Х.Тэмүүжин: Ерөнхий сайд нь гишүүдийнхээ дунд суудаг болох хуулийн төсөл өргөн барина

Х.Тэмүүжин: Ерөнхий сайд нь гишүүдийнхээ дунд суудаг болох хуулийн төсөл өргөн барина

УИХ дахь АН-ын бүлэг Төрийн ордонд хуралдаж, хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийлээ. Бүлгийн хурлаар УИХ-ын хавар, намрын чуулганы хугацаанд АН-ын бүлгээс төвлөрч ажиллах хуулийн төслүүд, бодлогын баримт бичгийн талаар ярилцсан байна. Мөн хууль сахиулах ажлын хүрээнд тодорхой хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах талаарх танилцуулгыг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хийлээ.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “1992 оны Үндсэн хуулийн үндсэн санаа нь эрх мэдлийн хуваарилалтын талаар байсан. Энд тусгагдсан гол санаа нь УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоомжийг дангаар хэрэгжүүлэх заалттай. УИХ-ын бүрэн эрх дотор улс орны гадаад, дотоод бүхий л асуудлаар шийдвэр гаргах эрх мэдэл хадгалагдаж байгаа. Энэ хүрээнд Монгол Улс парламентын ардчилал буюу УИХ нь Үндсэн хуулийн байгууллагаар гол шийдвэр гаргах төрийн ноён нуруу байх ёстой. Нэг чиглэлд сүүлийн 30 жилд харагдахгүй боловч том ухралтууд хийсэн байна гэсэн дүгнэлт хийсэн. Үүний нэг нь парламентын чуулган буюу УИХ-ын гал тогоо болсон амин газар, УИХ-ын толгой дээр гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүн буюу Ерөнхий сайд гараад суучихсан байна. УИХ-ын чуулган, УИХ-ын гишүүд Ерөнхий сайд буюу Засгийн газраас асуулт асуухад хуралдаан даргалагчаасаа асуулт асууж байгаа юм шиг дүр зураг харагддаг болсон. Парламентын ардчилал бүхий Үндсэн хуульт улс орнуудын парламентыг харахад, парламентынхаа толгой дээр гарч суудаг Ерөнхий сайд нэг ч алга. Тиймээс:

Нэгдүгээрт, Ардчилсан намын бүлгээс хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлд УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын чуулганы танхимд Ерөнхий сайд Их хурлын толгой дээр гараад суусан байдлыг зогсоож, Үндсэн хуульд заасан “УИХ 126 гишүүнээс бүрдэнэ” гэсэн агуулгаараа гишүүдийнхээ дунд суух ёстой гэдэг хуулийн төсөл өргөн барина.

Хоёрдугаарт, УИХ-ын Дэгийн тухай хуульд “Ерөнхий сайдын мэдээллийн цаг” гэдэг зохицуулалт бий. Энэ цагт ямар мэдээлэл өгөхийг Ерөнхий сайд өөрөө сонгож, УИХ-д санал болгодог. Засгийн газар буюу Ерөнхий сайдын санал болгосон мэдээллийг тойрч УИХ эргэлддэг байдал нь “УИХ-ын өмнө Ерөнхий сайд ажлаа хариуцна” гэдэг Үндсэн хуулийн зарчмыг зөрчиж байна. Бусад парламентад гишүүд нь Ерөнхий сайдаасаа асуудаг байтал Ерөнхий сайд нь би ийм юм яримаар байна гэдэг санал тавьдаггүй. Тиймээс Ерөнхий сайдын асуулгын цагийг “УИХ-ын асуултын цаг” болгон өөрчилж, УИХ-ын гишүүд Ерөнхий сайд, Засгийн газраас ямар асуулт асуух гэж байгаагаа өөрсдөө мэдэж асуудаг, тэрний дагуу Ерөнхий сайд ирж тайлбар мэдээллээ биечилж өгдөг зарчим руу шилжихгүй бол парламент бүрэн хяналтаа тавьж чадахгүй, эсрэгээрээ “УИХ Засгийн газрын хуулийн хэлтэс боллоо” гэдэг бодит шүүмжлэл явж байна.

Гуравдугаарт, УИХ-ын гишүүдээс бусад этгээд буюу УИХ-ын чуулган дээр үг хэлж, мэдээлэл өгдөг албан хаагчид, албан тушаалтнууд хариуцлагатай байх тогтолцоог бий болгохгүй бол УИХ-ын чуулган дээр илт худал ярьдаг хандлага газар авлаа. Тиймээс УИХ-ын чуулганд мэдээлэл өгч байгаа албан тушаалтнуудыг худал мэдээлэл өгөхөөс хамгаалсан хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай. Иргэдээ худал мэдээлэл өглөө гэж шийтгэдэг мөртлөө эрх мэдэлтнүүд нь худал ярихаараа огт хуулийн хариуцлага хүлээдэггүй байж болохгүй. Тиймээс Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах замаар УИХ-д худал мэдээлэл хийсэн албан тушаалтан нийтийн албанд ажиллах эрхгүй болдог зохицуулалтыг хийхээс өөр аргагүй” гэлээ.

Дээрх дурдсан гурван чиглэлээр хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлд УИХ дахь АН-ын бүлэг хуулийн төслүүд бэлдэж, өргөн барихаар болжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 15. МЯГМАР ГАРАГ. № 69 (7566)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ