээн байгуулалтыг ямар нэгэн саадгүй, эрчимтэй урагшлуулах нь чухал гэв. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг дуусгах төлөвлөгөөт хугацаа 2027 оны 12 дугаар сар. Харин ашиглалтад оруулах хугацаа нь 2028 он. Энэтхэгээс Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве “Хоёр улсын хүчин чармайлтаар хугацанаас нь өмнө ашиглалтад оруулна гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Том төсөлд том саад тулгамддаг юм байна. Гэхдээ тулгарсан асуудлыг шийдвэрлээд шуурхай явж байна” гэв. Төслийг хугацаанаас нь өмнө дуусгахын тулд ажилтнуудын визийн асуудалд анхаарч өгөхийг Энэтхэгийн тал хүслээ. Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор 1.5 сая тонн нефтийн бүтээгдэхүүн боловсруулж, орчин үеийн стандартын шаардлага хангасан /Евро V стандарт/ 834 мянган тонн диель, 396 мянган тонн авто бензин /95 октантай/, 80 мянган тонн онгоцны түлш /Jet A1/, 27 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, 17 мянган тонн зуухны түлш үйлдвэрлэнэ. Нэг үгээр Монгол Улс нефтийн бүтээгдэхүүнийг дотооддоо, өөрсдөө үйлдвэрлэдэг болно. Өөрөөр хэлбэл, дотоодын нефтийн бүтээгдэхүүнийхээ 50-100 хүртэл хувийг дотоодоосоо хангана гэсэн үг. Мөн 1500 ажлын байр шинээр бий болох юм.