“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн даргаар У.Бямбасүрэнг томилов

“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн даргаар У.Бямбасүрэнг томилов

Мэргэжлийн Засгийн газар гарсан цагаасаа л улсын төсөв хоосорсон хэмээн элдэв төсөл хөтөлбөрүүдийг зогсоон, зарим төсвийг танахаа мэдэгдэж, УИХ-ын танхимд ирэх жилийн төсвийн тодотголын тухай халуун сэдэв өрнөж буй. Зарим хэсэг нь эдийн засгийн хямралыг давах нэг дэмжлэг нь улсын нийт татварын ихэнх хувийг бүрдүүлэгч “Саалийн үнээ” гэгддэг Эрдэнэт үйлдвэр гэдгийг ч онцолж, тус үйлдвэрийн Засгийн газрын эзэмшлийн 51 хувь эзэнгүйрч,  төр ажлаа хийхгүй байгаа тухай ч шуугив.

Үүнтэй зэрэгцэн тус үйлдвэрийн ерөнхий захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүдийг даруй сонгож, “Саалийн үнээ”-г хөдөлгө гэх шаардлага ч ард иргэдийн дундаас гарсан. Тэгвэл удаан хүлээлгэсэн “Эрдэнэт” үйлдвэрийн төлөөлөн удирдах зөвлөл бүрдсэн байна.

Энэ талаар өчигдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор мэдээлэл хийлээ. Тэрбээр “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь хувьчлагдсаны дараа төр эрх мэдэлгүй боллоо гэх асуудал гарсан. Өөрөөр хэлбэл, тус үйлдвэрийн Ерөнхий захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг сонгосонгүй. Энэ нь төрийн эзэмшлийн 51 хувийг үнэгүйдүүлж байна гэх хандлага их гарсан. Гэхдээ тийм зүйл байхгүй. Бид хуулийн дагуу бүх асуудлыг шийдвэрлэсэн.

Манай ажлын хэсгийнхэн энэ тухайгаа Засгийн газар, УИХ дээр ярьсан. Ер нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувьчлах, төр 51 хувийг эзэмших нь зөв буруудаа ч биш юм. Төрийн өмчийн хороо ажлаа хийхгүй байна. Засгийн газар хуруугаа хөдөлгөхгүй байна гэсэн утгатай шүүмжлэл нэлээдгүй явлаа.

Бид энэ асуудалд тухай бүрт нь хариулт өгч байсан. Одоогийн байдлаар Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн дарга болон гишүүд томилогдсон. Хувьчлагч талаас төлөөлөн удирдах зөвлөл есөн гишүүнтэй байна гэдэг саналыг тавьсан. Гэхдээ бид 10 орчим удаагийн уулзалт, зөвшилцөл хийсний үр дүнд долоон гишүүнтэй байхаар тогтсон. Долоон гишүүний дөрвийг нь төрөөс, гурван гишүүнийг нь “Монгол зэс” компаниас  томиллоо. Одоо гишүүд томилогдсон болохоор удахгүй Ерөнхий захирал томилогдоно” гэв.

Тус үйлдвэрийн ТУЗ-д Засгийн газрын буюу “Эрдэнэт”-ийн нийт хувьцааны 51 хувийг эзэмшигч талыг У.Бямбасүрэн, Г.Нандинжаргал, Д.Дэмбэрэл, Н.Доржсэмбэд нарын дөрвөн хүн төлөөлөх бол “Монгол зэс”  буюу  Mongolian Copper Corporation компаниас Да.Ганболд, О.Орхон, М.Мөнхбаатар нар ажиллахаар болжээ.

Харин ТУЗ-ийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн тэргүүлэх юм байна. Тэрбээр, ЗГХЭГ-ын дэд даргаар өнгөрсөн наймдугаар сард томилогдож байсан бөгөөд Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Итали Улсын Бокконийн их сургуулийг төгссөн аж. Мөн БНСУ, Их Британид мене­жментийн чиглэлээр, Малайз улсад даатгал, Тайванд хөгжлийн бодлогын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Багш мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй юм байна. Мэдээллийн төгсгөлд ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор хэд хэдэн асуудлыг онцлов.

Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүд болон даргыг томилох томилгоо удааширсан нь эрх зүйн орчинтой холбоотой хэмээсэн юм. Манай улсын Компанийн тухай хуульд талууд хувьцаа эзэмшигчдийн хуралд биечлэн оролцож, төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн талаар зарчмын зөрүүтэй байр суурьтай байсан бол энэ тухайгаа мэдээлж, хувьцаа эзэмшигчдийн асуултад хариулах, тодруулга хийх эрхтэй байна. Шаардлагатай тохиолдолд ажлын 10 хоногт багтаан хариу өгдөг аж. Хуулийн зарим заалтууд томилгоо удаашрахад нөлөөлсөн гэдгийг хэлж байлаа.

Мөн нэг хүн хоёроос дээш төрийн өмчит компанийн ТУЗ-д томилогдохгүй байхаар зохицуулалт хийсэн гэдгийг онцолсон. Ямартай ч удирдах толгойгүй байсан “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ бүрдэж, удаан хүлээгдэж байсан ажлууд ч урагшлах эхлэл тавигдлаа. Харин тус үйлдвэрийн Ерөнхий захирлыг 51 хувь эзэмшигч томилох бөгөөд одоогоор хэн гэдэг нь тодорхойгүй байгаа ажээ. Хурлын үеэр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осороос зарим зүйлийг тодруулсан юм.

-“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн асуудал шийдэгдсэн ч Ерөнхий захирлыг сонгох асуудал үлдлээ. Хэзээ тодорхой болох вэ?

-“Эрдэнэт”-ийн хувь эзэмшигчдийн төлөөлөл удаа дараа хуралдсаны эцэст ТУЗ-ийн бүрэлдэхүүний томилгоог хийлээ. Бид хуралдсаны эцэст ТУЗ-ийн дарга болон үйлдвэрийн ерөнхий захирлын томилгоог дөрвөн жилийн хугацаанд хүчинтэй байх шийдвэрийг гаргасан. Мөн давуу эрхийн хүрээнд 51 хувь эзэмшигчийн төлөөллөөс захирлыг томилохоор болсон. Хамгийн гол нь ТУЗ байгуулагдсанаар дараа дараагийн арга хэмжээг авах эрх нь үүсч байгаа юм. Одоо ТУЗ-өөс захирлын нэрийг дэвшүүлэх, үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломж бүрдлээ. Тэгэхээр үлдсэн асуудлыг ТУЗ хурлаараа шийдвэрлэнэ. Удахгүй хурлаа хийх байх. Харин хэн, хэн Ерөнхий захиралд нэр дэвшиж байгааг би мэдэхгүй. Энэ бол ТУЗ-ийн хийх ажил. Захирлаар томилогдох хүн 66.6 хувиас дээш санал авч байж гарч ирэх ёстой. Өөрөөр хэлбэл,  ТУЗ-ийн таван гишүүн нэр дэвшигчийн  төлөө саналаа өгснөөр Ерөнхий захирал томилогдох ёстой.

-ТУЗ шинэчлэгдсэнээр бүт­цэд өөрчлөлт орно гэх асуудал яригдаж байгаа. Энэ үнэн үү?

-Яах вэ, 20 гаруй хүнийг сольсон гэсэн мэдээлэл гарсан. Мөн бүтцийн өөрчлөлт хийхтэй холбоотой асуудал нийгэмд их яригдсан. Ийм зүйл гаргаж болохгүй гэдгийг 49 хувь эзэмшигчид хэлсэн. Одоо томилогдсон ТУЗ, удирдлага бүтцийн асуудлыг шийдэх байх.

-Төрийн өмчит компа­ниудын удирдлагууд өндөр цалинтай байдаг хэрнээ ашиггүй ажилладаг гэх хандлага бий. Энэ асуудалд ямар арга хэмжээ авах вэ?

-Төрийн өмчит компанийн ТУЗ-ийн гишүүд, дарга удирдлагууд өндөр цалин, урамшуулал хүртдэг. Тэд компани ашиггүй ажилласан ч урамшууллаа авдаг. Тэгвэл энэ тогтолцоог хална. Үүнтэй холбогдуулан бид судалгаа хийж байна. Тодруулбал, судалгаа дууссаны дараа хэн ямар цалин хөлс авч байсныг нэгдсэн журмаар нийтэд мэдээлэх болно. Эрдэнэтийн хувьд сүүлийн дөрвөн жилийн санхүү, хөрөнгө оруулалт болон хууль эрх зүйн хүрээнд  хэрхэн ажилласныг шалгахаар УИХ-аас ажлын хэсэг гарсан байгаа.

-“Эрдэнэт” үйлдвэр дэх төрийн 51 хувийг төлөөлж буй Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар цаашид ямар үүрэгтэй ажиллах нь сонин байна?

-“Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагааны зорилтот төвшинг хангахад оролцоно. Цалин хөлс, орлого зарлагын хуваарилалт дээр менежментийн хяналт шалгалтыг бид хийнэ.
 

-АТГ-аас “Эрдэнэт” үйлд­вэ­рийн 49 хувийг эзэшиг­чийг шалгаж байгаа гэх мэдээ­лэл бий. Хэрэв зөрчил илэр­вэл эргүүлэн татах асуудал хөндөгдөх үү?

-Энэ талаар тодорхой мэдээ­лэл алга. АТГ-аас шалгаж байгаа гэсэн мэдээлэлтэй л байна.

-Компанийн дэргэд гурван хороо байдаг шүү дээ. Тэдгээр хорооны асуудлыг хэрхэн шийдэв?

-Хурал удааширсан нэг шалтгаан нь компанийн дэргэдэх гурван хорооны асуудал. Хуулийн дагуу аудитын хороог цөөнх талд өгөх ёстой байдаг. Мөн нэр дэвшүүлэх хороо цөөнхөд харьяалагдаж байна. Харин цалин урамшууллын хороог 51 хувийн эзэмшигч буюу төр хариуцна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.