Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа. Сангийн сайд Б.Жавхлан төсвийн бодлогын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. 2005-2021 он буюу 16 жилийн хугацаанд төсвийн орлого 99.9 их наяд төгрөг байсан бол сүүлийн гурван жилд 110.4 их наяд төгрөг болсон. Экспорт 2005-2021 онд 78.4 тэрбум ам.доллар байсан бол 2022-2025 онд 63.3 тэрбум ам.долларт хүрэх, нэг хүнд ногдох ДНБ 2021 онд 4,657 ам.доллар байсан бол 2025 онд хоёр дахин өсөж 8,000 ам.долларт хүрэх тооцоолол гарсан. Өнгөрсөн хугацаанд өрийн удирдлагыг оновчтой зохион байгуулснаар гадаад өр төлбөрийн дарамт буурсан зэргийг танилцууллаа. Үүний зэрэгцээ 2025 оны төсвийн зардлыг бууруулах гурван хувилбарыг Сангийн яам боловсруулж байгаа гэлээ.
Ерөнхийн сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны төсөв бол сонгуулийн холимог тогтолцоогоор бүрдсэн 126 гишүүнтэй парламентын баталсан анхны төсөв. Тийм учраас төсвийг тойргуудад хэсэгчлэн хуваадаг хандлагаас салж, бүсчилсэн хөгжилд хөрөнгө оруулсан төсөв болсон. УИХ-ын цөөнгүй гишүүд тойрогт төсөв нэмдэг хандлагыг халж, зарлагыг багасгах шүүмжлэл гаргаж байгаа нь шинэ тогтолцооны эерэг үр дүн гэдгийг онцлов. 2025 оны төсөвт олон нийтийн шүүмжлэл дагуулж байгаа асуудлыг шийдэж, төсвийн тодотгол оруулах хэрэгтэй гэлээ. Асуудлыг бодитоор харж нарийн тооцоо судалгаанд үндэслэж шийдвэр гаргах нь зөв. Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд санууллаа. Манай улсын орлого олж байгаа гол салбар бол уул уурхай. Тэр дундаа нүүрснээс хамааралтай. Олон улсын чиг хандлага нүүрснээс татгалзаж ногоон эдийн засагт шилжиж буй учир нүүрсний экспорт багасвал үүнд бэлтгэлээ хангаж, анхаарч ажиллах ёстойг хэлэв.