Ц.Мөнх-Оргил: Зээлийг ганцхан БНХАУ биш ОХУ, БНСУ, Япон зэрэг түншийн харилцаатай орнууддаа санал тавьж байгаа

Ц.Мөнх-Оргил: Зээлийг ганцхан БНХАУ биш ОХУ, БНСУ, Япон зэрэг түншийн харилцаатай орнууддаа санал тавьж байгаа
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилоос зарим зүйлийг тодрууллаа. 
 
-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад буй 18 тэрбум төгрөгийн өрийн асуудлыг тодруулаач. Та үнэхээр их хэмжээний өртэй юм уу?
-Хөрөнгө орлогын мэдүүлэг АТГ-аас гарсантай холбогдуулж Ц.Мөнх-Оргил асар их хэмжээний өртэй гэсэн мэдээлэл цацагдсан байна. Үүн дээр тайлбар хийе. Надад тийм их хэмжээний өр байх­гүй. УИХ-д нэр дэвшихэд ч бай­гаа­гүй, УИХ-ын гишүүн боло­ход ч байгаагүй, Засгийн газ­рын гишүүнээр сонгогдоход ч бай­гаа­гүй. Хэзээ байсан бэ гэвэл 2013 оноос 2016 оны тавдугаар сар хүр­тэл энэ өр бай­сан. Манай гэр бүлийн хүн 2013 оны дөрөвдүгээр сард “Гоёо” компанийг “Эм Си Эс Холдинг”-оос худалдаж авсан. Худалдаж авахдаа 25 хувийн төлбөрийг бэлнээр төлөөд, 75 хувийг нь зээлээр худалдаж авсан.
 
Тэгэхээр Ц.Мөнх-Оргил “Эм Си Эс” юм уу өөр ямар нэгэн компаниас бэлнээр, шилжүүлгээр ямар нэгэн мөнгө аваагүй. Манай гэр бүлийн хүн хувьцаа зээлээр худалдаж авсан учраас санхүүгийн тайлангийн бичилт дээр тусгасан. Үүнийг хөрөнгө орлогын мэдүүлэг дээр тайлагнасан байгаа. Үүнээс хойш 2016 оны тавдугаар сард хувьцаа буцаан шилжүүлэх тухай гэрээ байгуулаад энэ хувьцааг нь буцааж өгсөн. Өр тэглэгдсэн. Одоо манай гэр бүлийн хүн “Гоёо” ХХК-ийн 25 хувийг эзэмшиж байгаа.
 
-“Эм Си Эс” компанитай та ямар холбоотой юм бэ, таныг тус компанийн хүн гэж ярьдаг?
-Миний хөрөнгө орлогын мэдүүлэг дээр олон жил бичээстэй яваа. Манай гэр бүлийн хүн “Эм Си Эс Холдинг” компанийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирлаар дөрвөн жил ажилласан. Энэ хугацаандаа “Энержи Ресурс” компанийн ХонгКонгт гарсан IPO-г зохион байгуулсан. Ингээд гэрээнийхээ дагуу “Эм Си Эс Холдинг”-ийн 3.1 хувийн хувьцаа авсан.
 
Тийм учраас манай гэр бүлийн хүн хувьцаа эзэмшигч, би өөрөө хувьцаа эзэмшигч биш. Би тус группийн ерөнхийлөгч Ж.Оджаргалтай арван жилийн найзууд. Бид 23 дугаар сургуульд хамт сурч, цэргийн алба хамт хааж, дараа нь Москвад олон улсын харилцааны дээд сургуульд хамт сурч байлаа. Гэхдээ бизнесийн харилцаа бол бизнесийнхээ харилцаагаар л явдаг. 
 
-Монгол Улсын гадаад өрийн асуудал хурцаар хөндөгдөж байна. Засгийн газар “Стэнд бай” хөтөлбөр авах эсвэл олон улсаас зээл авах гэсэн сонголттой байгаа. Эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөрийг хэзээнээс хэрхэн хэрэгжүүлэх гэж байгаа вэ?
-Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар хоёр удаа, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр нэг удаа хэлэлцсэн. Өнөөдөр дахиж хэлэлцээд, маргааш өглөө /өнөөдөр/ УИХ-ын даргад өргөн барина. Энэ хөтөлбөрт олон арга хэмжээ тусгасан байгаа. Хамгийн том тулгамдсан асуудал нь өр. 2017 оны тавдугаар сарын 30-нд бид хамгийн эхний төлбөр 580 сая ам.доллар төлнө. Үүнд бид зарчмын хоёр байр суурь баримталж байгаа.
 
Нэгдүгээрт, ОУВС болон олон улсын санхүүгийн байгуул­лагууд­тай тохирч Монгол Улсын өр, эдийн засгийн хямрал, өсөл­тийг тусгасан хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж бодож байгаа. Гэхдээ хөтөл­бөр хэрэгжүүлэх эсэх нь дан ганц манай Засгийн газраас шалт­гаа­лах зүйл биш, нөгөө талаас бидэнд тавих санал, сонирхол, санал болгох хөтөлбөр зэргээс шалтгаална. Хэлэлцээр бол эхэлсэн. Энэ сарын 20-нд ОУВС-ийн төлөөлөгчид ирж, улсын дотоод нөхцөл бай­дал, юу хийх шаардлагатай зэргээр мэдээлэл цуглуулж байна. Зас­гийн газар, Монголбанк, Сангийн яамныхан уулзаж мэдээ барим­туудаа тулгаж байгаа.
 
Дараа нь хэлэлцээ эхэлнэ. Бусад орноос хөнгөлөлттэй зээл авах эсэх асуудлыг мэдээж судалж үзэхээс аргагүй. Ганцхан БНХАУ биш ОХУ, БНСУ, Япон зэрэг түн­шийн харилцаатай орнууддаа санал тавьж байна. Гэхдээ ОУВС болон олон улсын санхүүгийн байгуул­лагуудтай хамтарч ажиллах ажлын хүрээнд үүнийг зохицуулна.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.