Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын “Асуулгын цаг”-т дундаж давхаргыг дэмжих бодлогоо танилцууллаа

Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын “Асуулгын цаг”-т дундаж давхаргыг дэмжих бодлогоо танилцууллаа

Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны “Асуулгын цаг”-т оролцож, гишүүдийн асуултад хариуллаа.&

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхий сайдын мэдээллийн цагийг асуулгын цаг болгон өөрчилсөн. Ингэснээр сар бүрийн сүүлийн долоо хоногийн баасан гарагт чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс асуулт асуух эрх зүйн орчин бүрдсэн. Хуульд зааснаар УИХ-ын гишүүн асуултаа долоо хоногийн өмнө бичгээр УИХ-ын даргад хүргүүлэх бөгөөд тухайн асуултаар Ерөнхий сайд хариулт өгөх ёстой.

Анхны “Асуулгын цаг” есдүгээр сарын 26-нд болж Монгол Улсын парламентын түүхэнд анх удаа тодорхой асуудлаар мэтгэлцээн зохион байгуулсан. Өнөөдөр (2025.10.31) хоёр дахь удаагаа болсон “Асуулгын цаг”-аар УИХ дахь Ардчилсан намын бүлэг “Хавчигдсан дундаж давхаргаа хэрхэн аврах вэ?” сэдвийн хүрээнд Ерөнхий сайдаас иргэдийн орлогын өсөлт ба амьжиргааны дарамт, хавчигдсан дундаж давхаргын нийгмийн баталгааг хангах бодлогын талаар асуултууд асууж, хариулт авлаа.

УИХ дахь сөрөг хүчнийг төлөөлж Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Д.Энхтуяа, Ц.Мөнхтуяа, Ж.Баясгалан, О.Алтангэрэл, Г.Хосбаяр, Д.Жаргалсайхан нар, ХҮН намыг төлөөлж УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Г.Уянгахишиг, Б.Найдалаа, МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Б.Уянга, С.Эрдэнэбат нар Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авлаа.

Өнгөрсөн 30-аад жилийн хугацаанд дундаж давхарга яагаад хавчигдав, төрийн бодлогын алдаа хаана байна вэ, яагаад ийм байдалд оров гэсэн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн асуултад Ерөнхий сайд Г.Занданшатар хариулахдаа, 1992 оноос хойших хуудуутай өмч хувьчлалаар улсын эдийн засгийн бодлогын тэнцвэр, зөв бүтэц алдагдсан. Уул уурхайгаас хэт хамааралтай болсон. Хөнгөн үйлдвэр, хөдөө аж ахуйд суурилсан бүтцээс уул уурхайн эдийн засагтай улс болж, ажлын байр шингээдэг, дундаж давхаргыг хамгийн их дэмждэг, эдийн засгаа тэтгэдэг үйлдвэрлэлийн салбар унасан. Импорт, татвар, мөнгө, зээл, гадаад худалдааны цогц шийдлийн бодлого буруу томъёоллоор, зохицуулалтгүй явснаас болж дундаж давхарга багассан.

Дундаж давхарга эмзэг байна. Дэлхийн банкны тооцооллоор инфляц 10.3 хувь болж нэг хувиар нэмэгдэхэд 350 мянган иргэн инфляц, зээлийн дарамтаас үүдэн ядууралд шилжинэ гэсэн байгаа нь өнөөдрийн гол сорилт болж байна. Тиймээс эдийн засгийн бүтцээ өөрчлөх, Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг Засгийн газраас боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэхүү үндсэн чиглэлд туссан “Шинэ итгэл-Эрс шинэтгэл”-ийн цогц бодлогоор эдийн засгийн бүтцээ өөрчилж, төрөлжүүлэх замаар ажлын байрыг нэмэгдүүлж, дундаж давхаргаа хамгаалж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, халамжаас хөдөлмөрт шилжсэн, татвар, зээл, аж үйлдвэржүүлэлтийн бодлогын цогц реформын бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ