Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын урилгаар тус улсад хийсэн төрийн айлчлал өнөөдөр өндөрлөлөө.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Бишкек хотын “Манас” олон улсын нисэх онгоцны буудлаас Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров болон Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Ганхуяг, Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Артыкбаев нар үдэж мордууллаа.
Энэ удаагийн төрийн айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч уламжлалт найрсаг харилцааг шат ахиулж, “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо.
Ингэснээр Бүгд Найрамдах Киргиз Улс нь манай улстай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосон Төв Азийн хоёр дахь улс болж байна.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн парламент Жогорку Кенешийн дарга Н.Тургунбек, Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Касымалиев нартай уулзлаа.
Хоёр улсын хамтарсан бизнес форумд өндөр технологи, эрчим хүч, уул уурхай, тээвэр логистик, боловсрол, банк, санхүү, хүнс, хөдөө аж ахуй, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлалын 150 гаруй аж ахуйн нэгж оролцож, харилцаа холбоо тогтоон, гэрээ хэлцэл байгууллаа.
Мөн аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг дэмжих, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, бизнесийг нь дэмжих зорилготой Монгол-Киргизийн бизнесийн зөвлөл байгууллаа.
Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Үндэсний урлагийн их театр анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ уран бүтээлээ толилуулж, морин хуурын болон фото зургийн үзэсгэлэнг Киргизийн ард түмэнд сонирхууллаа.