“Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн салбар төмөр зам барих ажлын явцтай танилцлаа

“Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн салбар төмөр зам барих ажлын явцтай танилцлаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2025.07.14) Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газар, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлагууд, инженер техникийн ажилчдаас бүрдсэн Ажлын хэсгийн хамт “Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн салбар төмөр зам барих төслийн ажлын явцтай биечлэн танилцлаа.

Энэхүү шинээр баригдаж буй “Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн салбар төмөр зам нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн “Багахангай” өртөөнөөс салбарлан Төв аймгийн Сэргэлэн сумын урдуур болон  ”Чингис хаан”  нисэх онгоцны буудлын урдуур чиглэн Хөшигийн хөндийд төлөвлөгдөж буй ачаа тээврийн гол зангилаа болох “Тээвэр логистикийн бүс” хүрэх төмөр замын салаа зам юм.

Багахангай өртөөний өргөтгөл хэсэг буюу төмөр зам салаалах хэсгийн ажлыг "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн инженер техникийн ажилтнууд 2025 оны 06 сарын 10-аас 07 сарын 08-ны хооронд хийж гүйцэтгэсэн байна.

Энэ ажлын хүрээнд төмөр замын угсралтын ажил, дохиолол холбооны кабелийг зөөх, гармын хаах дохио, ПАШ хаалт, релен шкаф, удирдах самбар, камерын цамхагийг зөөж байрлуулсан байна. Мөн гармын жижүүрийн байрыг зөөж, буцааж суурилуулсан байна. Эрчим хүчний чиглэлээр хуучин байсан модон тулгууртай агаарын шугамыг сольж шинэчлэн төмөр бетон тулгуураар солих зэрэг ажлыг хийж, барилгын ажлыг хэвийн үйл ажиллагаанд оруулж дууссан байна. 

 

Багахангай өртөөнөөс цааш үргэлжлэх Багахангай Хөшгийн хөндий чиглэлийн салбар төмөр замын шугам нь нийт 102 км урт дан замтай, 2 өртөө, 4 зөрлөгтэй, 2,5 км урт орчим гүүрэн байгууламжтай байхаар төлөвлөгдөж байгаа юм. Төмөр замын барилгын ажлыг өнөөдрийн байдлаар  70 орчим дотоодын ААН, компаниуд уртгасан цагаар буюу 24 цагаар хийж гүйцэтгэж байна.

Төмөр замыг холбогдох хууль тогтоомж, олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэн барьж байгуулах ажлыг “Монголын төмөр зам” ТӨХК гардан хариуцаж байна. Бүтээн байгуулалтын ажлыг 2025 оны 9-10 дугаар сард дуусгаж ашиглалтад оруулахаар шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байгааг албаныхан хэлж байна.

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, дэд бүтцийг тэлэх Засгийн газрын бодлогтой уялдаж байгааг  дурдах нь чухал юм. Тухайлбал, нийслэлийн төмөр зам, автозам огтлолцдог гол гармууд дээр галт тэрэгний хөдөлгөөнд хоногт дунджаар 144 минутыг зарцуулж,  авто замын хөдөлгөөнийг хаадаг бол энэ салбар төмөр зам ашиглалтад орсноор дээрх хугацааг 21-120 минутаар багасгах боломжтой бөгөөд тэр хэрээр  автозамын түгжрэлийг бууруулна хэмээн мэргэжилтнүүд тооцоолж буй юм.  

Мөн Улаанбаатар хот, тээвэр логистикийн гол зангилаа бүс болох Хөшигийн хөндийд баригдах “Тээвэр логистикийн төв” рүү дэд бүтцээ тэлэх, нийслэлийн  иргэд Хөшигийн хөндийн нисэх буудлыг түшиглэсэн анхны дагуул хот  руу  шилжин суурьших, тэнд ажиллаж амьдрах боломж бүрдэнэ хэмээн төлөвлөж байна.   

Бүтээн байгуулалтын ажилд одоогоор 70 орчим дотоодын ААН буюу  дан монгол компаниуд,   3000 орчим инженер техникийн ажилтнууд, 1500 орчим техник хэрэгсэл,  машин механизм ажиллаж байна.  

Энэ удаагийн төсөл нь дан дотоодын ААН буюу 100 хувь монгол компаниудыг оролцуулж,  түр болон байнгын ажлын байраар хангаж байгаа бөгөөд  уул уурхайн компаниудыг тус төслийн тэсэлгээний ажилд гэрээлж оруулснаар төмөр замын доод бүтцийн ажил буюу суурь шорооны ажил, ухмалын ажлыг богино хугацаанд урагшлуулах зэрэг олон давуу  талтай байгааг инженер техникийн ажилтнууд онцолж байлаа.  

Багахангай-Хөшигийн хөндий салбар төмөр замын доод бүтцийн ажлын явц дотроо хэд хэдэн чиглэлд хэрэгжиж байна. Төслийн ажлын явц одоогоор  төлөвлөгөөний дагуу урагшилж байгаа бөгөөд ЗТЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газар, Замын хөгжлийн төв, Монголын Төмөр зам ТӨҮГ зэрэг 6 газраас бүрдсэн хяналтын хэсэг хамтран ажиллаж байна. 

Төмөр замын ажлын явц буюу нийт 651.1 у/м дам нуруут гүүрийн ажил 37 хувийн гүйцэтгэлтэй, далан байгуулах ажил 14.2 хувь, газар шорооны ажил буюу ухмал байгуулах ажил 34.3 хувийн гүйцэтгэлтэй явж байна. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ