70 орны бодлого боловсруулагчид Астанад чууллаа

70 орны бодлого боловсруулагчид Астанад чууллаа

НҮБ, Европын холбоо, 70 гаруй орны төр ба хувийн хэвшлийн бодлого боловсруулагчид 2025 оны 5-р сарын 29-30-ны өдөр Казахстаны нийслэл Астанад чууллаа. Энэхүү өндөр түвшний уулзалтаар энх тайван, эдийн засгийн хамтын ажиллагаа, хиймэл оюун ухаан, байгалийн баялгийн зохистой ашиглалт зэрэг дэлхий дахины тулгамдсан асуудлуудыг хэлэлцэв. Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Ж.Токаев нээлтийн үгэндээ зэвсэгт мөргөлдөөн ба худалдааны дайн гаарч, хүчирхийллийн эдийн засгийн хохирол 19 их наяд доллар хүрч буй өнөө цаг үед улс орнууд яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг урьд өмнөхөөсөө илүү чухалчлах шаардлага буйг онцлон тэмдэглээд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөжүүлэх санаачилга дэвшүүлэв.

Мөн тэрээр Казахстанд хэрэгжүүлж буй улс төр, эдийн засгийн шинэчлэлээ толилуулав. Тухайлбал, тус улс хиймэл оюун ухаан, цэвэр эрчим хүчид суурилсан эдийн засгийг тэтгэж, "Крипто хот" байгуулах зорилт тавин ажиллаж байна. Мөн NVIDIA компанитай хамтран секундэд хоёр квинтиллион (2 x 1018) нарийн үйлдэл гүйцэтгэх чадвартай супер компьютерыг суурилуулж, Казахстаны бизнес, боловсрол, эрдэм шинжилгээний байгууллагуудад нээлттэй болгохоо зарласан. Үндсэн хууль болон дагалдах хууль, эрх зүйн шинэчлэлээр ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 7 жилээр хязгаарлахын сацуу парламентын нөлөөг нэмэгдүүлж, Засгийн газрыг илүү хариуцлагатай болгох шат дараатай арга хэмжээ авч буй аж. Мөн 2026 онд бүс нутгийн экологийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар төлөвлөж буй бөгөөд “Астана Олон улсын форум” нь улс орнуудын харилцан хүндэтгэлд үндэслэсэн хамтын ажиллагааны тавцан болон өргөжнө гэдэгт найдаж буйгаа Ерөнхийлөгч К.Ж.Токаев онцолсон юм.

Тус форумд Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан БНКазУ-ын Шадар сайд Cерик Жумангариний урилгаар оролцож, Казахстаны Олон улсын худалдаа, аж үйлдвэрийн танхим болон бизнесийн төлөөллүүдтэй уулзаж санал, туршлага солилцов. Дашрамд “Астана олон улсын форум”-ын хүндтэй зочдын нэг нь Оюу толгойн уурхайг нээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн уул уурхайн “гуру” Роберт Фридланд байлаа.

Форумын оролцогчдод зориулсан тусгай ярилцлагын үеэр тэрээр уул уурхайн салбар өдөр ирэх тусам байгаль орчинд ээлтэй болж байгааг дурдаад, роботууд ашиглан олборлолт хийх, эрчим хүчний хэмнэлттэй технологи хэрэглэх боломжуудыг сонирхуулсан байна. Мөн “критикал минерал” буюу аливаа орны өрсөлдөх чадвар, аюулгүй байдалд нэн чухал ач холбогдолтой ашигт малтмалын хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэхийн тулд улс орнууд гадаадын хөрөнгө оруулалтыг татах, шинэ технологи ашиглахын төлөө уралдаж буйг тэрээр онцолсон. Форумын өмнөх өдөр БНКазУ-ын ерөнхийлөгч К.М.Токаев Роберт Фридландыг хүлээн авч уулзан “Айвенхоу Майнз” компанийн Казахстан дахь зэсийн хайгуул болон бусад асуудлаар ярилцсан байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ