Л.Гантөмөр: Гэрээгээ биелүүлж чадаагүй бол хамтын хариуцлага хүлээнэ гэдэг заалттай

Л.Гантөмөр: Гэрээгээ биелүүлж чадаагүй бол хамтын хариуцлага хүлээнэ гэдэг заалттай

Өчигдөр хуралдсан МАН-ын Бага хурлаар АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргах шийдвэр гарсан. Уг шийдвэрийн талаар Ардчилсан намын дарга Л.Гантөмөрөөс тодрууллаа.

Тэрбээр "Ерөнхий сайдад АН-ыг гаргачихаад дангаараа засаглая, өөр эвсэл байгуулъя гэдэг байр суурь байхгүй. Одоо бид гурав уулзалт хийнэ. Гэрээгээ урдаа тавиад ярина. Гэрээ зөрчигдсөн учир АН Засгийн газарт орж ажиллахгүй. Одоо ямар түвшинд, яаж хариуцлага тооцох вэ гэдэг асуудал яригдана. Гэрээгээ биелүүлж чадаагүй бол хамтын хариуцлага хүлээнэ гэдэг заалттай. АН гэрээгээ биелүүлээгүй гэдэг гүтгэлэг. Асуудлыг ярихдаа гүтгэлэг хэлбэрээр ярьдаг улс төрийн муу араншинг халмаар байна. Харамсалтай нь, МАН-аас энэ ухаан гарсангүй. АН-ын гишүүн Ж.Баярмаа, С.Цэнгүүн, Ч.Лодойсамбуу нарыг нэрлэсэн. Манай намын гишүүдийн илэрхийлж байгаа байр суурь намын байр суурь ерөөсөө биш. Цөөнх дуугарах эрхтэй. Би гишүүдийнхээ "амыг барина" гэдэг заалт гэрээнд байхгүй. Намынхаа үндсэн араншинг би мэдэж байгаа хүн. Өөрсдөө засагласан ч дотроо сөрөг хүчин хийдэг, үгээ ил тод хэлдэг л хүн. Засгийн газрыг унагаж байгаа шалтгаанаа МАН нууж байна гэж харж байна. АН-ыг гаргаж байгаа нь шалтаг боллоо. Энд ухралт явлаа. Хамгийн их санаа зовж байгаа зүйл утаагаа яах вэ гэдэг асуудал. Зэсийн үйлдвэр, гангийн үйлдвэрээ яах юм бэ гэдэг асуудал. Цаашид жагсаалт гэж юу юм бэ гэдгийг их бодмоор юм байна. Намынхаа шийдвэрийг хатуу баримталж чадах хүмүүсийг парламентад оруулж байж улс төрийн нам бодлогоо хатуу барих юм байна. Жагсаалт гэдэг чинь намынхаа нэрээр гишүүн болчихсон хүмүүс. Тийм байж намын бодлогоо сөрөөд ажиллана гэдэг буруу жишиг. Улс төрийн хүн зарим үед амаа хамхидаг, зарим үед дуугардаг байх ёстой. Сэтгэлийн хаттай хүмүүс жагсаалтаар сонгогдох учиртай юм байна. Жагсаалтын гишүүнээ намаас хөөлөө гэхэд тэр хүнийг их хурлаас яах вэ гэхчлэн олон асуудал байна. Хамтарсан Засгийн газар хэцүү юм байна. Олон сорилт байдаг юм байна. 

Байгуулсан засаг нь уначихаар надад намын даргаараа үлдэх сэтгэл зүй, сонирхол алга. Тиймээс би хариуцлагаа хүлээнэ. Хамтарсан Засгийн газарт орж ажиллах гаргасан намын даргын хувьд хариуцлага хүлээж ажлаа өгнө. Үүнтэй холбоотойгоор одоо байгаа Үндэсний бодлогын хороо хуралдаж, одоо байгаа дүрмийнхээ хүрээнд асуудлаа шийдэх учиртай. Би намынхнаасаа нэг зүйл хүснэ. Улс орны эрх ашгийг улдсан улс төр битгий хийгээрэй. Би Л.Оюун-Эрдэнэд, МАН-ын залуу үед итгэж байсан. Энэ мөчид итгэлээ тасалж байна. Дараагийн намын даргаар намаа хүчтэй, эвтэй байлгахад ур ухаан гаргадаг хүн байгаасай гэж хүсэж байна" гэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ