Шадар сайд С.Амарсайхан өчигдөр өглөө өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарч байгаагаа мэдэгдэв. Тэрээр мэдэгдэлдээ “УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан би цаашид Г.Занданшатарын тэргүүлэн үүрэг гүйцэтгэж буй Засгийн газарт ажиллах боломжгүй гэж үзэн, Засгийн газраас гарч байгаагаа Засгийн газрын ээлжит бус хуралдаанд албан ёсоор мэдэгдлээ.Би ард иргэдийнхээ итгэлийг авч сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд төрт ёс парламентын ардчиллын талд үргэлж бат зогсоно. Засгийн газрын үйл ажиллагаа, төрийн бодлого нь зөвхөн эрх зүйт төрийн зарчим, иргэд олон нийтийн итгэлцэл, гадаад нэр хүнд дээр тогтдог билээ. Гэвч өнөөгийн Засгийн газрын үйл ажиллагаа нь төрт ёсны уламжлал, ардчиллын үндэс, хүний эрх, нийгмийн эрх чөлөө цаашлаад төрийн тогтвортой байдал, эдийн засаг, нийгмийн хөгжил, засаглалын дархлааг сулруулж, төрийн хариуцлагыг явцуу байдалд хүргэж байна.Засгийн газрын зарим үйл ажиллагаа хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн хяналт тэнцлийг ноцтой зөрчиж ард иргэдийнхээ итгэлийг алдаад зогсохгүй, улс орны ирээдүйг хямрал, эрсдэл рүү түлхэж, гаднын нөлөөнд өртөмтгий, дотоод доройтлын эрсдэл бүхий орчин руу чиглүүлж байна гэж үзэж байна.Ийм нөхцөл, үйл ажиллагаа миний итгэл үнэмшил, үүрэг, зарчим, үнэт зүйлтэй үл нийцэж байх тул Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдын үүрэгт ажлаас татгалзаж, Г.Занданшатарын Засгийн газраас гарахаар шийдсэн болно.Улс орны хөгжлийн төлөөх миний идэвхтэй үйл хэрэг үргэлжилж, ардчилсан үнэт зүйл, хариуцлагатай, зарчимтай, ёс зүйтэй төрийн бодлогын алтан аргамж тасрахгүй гэдэгт би итгэж байна” гэжээ.
Тэгвэл Шадар сайдын мэдэгдлийн дараагаас Засгийн газрын хэвлэлийн албанаас түүнийг хариуцлагын гэрээ зөрчсөн тул албан тушаалаас нь огцруулж байгаагаа мэдэгдлээ. Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар “Бид Үндсэн хууль болоод бусад хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гэхдээ зорилго буруу хүмүүс албан тушаалын төлөө өс хонзонгийн сэдэлтэйгээр төрийн эрхийг авах гэсэн хууль бус үйл ажиллагаа даамжирсан. Харамсалтай нь энэ үйл ажиллагаанд манай зарим нэг сайд нар оролцож гарын үсэг зурж уриалж, гишүүдийг дарамталж ажилласан. Тийм учраас Шадар сайд С.Амарсайханыг үүрэг нь ажлаас чөлөөлж байгаагаа мэдэгдэж байна. Ерөнхий сайдын бүрэн эрх хүрээнд шатахууны хомсдолыг шийдвэрлэчхээд байхад шатахууны хомсдолтой гэж нийгмийг өдөөж турхирч байна. Шатахууны хомсдол бүрэн шийдвэрлэгдлээ. Тэгэхээр энэ танхимаасаа зөрсөн байр суурь, зарчмуудыг илэрхийлж байгаа нь нийцэхгүй байна гэлээ. Ийнхүү Засгийн газрын онцгой байдлын асуудал эрхэлсэн Шадар сайдын албан тушаал суларч байна. С.Амарсайхан нь 2021 оноос Монгол Улсын сайдаар ажилласан билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 30. ПҮРЭВ ГАРАГ. № 205 (7702)
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.