Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 330 дугаар ангид ажиллав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 330 дугаар ангид ажиллав

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн алба хаагчидтай уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ангийн байрлалд хүрэлцэн ирэхэд Дархан цэргийн хүрээний хүндэт харуул угтаж, ангийн үйл ажиллагааг захирагчийн нэгдүгээр орлогч, дэд хурандаа О.Чулуунбаатар танилцууллаа.

Ерөнхийлөгч тус ангийн Гадаад хэлний сургалтын төвд зочилж, англи хэлний анхан шатны хичээлд суралцаж буй ахлагчидтай уулзав.

Тус анги нь 2006 онд Их Британи Улсын хөрөнгө оруулалтаар Гадаад хэлний сургалтын төвийг байгуулсан бөгөөд давхардсан тоогоор 837 цэргийн алба хаагч англи хэлний сургалтад хамрагджээ. Үүнээс 115 цэргийн алба хаагч АНУ, БНЭУ, Канад, Австрали улсуудад мэргэжил ахиулах дамжаанд суралцжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг төрийн цэргийн байгууллагууд дэмжин, идэвхтэй оролцож буйг сайшаалаа.

Улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, ард иргэдийн амар тайван байдлыг сахин хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж, цэргийн албаны нэр хүндийг өндөрт өргөж явахыг захив.

Бие бүрэлдэхүүний найдвартай ар тал, түшиг тулгуур болж байдаг гэр бүлд нь чин сэтгэлийн талархал илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ