Төгрөг нуурын бүлэг ордыг төрд буцаан авлаа

Төгрөг нуурын бүлэг ордыг төрд буцаан авлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 27-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Төгрөг нуурын бүлэг ордыг төрд буцаан авлаа

Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байрлах Төгрөг нуурын бүлэг ордын талбайд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ордын нөөцөд үндэслэн техник эдийн засгийн үндэслэл, олборлолтын хүчин чадлаа тодорхойлсон хэдий ч хуульд заасан хугацаанд өргөдөл гаргаж, эрх бүхий байгууллагуудтай гэрээ байгуулаагүй хууль зөрчсөн тул “Төгрөг нуурын энержи” ХХК-д олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.8-д заасныг үндэслэн хүчингүй болгож шийдвэрлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар даалгалаа.

УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтад заасны дагуу Төгрөг нуурын ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах, ордын талбайн хил заагийг Засгийн газраас тогтоох асуудлыг яаралтай боловсруулж, ирэх сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямд үүрэг болгов.

Төгрөг нуурын бүлэг орд нь 20-30 км талбайн хэмжээтэй, гурван тэрбум тонн хүрэх хүрэн нүүрсний нөөцтэй гэсэн урьдчилсан тооцоо судалгаатай, ашигт малтмалын томоохон ордуудын нэг юм. Энэхүү бүлэг ордод 1951-1986 онд улсын хөрөнгөөр долоон удаа урьдчилсан хайгуул хийжээ.

УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан албан тушаалтан нь “Төгрөг нуурын энержи” ХХК-ийн хувьцааг эзэмшиж байхдаа өөртөө давуу байдал бий болгож, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авсан, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийг гадаадын хөрөнгө оруулалттай компанид худалдаж, их хэмжээний орлого олж, мөнгө угаасан байж болзошгүй үйлдэлд АТГ хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.

Тус орд нь Ирээдүйн өв сан болон Үндэсний баялгийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх ач холбогдолтой чухал орд газар. Тиймээс хүчингүй болсон тусгай зөвшөөрлүүдийг Үндэсний баялгийн санг бүрдүүлдэг үндэсний аж ахуйн нэгжид шилжүүлж, хайгуул болон олборлолтыг эрчимжүүлэх, ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх ёстойг Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо.

 

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн олголт, тэдгээрийн эзэмшил, байршил зэрэгт улсын нэгдсэн тооллого, хяналт хийнэ

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголт, тэдгээрийн эзэмшил, байршил зэрэгт улсын нэгдсэн тооллого, хяналт үнэлгээ хийх, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөлтийн явцыг шалгаж, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгууллаа. Ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ахална.

Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон ашигт малтмалын ашиглалтын 1768, хайгуулын 973, нийт 2741 тусгай зөвшөөрөл өнөөдөр хүчин төгөлдөр байна.

Цаашид ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг үр ашигтай ашиглах талаар төрийн оновчтой бодлогыг тодорхойлж, баялгийн менежментийг сайжруулах арга хэмжээг эрчимжүүлэхийн тулд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтод хяналт үнэлгээ хийж, тусгай зөвшөөрлүүдийн эзэмшил болон байршилд улсын нэгдсэн тооллого зохион байгуулах шаардлага үүсээд байгааг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням танилцууллаа.

 

Өр төлбөрт тооцож авсан үл хөдлөх хөрөнгийг цэцэрлэг, сургууль, эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжтой эсэхийг судална

Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны наймдугаар сарын 22-ны өдрийн 75 дугаар захирамжаар байгуулагдсан Төлбөрийн чадваргүйн улмаас санхүүгийн эрсдэлд орсон, татан буугдсан банканд байршиж байсан тусгай зориулалтын сан, төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгийг буцаан төвлөрүүлж, төрийг хохиролгүй болгох ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулга, мэдээллийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт танилцууллаа.

Татан буугдсан, үйл ажиллагаа нь доголдсон Капитал банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банкнаас төрийн болон орон нутгийн өмчит 18 байгууллага нийт 482.48 тэрбум төгрөгийн авлагын үлдэгдэлтэй байна. Монгол Улсын Хөгжлийн банкны чанаргүй зээлийн өр төлбөр өнөөдрийн байдлаар 27 зээлдэгчийн 1.3 их наяд төгрөг байна. Танилцуулгатай холбогдуулан,

  • Өр төлбөрт тооцож авсан үл хөдлөх хөрөнгийг боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээний салбарын хэрэгцээнд ашиглуулах талаар санал боловсруулж, танилцуулах, шийдвэрлүүлэх;
  • Авлагад тооцон хүлээн авсан хөрөнгийг худалдан борлуулах ажлыг зохион байгуулах төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг хангуулах;
  • Хөрөнгө худалдсаны орлогыг зохих журмын дагуу холбогдох сан, дансанд төвлөрүүлж, төрийг хохиролгүй болгох арга хэмжээг зохион байгуулах зэрэг арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад даалгав.

 

Мөрөн-Улиастай чиглэлийн авто замын төслийг  төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн барих, ашиглах, шилжүүлэх гэрээний төрлөөр хэрэгжих "Мөрөн-Улиастай чиглэлийн 261.89 км авто замын төсөл"-ийг баталж, сонгон шалгаруулалтыг холбогдох хууль, журамд заасны дагуу зохион байгуулж, үр дүнг таницуулахыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарт даалгалаа.

Төслийг хувийн хэвшлээс санаачилжээ. Бүтээн байгуулалт хоёр хэсэгтэй, замын эхний хэсэг Мөрөн-Булган чиглэлийн улсын чанартай авто замаас Омпуугийн давааны өвөр хүртэлх 190.2 км авто замыг гэрээ байгуулсны дараах эхний хоёр жилд, авто замын хоёрдугаар хэсэг Омпуугийн даваа орчмоос Согоотын даваа Тосонцэнгэл сумын баруун талын А603 дугаартай авто замтай огтлолцох дөрвөн замын уулзвар хүртэлх 71.69 км хэсгийг гэрээ байгуулсны дараах гурав дахь жилд барьж дуусгахаар төлөвлөжээ.

Эхний хэсгийн бүтээн байгуулалт дууссаны дараа буюу гурав дахь жилээс 23 жилийн турш тус авто замын менежмент, засвар арчлалт зэрэг үйл ажиллагааг хувийн хэвшил хариуцна, орлогын эх үүсвэр нь нүүрсний ачаа тээврийн хэрэгслээс замын хураамж авахаар тооцоолсон байна.

 

"Аялал жуулчлалын хөгжлийн төв"-ийг татан буулгалаа

“Монгол-Кувейтын байгаль хамгаалах төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт, ”Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК-ийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д нэгтгэлээ. "Аялал жуулчлалын хөгжлийн төв" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгав. Тус шийдвэртэй холбогдуулан хийх ажлын талаар буюу төрийн өмчит компаниудын шинэчлэлийн хүрээнд эхний ээлжинд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тогтоолд тусгажээ.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн чиг үүргийг оновчтой тогтоож давхардлыг арилгах, удирдах албан тушаалтны тоог бууруулах замаар бүтцэд өөрчлөлт оруулж, орон тоог 10-аас доошгүй, зардлыг 10-15 хүртэлх хувиар хэмнэх боломжтой гэж үзээд төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын үйл ажиллагаа, үр ашиг, өгөөжид дүн шинжилгээ хийж, үр ашиггүй,алдагдалтай ажиллаж буй хуулийн этгээдийг шилжүүлэх, өөрчлөн байгуулах, татан буулгах болон компани, үйлдвэрийн газруудын орлого, үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх, ашигт ажиллагааг сайжруулахчиглэлээр санал гаргаж Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд дэргэдээ цайны газар, зочид буудал, хэвлэх үйлдвэр, сувилал, эмнэлэг, сургууль гэх мэт нийгмийн чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж, үндсэн бус үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлж байна. Иймд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн нийгмийн чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа салбар, нэгжийг өөрчлөн зохион байгуулах, чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, эсхүл бие даасан хуулийн этгээдийн хэлбэрт шилжүүлэх, түрээсийн гэрээгээр эзэмшүүлэх, цаашид ашиглахад зардал өндөр, үр ашиггүй, хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдан борлуулах ажлыг үе шаттай зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад үүрэг болгов.

 

Ашиглалтад орсон цэцэрлэг, ЕБС-ийн тавилга, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэлээ

2025-2026 оны хичээлийн жилийн сургалт, үйл ажиллагааг эхлүүлэх, бэлтгэл ажлыг хангах хүрээнд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр шинээр барьж ашиглалтад оруулсон цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн тавилга, тоног төхөөрөмжийг есдүгээр сарын 01-нээс өмнө нийлүүлж, сургалт, үйл ажиллагааг эхлүүлэхийг Боловсролын сайд П.Наранбаяр, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

Худалдан авах хугацааны онцлог, яаралтай хэрэгцээ, шаардлагатай байгаа тавилга, тоног төхөөрөмжийг санхүүгийн түрээсийн хэлбэр болон эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулан худалдан авах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Өнөөдрийн байдлаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 17, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр 13 барилга ашиглалтад оруулаад байна.

 

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр боловсрол, эрүүл мэнд, онцгой байдлын салбарт дөрвөн төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улс болон Азийн хөгжлийн банк /АХБ/ хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.

Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт туссан, эдийн засгийн үр өгөөжтэй, тус банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх боломжтой, боловсрол, эрүүл мэнд, онцгой байдлын салбарын дөрвөн төслийг хэрэгжүүлэхээр хоёр тал санал солилцсон тул санхүүжилтийг баталгаажуулахаар “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хамтран боловсруулжээ.

“Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн хүрээнд “Аймгуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх”, “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах”, “Монгол Улсын ажиллах хүчний ур чадварыг хөгжүүлэх”, “Монгол Улс дахь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх” гэсэн дөрвөн төслийг хэрэгжүүлэхээр тусгажээ.

 

“Рашаант дахь улсын нөөцийн агуулах” төслийн концессын гэрээг цуцлав

Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй “Нэйшнл трейдинг энд транспорт” ХХК-тай байгуулсан “Рашаант дахь улсын нөөцийн агуулах” төслийн концессын гэрээг цуцалж, гэрээний хүрээнд концесс эзэмшигчид шилжүүлсэн газар эзэмших эрх, болон бусад дагалдах өмч, хөрөнгийг төрийн өмчид зохих журмын дагуу шилжүүлэн авахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газартай “Нэйшнл трейдинг энд транспорт групп” ХХК-ийн 2015 оны дөрөвдүгээр сард байгуулсан концессын гэрээнд “Концесс эзэмшигч нь төслийн барилга угсралтын ажлыг батлагдсан зураг, төсөл, хуваарийн дагуу энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2.5 жилд багтаан гүйцэтгэнэ” гэж заажээ.

Төслийн санхүүжилтийн гэрээг хөрөнгө оруулагчтай байгуулаагүй, төслийн санхүүжилтийн эхний ээлжийн 12 сая ам.долларыг гэрээ байгуулсан өдрөөс хойш зургаан сарын дотор Монгол Улсын аль нэг арилжааны банк дахь өөрийн дансанд байршуулж, төслийн зориулалтын дагуу зарцуулаагүй, барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулаагүй, барилгын ажил эхлүүлэхэд шаардлагатай холбогдох зөвшөөрлүүдийг аваагүй зэрэг гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл бүрэн хангагдаагүй нь цуцлах үндэслэл болжээ.

Товч мэдээ

  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон эдгээртэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдуулан боловсруулсан хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ