“…Монголын улс төр тогтворгүй боллоо” гэдэг мессэж гадаад, дотоодгүй таржээ. Дотроо ч яах вэ, хэн хэнийгээ мэднэ. “…Нэгийгээ нөгөөгөөр сольж байна”, “…Өмнөх сайд нарыг явуулж, шинэ сайд нар хоолондоо орно” гэх мэтээр өөрсдийнхөө хэлээр яриад ойлголцоод явчихна. Харамсалтай нь, манай энэ нөхцөл байдлыг харсан гадныхан өөр дүгнэлт хийгээд эхэлж байх шиг байна.
Ялангуяа, эдийн засагт маш хортой үйл явдал бодитойгоор өрнөөд эхэллээ. Тухайлбал, Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын хилийн холболт гэж хамтарсан засгийн хамгийн сайн ахисан төсөл бий. Энэ төслийн барилгын ажилд “Хятадын төмөр замын барилгын корпорац СИ АР СИ СИ /CRCC/ компани шалгарсан. Түүний охин компани болох “Хятадын төмөр замын барилгын гүүрний инженерийн товчоо групп” бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон юм. Улмаар, “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх гэрээ” аж ахуйн нэгж хоорондын гэрээнд гарын зурах ёслол энэ сарын 9-ний өдөр ЗТЯ дээр болсон. Гэтэл CRCC компани гэрээгээ гүйцэд зурахаас татгалзаад буцчихсан байна. Тус компанийн зүгээс “…Танайд улс төрийн тогтворгүй байдал үүссэн учраас эрсдэлтэй гэж үзлээ” гэжээ. Үүнээс гадна, Оюу толгой мөнгөө татчихсан байна. “…Дараагийн Засгийн газрыг тогтворгүй гэж үзэж байгаа тул бизнес хэлцлээ 2025 оны арваннэгдүгээр сарыг хүртэл хойшлууллаа” гэж мэдэгджээ. Түүнчлэн, Туулын хурдны замыг барих гэж байсан Хятадын гурван компани гэрээгээ хүчингүй болгуулжээ.
Бас, Г.Занданшатар Ерөнхий сайдаар томилогдохынхоо өмнө “…Төсвийн тодотгол хийнэ” гэсэн. “…Ингэснээр, маргаашаас нь буюу 2025 оны зургадугаар сарын 3-наас эхлээд ам.доллар нөөцлөх шок үүссэн” хэмээн улстөрчид, эдийн засагчид хэлж байх юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 111 (7608)