Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.04.09/ хуралдаан 15 цаг 44 минутад гишүүдийн 52.0 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй.
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэв.
Улсын Их Хурлын гишүүдээс хуулийн төслүүдийн талаар асуулт асууж, зарчмын зөрүүтэй санал гаргасангүй. Иймд хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг Эдийн засгийн байнгын хороонд танилцуулахаар тогтлоо.
Дараа нь Нэр дэвших хүсэлтийн загвар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвших тухай хүсэлтийн загварыг тусгасан тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон 13 гишүүний 9 нь дэмжив.
Хуралдаан Хувь хүний орлогын албан татварын хэмжээг 1 хувь болгон бууруулах талаар нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ.
Энэ талаар Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар холбогдох D-өргөдөл цахим системд иргэн Р.Шинэгэрэл Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1 хувь болгож бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай өргөдлийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байршуулсан. Уг өргөдлийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 100187 хүн дэмжсэн байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4.1-т заасан шаардлагыг хангасан тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын дарга саналыг хэлэлцүүлж, Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Иймд уг саналыг тус Байнгын хороо 7 хоногийн дотор хэлэлцэх зохицуулалтайг гишүүдэд танилцуулав.
Улсын Их Хурлын даргын захирамжаар Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Иймд дээрх өргөдлийг тус ажлын хэсэгт шилжүүлэх саналтай байгааг Байнгын хорооны дарга мэдэгдсэн.
Уг асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд иргэн Р.Шинэгэрэлийн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1 хувь болгож бууруулах асуудлыг ажлын хэсэгт шилжүүлье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Хуралдааны төгсгөлд Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн албан татварын хэмжээг нэмэгдүүлснийг хүчингүй болгох талаар нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцсэн.
Энэ талаар Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, "Иргэн Э.Батбаяраас Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн татварын нэмэгдлийг цуцлах асуудлаар ажлын хэсэг байгуулах тухай өргөдлийг Улсын Их Хурлын нийтийн өргөдөл, гомдлын цахим системд 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байршуулсан. Уг өргөдлийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар нийт 33042 иргэн дэмжсэн байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4.3-т заасан шаардлагыг хангасан тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 95.3-т заасны дагуу Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн бөгөөд уг саналыг 7 хоногийн дотор хэлэлцэх зохицуулалттай" хэмээв.
Ингээд Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан саналыг 33042 иргэн дэмжсэн тул уг саналыг судлан үзэж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакираар ахлуулах горимын санал гаргахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, Б.Заяабал, Б.Мөнхсоёл, Д.Пүрэвдаваа нар ажиллахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.