Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.24) Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Б.Уянга, С.Эрдэнэбат, С.Эрдэнэболд нар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
Уг хуулийн төслийн зорилго нь нэг нас хүрээгүй хүүхдээ алдсан эхчүүдийн эрхийг хамгаалж, урамшуулал, дэмжлэгийн тогтолцоонд хамруулах, олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийг ялгаварлахгүй байж, хүн амын өсөлтийг нэмэгдүүлэхэд оршино гэж хууль санаачлагчид тодотгов. Өөрөөр хэлбэл олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхэд урамшуулал олгох шалгуурыг багасгах буюу хөнгөлөхөөр хуулийн төсөлд тусгажээ.
Өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн үйлчлэх хүрээ буюу 3.1.1-д заасан “дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд, гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд, байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан нэг ба түүнээс дээш настай хүүхэд хамаарна гэж заасан. Хуулийн уг зохицуулалтын дагуу зургаа ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонг, дөрөв ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонг олгодог. Дээрх зохицуулалтаар урамшуулал авах болзолд “бага хүүхэд нь нэг нас хүрсэн байх”, “нас барсан хүүхэд нь нэг ба түүнээс дээш настай байх” зэрэг нөхцөл тавигдаж байгаа нь Хүүхдийн эрхийн тухай конвенцийг зөрчиж, хүүхдийг насаар нь ялгаварлан гадуурхах нөхцөл бүрдүүлсэн гэж хууль санаачлагчид үзжээ.
Хүн төвтэй хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх нь хүний эрхэм чанарыг хүндэтгэх төрийн үүргийг хангахаас эхэлнэ гэж УИХ-ын гишүүд тодотгоод, эдгээр шаардлагуудыг хасахаар хуулийн төсөлд тусгаснаа тэмдэглэв. Ингэснээр уг хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлж, дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн гэдэгт дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд, тухайн үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд, нас барсан хүүхдийг хамруулахаар эрх зүйн зохицуулалтыг тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллэв.