Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойког хүлээн авч уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжиж байгааг тэмдэглэж, 2023 онд Ерөнхийлөгч А.Дудагийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлал чухал түлхэц болсныг онцоллоо.
Төрийн тэргүүн нарын харилцан тохиролцсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгохын төлөө Элчин сайд Кшыштоф Бойко, Элчин сайдын яамны хамт олон идэвх, зүтгэл гаргаж ажиллаж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.
Мөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг нийгэм, эдийн засгийн олон салбарт өргөжүүлж, шинэ шатанд гаргах болон онцгой байдлын байгууллагын гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлэхэд оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь үнэлэн Элчин сайд Кшыштоф Бойког “Найрамдал” медалиар шагналаа.
Элчин сайд К.Бойко Монгол Улсын Ерөнхийлөгчид 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан.
Түүнийг ажиллах хугацаанд буюу 2023 онд Польш Улс Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа дахин нээж, 2024 оноос манай улсын иргэдэд консулын үйлчилгээ үзүүлж байна.