Монголбанк 2026 онд мөнгөний бодлогын хамгийн гол зорилго болох төгрөгийн тогтвортой байдлыг хангахын тулд инфляцыг 5 дээр нэмэх хасах 2 хувьд онилох, валютын ханшийг “уян хатан, суурь нөхцөлд нийцсэн” түвшинд хадгалах гэсэн зорилтуудыг дэвшүүлжээ.
Энэ нь онолын хувьд зөв боловч жил бүр давтагддаг, хамгийн гол нь бодит эдийн засгийн нөхцөл, төсвийн тэлэлтийн орчинд хэрэгжих магадлал багатай зорилтууд болжээ. Өнгөрсөн хугацаанд Монголбанк дунд хугацаанд инфляцыг 5–6 хувьд тогтворжуулах зорилт тавьсан боловч 2025 оны хагас жилийн байдлаар 9 орчим хувьтай хэвээр байна. 2024–2025 онд төрөөс хэрэгжүүлсэн өргөн цар хүрээтэй зарлагын өсөлт болон дотоод хэрэглээний зээлийн огцом өсөлт эрэлтийн шалтгаантай инфляцыг өдөөж, төгрөгийн ханшийг сулруулсан.
Сонгууль угтан эрх баригчдын хэрэгжүүлсэн элдэв хөнгөлөлттэй зээллийн хөтөлбөрүүд, түүнийг идэвхигүйгээр аялдан дагасан Төв банкны үйл ажиллагаа, мөнгөний бодлогын хоцорсон хариу үйлдэл зэрэг нь үнийн өсөлтийг өдөөж ард иргэд, бизнес эрхлэгчдийн нуруун дээр далд татвар болон бууж байна.
Төгрөгийн ханш гадаад худалдааны голлох валютуудын эсрэг энэ оны эхний хагас жилд 5-6 хувиар буурч, экспортын орлогын бууралт болон импортын эрэлттэй нийлж төлбөрийн тэнцлийг алдагдлыг нэмэгдүүлж байна. Төв банк “уян хатан ханшийн бодлогоо” олон жил маань мэгзэм мэт давтаж байгаа ч, зах зээлийн хүлээлтийг удирдаж, валютын нөөцөө бэхжүүлж чадахгүй байсаар байгааг бид харсан. Мөн Монголбанк валютын зах зээлд ихээхэн хэмжээний интервенц хийсээр байгаа боловч энэ үйл ажиллагааны ил тод байдал, үр дүн хангалтгүй байна.
Банкны санхүүгийн салбарын нийт зээлийн багцад хэрэглээний болон тэтгэврийн зээл хэт өндөр байгаа нь өрхийн орлогын дарамтыг нэмэгдүүлж байна. Нэг талаас үнийн өсөлтөөс үүдэлтэй өдөр тутмын амьжиргаагаа залгуулах хэрэгцээ шаардлага, нөгөө талаас инфляцийн нөлөөгөөр “мөнгө хүүлэлтийн” түвшинд тогтсон өндөр хүүтэй зээл хоёрт шахагдсан ард түмэн “чөтгөрийн тойрог” дотор эргэлдсээр удлаа. Энэ бол олон жилийн турш бахь байдгаараа явсаар ирсэн харилцан уялдаагүй, эсрэгээрээ харилцан нөхөлдсөн, хариуцлагагүй төсөв, мөнгөний бодлогын үр дүн юм.
Төв банк мөнгөний бодлогын танилцуулгадаа “олон нийттэй харилцах харилцаагаа сайжруулна” гэж тусгасан боловч энэ нь зах зээлд дэх итгэлцлийг сэргээх, хүлээлтийг удирдахад хангалтгүй. Бодлогын шийдвэрийн протокол, санал хураалтын дүн, инфляцын төсөөллийн нарийвчлал зэрэг тодорхой мэдээллийг нийтэд ил тод болгодог олон улсын сайн жишгийг нэвтрүүлэх шаардлага байсаар байна.
Нэгтгэн дүгнэхэд Ардчилсан намын бүлэг төрөөс мөнгөний талаар баримтлах үндсэн чиглэлийг бодит үр дүнд чиглэсэн болгож сайжруулах нь зүйтэй гэж үзэж байна. Дараах гурван чиглэлээр юун түрүүнд шинэчлэл хийх шаардлагатай.
Үүнд:
2025 оны 10 дугаар сарын 09. Улаанбаатар хот