Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Хамтдаа шийдье” уулзалт, хэлэлцүүлэг Багануур дүүрэгт боллоо

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Хамтдаа шийдье” уулзалт, хэлэлцүүлэг Багануур дүүрэгт боллоо

Монгол Улсын Их хурлын гишүүн Ц.Сандаг-Очирын санаачилгаар Багануур, Багахангай, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Хамтдаа шийдье” уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр /2025.05.05/ Багануур дүүрэгт боллоо.

Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хэлсэн үгэндээ гэмт хэрэг, зөрчлийн хамгийн том хүчин зүйл болох архидан согтуурахтай тэмцэх ажлыг эрчимжүүлж, согтуурах, мансуурах донтой хүнийг эмчлэх, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээг сайжруулах, энэ талаарх гадны сайн туршлагыг нэвтрүүлэх ажилд ахиц дэвшил гарч байгааг дурдлаа. Түүнчлэн донтох эмгэгтэй хүнд тусламж, үйлчилгээ үзүүлэх “Нөхөн сэргээх төв” байгуулахаар Ажлын хэсэг байгуулсан, олон нийтийн хууль, эрх зүйн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байгаа тухайгаа танилцуулсан.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийн оролцоо, төрийн болон төрийн бус байгууллагуудын дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай бөгөөд тэдгээрийн хамтын ажиллагааг бодлогоор уялдуулан зохицуулах нь шат шатны төрийн байгууллагуудын үндсэн үүрэг байдаг. Тиймээс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын ололт амжилт, туршлагаа хуваалцаж, санал дүгнэлтээ нэгтгэхэд өнөөдрийн хэлэлцүүлэг чухал ач холбогдолтой” гэж нээлтийн үгэндээ онцлов.

Уулзалт, хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг “Нийслэл хотод үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, анхаарах асуудал” сэдвээр НЦУГ-ын дарга, цагдаагийн хурандаа Э.Товуудорж танилцуулга хийсэн бол Аддиктологийн төвийн дарга Д.Ганбат “Согтуурах донтой хүний эмчилгээний өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал”, ЦЕГ-ын ТЦА-ны дарга, цагдаагийн хурандаа Б.Дэлгэрсайхан “Зам тээврийн осол, зөрчлийн нөхцөл байдал, анхаарах асуудал”, тус газрын Урьдчилан сэргийлэх албаны ГХЗУСХ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Өсөхбаяр “Аюулгүй орчин, ухаалаг ногоон бүс” сэдвээр тус тус илтгэл, мэдээлэл өглөө.

Хэлэлцүүлгийн үдээс хойшх салбар хуралдаанаар зам тээврийн осол, зөрчил, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, нутаг дэвсгэрийн камержуулалт, Теле хяналтын дэд төвийн ажлын явц зэрэг тулгамдаж буй асуудлын талаар Багануур, Багахангай, Налайх дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга нар танилцуулга хийж, санал солилцлоо.

Энэ удаагийн уулзалт, хэлэлцүүлгийн үр дүнд дээрх гурван дүүргийн гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурах, орчин үеийн шаардлагад нийцсэн теле хяналтын камерын системийг дэд төвтэй холбох ажлыг зохион байгуулахад ихээхэн ач холбогдолтойг оролцогчид онцолсон.

“Хамтдаа шийдье” уулзалт, хэлэлцүүлэгт Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Монгол Улсын Шадар сайдын Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Б.Бат-Бямба, НИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга А.Баяр тэргүүтэй Багануур, Багахангай, Налайх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид болон холбогдох 150 гаруй оролцогчийн өргөн бүрэлдэхүүн хамрагдлаа.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ