Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдоржид Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өнөөдөр (2025.10.30) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир өргөн мэдүүлэв.

Монгол Улсын Засгийн газар нь хилийн чанадад оршин сууж байгаа иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Зорилт 3.1-т “Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлнэ” гэж, мөн "Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 2.1.3.6-д “Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэний нийгмийн баталгааг хангах үүднээс нийгмийн хамгааллын хэлэлцээрийг үргэлжлүүлэн байгуулах” зорилт дэвшүүлсэн.

Хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаануудаар холбогдох асуудлыг хэлэлцсэн хүрээнд Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөлмөр, хүн амын нийгмийн хамгааллын яамтай хэлэлцээрийн төсөл боловсруулах асуудлаар Монгол Улсын Засгийн газар шинжээчдийн ажлын хэсгийг байгуулан ажиллаж 17 удаагийн хэлэлцээ хийж, Хэлэлцээрийн төслийг эцэслэн боловсруулсан байна.

Хоёр улсын дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг хангаснаар талууд 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хэлэлцээрт гарын үсэг зурж, албан ёсоор баталгаажуулжээ.

Уг хэлэлцээр хэрэгжсэнээр хоёр улсын иргэд Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улсад ажилласан, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох, Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Казахстан Улсаас хуримтлалын тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдсэнээр тухайн хүний ирээдүйн нийгмийн баталгаа сайжрах юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ