С.Зориг бид хоёр

С.Зориг бид хоёр

УИХ-ын гишүүн асан, АН-ын анхны гишүүдийн нэг С.Билэгсайханы “Шинэтгэл, Шинэ Монгол” номоос хүргэж байна.  Тэрээр өөрийн найз, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн  С.Зориг агсны тухай дурсан, сэтгүүлчтэй ийнхүү хөөрөлдөж байжээ.

 

-Монголын ардчиллын түүхийг сонирхож байхад та Монголын ардчиллын эцэг ч гэгддэг С.Зориг агсантай их ойр байсан хүн юм билээ. Та хоёр хамтдаа их түүхийн нэгээхэн хэсэг мэт. Энэ тухайд юу хэлэх вэ?

-Манай С.Зориг олон үг ярихгүй, сүмо их үзнэ. Их мэдээлэлтэй хүн байлаа. МоАХ-ны гол цөм нь 200 гаруй хүн байх л даа. Голдуу салбар зөвлөлийн зохицуулагч нар байгууллагаа төлөөлнө. Дараа нь Улсын бага хурлаар, намын үүр, улс төрийн байгууллагыг аж ахуйн нэгж дээр байлгаж болохгүй гэж хууль гарсан. Үүнээс хойш орон нутгийн хэлбэрийн зохион байгуулалттай болсон юм. 200-аад хүн долоо хоног бүр байнга цуглаж ярилцана. Байдал хурцадвал өдөр болгон цуглана. Голдуу С.Зориг хурал удирдана. Одоо яах вэ, яавал дээр вэ гэх зэргээр хүн бүр саналаа хэлнэ. Цуглаан зохион байгуулахдаа бодлоготой ажиллана. Улстөрийн товчоо, түүнийг тойрон хүрээлэгчид болон харийнхнаас хэрхэн чөлөөлөгдөх тухай хэлэлцэнэ. “Мардай”, “Эрдэнэт”-ийн баялгаа алдаж гүйцлээ. Ер нь систем болохгүй байна гэдгийг шүүмжилнэ. Ц.Элбэгдорж бас цуглаан их удирдана. Цуглаан зохион байгуулахын урьд орой бүх юмаа хайрцаглаж авна. Зарлал наах, туг барих, лоозон бичих зэргээр бүгд тусдаа үүрэгтэй. Хэн юу гэж хэлэх чиглэлээ тогтооно. Сценариа бичнэ, зөвшөөрөл авна, цагаан хоолойгоо бэлтгэнэ.

Микрофоны утсаа метр, метрээр хамгаалж зогсоно. Хамгаалалтад их анхаарна. Эхний эгнээнд нягтралтай зогсох ёстой. Тэгэхгүй бол хүмүүс индэр рүү дайрах, зүтгэх аюултай тул болгоомжилно. Таних тэмдэг ханцуйд зүүх ч бас чухал ажил. Цуглаанд хүн ирэхгүй байна гэж байхгүй.

Заримдаа 100 мянга гаруй хүн ирж байсан. Бүх хамгаалалтыг Ерөнхий зохицуулах зөвлөлийн гишүүн “нугас” Л.Хадбаатар хариуцдаг. Түүнийг сүүлд би МоАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа жолоочоор авч ажиллуулсан юм. Гол зохион байгуулалтын асуудлыг Жибо буюу жижиг Болд хариуцна. Хөдөө орон нутагт, хэн хаашаа явах, санхүүгийн асуудал зэргийг ерөнхийд нь зангидна. Жибо Иркутскт ХААИС төгссөн, Дорнод аймгийн хангамжийн баазын даргын хүү. Том буюу сахал Болд ах байна, архивын нярав, “Ардчилал” сонин, батлах, тэмдэг, товхимол, туг, мөнгө хямгадна. Томилолт аваад очиход нөгөөхөөсөө өгдөг. Олон юм ярихгүй, цохолттой бичгийг уншаад нэг их том харна. Тэгээд тоо ширхгээр нь бэлтгэж өгч гарын үсэг зуруулж явна даа. Сайн яваарай, баяртай ч гэхгүй. Хэзээ явах юм л гэж асууна, тэгээд л болоо.

- Эрх чөлөөний одон гаргаснаар тэр үеийн түүхийг хүмүүст эргэн сануулж, партизануудын байгуулсан гавьяаг тодотгож өгөхөд “Нээрэн энэ хүмүүс ардчилсан хувьсгал хийх, ардчиллыг бэхжүүлэхэд их гавьяа байгуулсан юм байна” гэж олон нийт илүүтэй ойлгож эхэлсэн болов уу?

-Тэр үеийн хүмүүсийн дунд МоАХ-ынхон гэхээр архинд дуртай, хийх ажилгүй, энд тэнд улс төр ярьж явдаг нөхөд байдаг гэсэн ойлголт байсан юм. Магадгүй одоо ч тийм ойлголт олны дунд бий л байх. Энэ нь зарим талаар үнэн ч манай партизанууд үргэлж ууж идэж байгаагүй. Тийм боломж ч байхгүй. Юу үнэн байсан гэхээр тэр хүмүүс аливаад чин сэтгэлээсээ ханддаг, зорилгодоо үнэнч байлаа. Хувь хүмүүс, улс орнууд руу дайрахгүй. Ярилцлага бүр нь бидний явах зүг чигийг ерөнхийд нь заана. Би Японы сурвалжлагчтай ярилцахад нь, ер нь л гаднын хүмүүстэй уулзахад нь заримдаа хамт байлцдаг байлаа.  Мань эр олон юм ярихгүй. Заримдаа өөрөө асууна. Танай улсад ямар бодлого барьдаг, энэ талд ямар бодлого баривал бидэнд хэрэгтэй гэх зэргээр асууна. Дэлхий нийтийн хандлага энэ тухайд ямар байна, юуг нь онцолж анхаарал төвлөрүүлж байна вэ, ямар сэтгүүл, сонин энэ асуудлын талаар бичиж байна гэх зэргээр судлах маягтай асуудаг. Асуулгах биш, өөрөө асууж маш анхааралтай сонсоно. Би тэгж сонсдог хүнийг бараг л үзээгүй. Янжуур тамхи угсруулж татангаа сонсоно. Ийм тийм шунал байхгүй. Гол нь улс орноо хэрхэх вэ. Тайван замаар хувьсгал, өөрчлөлт, шинэтгэл хийх тухай их бодож, их бичиж, ярина. Нөхөрлөхөд төвөггүй, төвөг удсан янз бүрийн зан гаргахгүй. Элдэв хов жив, адармаатай байдал үүсгэхгүй. Шулуун шударга, илэн далангүй, санасан бодсоноо шууд хэлдэг. Хэлсэн л бол заавал биелүүлнэ. Хоёр нүүр гаргахгүй. Баярлахдаа марсайтал инээнэ. Үүдэн шүдгүй тул инээхэд нь онгойно. Түүнээсээ ичих ч үгүй. Аливаад гомдоод байхгүй. Маш их тайван. Зун бид хоёр ордноос гараад МоАХ-ны байр руу алхаж явлаа. Тэр үед би:

-Би нам дотроо Бүгд найрамдах жигүүр байгууллаа гэхэд:

-“Би Бүгд найрамдах нам байгуулна” гэлээ.

Тэгтэл орой нь зурагт харж байтал С.Зориг МоАХ-ны даргаас татгалзаж огцорсноо мэдэгдээд БНН байгуулахаа зарласан. Тийм л шулуун хүн. Бодсоноо шууд хэлнэ, хэрэгжүүлнэ. 1990 оны сонгуулиар Дорнод очсон юм. Өглөөдөө манайд ирж мах шаруулж иднэ. Ээж, аав хоёр сонирхож их л олон юм асууж шалгаана. Тэгэхэд нь товчхон нэг, хоёр үгээр хариулна. Хөгшдийн элдэв юм ярихыг нь инээж байгаад сонсоно.

С.Зориг Дорнодод хэд хэдэн удаа уулзалт хийсэн л дээ. Уулзалт бүрээр нь заал пиг дүүрэн. Гадаа нь ч хүн олноор цуглах тул гадаа цагаан хоолой тавина. Эсвэл өсгөгч тавьдаг байв. Багш хүн, баргил хоолойтой, цэгцтэй, төв, чигч шударга ярихад нь хүмүүс их дуртай, маш анхааралтай сонсоно. Хүмүүс ч нухацтай асуулт тавьж хариу сонсоно. Хамгийн гол нь ард түмэн маш хүндэтгэлтэй хандаж хайрладаг байлаа. Бид тусдаа уулзалт зохион байгуулж ярихад бол зарим нь шууд дайрч доромжилно. Янз үзнэ, басамжилна, дээрэлхэнэ шүү дээ. Гэтэл С.Зоригтой байхад хэн ч тэгж харьцахгүй. Шинэ үеийн төлөөллийн лидер гэдэг утгаар нь харьцдаг байлаа. Хурал дээр хүмүүс миний талаар асуув. Тэгэхэд нь тэрээр “Хойно төгссөн, боловсролтой, МоАХ-ны тэргүүлэх хүмүүсийн нэг, үзэл бодолдоо үнэнч, зүтгэлтэй, хэлсэн даалгасныг сайн биелүүлдэг, шударга, зарчимч, ирээдүйд Монголын төрд хүчин зүтгэх хүмүүсийн маань нэг, сайн боловсон хүчин” гэж магтав.Баян-Уул, Баяндун, Дашбалбар очиход нь би явалцаагүй. Манай Баярцэнгэл, Эрдэнэбаяр, Цэрэнчимэг нарын нөхөд дагалдсан. Ажил ихтэй тул нэг өдөр хоёр сумаар дайрч өнгөрөхөөр төлөвлөсөн байлаа. Монголын бүх аймгаас түүнтэй уулзах захиалга өгдөг тул ачаалал ихтэй. Шууд л ярина, бэлтгэсэн цаас энэ тэр байхгүй. Тэр үед англи хэл сурч байсан тул чихэндээ магнитофон сонсоно. Москвагийн Ломоносовын их сургууль төгссөн, улс төрийн боловсролын хувьд биднээс хол илүү, унаган орос хэлтэй. Өөрийгөө буриад гэнэ. Архинаас нэг их буцахгүй. Халах үедээ сэтгэл өндөр, карталдана. Заримдаа сэтгэл нь хөдөлдөг ч юм уу “Үлэмжийн чанар”-ыг эвлэгхэн дуулна. Цагаан сар болоход С.Зориг хэн нь ах билээ гэснээ 1000 төгрөг гаргаж надтай золгодог байлаа. 1991 оны аравдугаар сард тэр БНН байгуулаад намайг ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах уу гэж асуусан юм. Намайг Ерөнхий нарийн бичгийн даргаас огцорсныг мэднэ л дээ. Би дуугүй байсан чинь “Би намуудыг нэгтгэж нэг том нам байгуулах зорилт тавьсан, хамтаръя” гэлээ. Тэгэхэд нь бизнес хөөх гэж байгаагаа хэлээд, мөнгөгүй бол ардчиллыг бэхжүүлэхэд ч нэмэр алга. Олон дүү нартай, ирээдүйд хүүхдүүддээ ч тусалж чадахгүй. Би чамд бүх талаар тусалъя. Харин шууд гүйцэтгэх ажил хийж чадахгүй, ажлыг чинь унагана. Санхүүгийн хувьд боломжоороо тусалъя гээд “Билэг” ББХК байгуулах дүрэм боловсруулснаа үзүүлсэн юм. АИХ-ын чуулганы хуралдаан дээр сууж байхдаа шүү дээ. Мань эр дүрмийг минь уншсанаа их инээсэнсэн. Компанийн эзэн зөв бол зөв, хэрэв буруу бол нэгдүгээр пункт хүчинтэй гэж байна гээд инээгээд салдаггүй. Тэгснээ “За, чамайг ойлголоо” гэсэн. Тэр үед ББХК-ийн дүрмийн сан 500 мянган төгрөг байсан юм. Эхний бизнес маань зэс цуглуулж зарах байлаа. Тэгж мөнгө олж компаниа байгуулсан юм. 150 мянган төгрөгийг одоогийн Монголбанкны дор байсан ХХБ-аас аваад, 50 мянгыг нь өөрөө авч, 100 мянгыг нь С.Зоригтоо өгсөн. Тэр үед мань эр брезентэн цүнх, куртка, үнэгэн лоовууз, цанын гутал, жинсэн өмдтэй байсан. Өгсөн мөнгийг цүнхэндээ хийгээд үнэн санаанаасаа марсайтал инээж билээ. Би “Таван хуруу шиг 500 мянган төгрөгөөс нэгийг нь өглөө. Намуудыг нэгтгэх үйлстээ амжилт олоорой” гэхэд минь дуугүйхэн инээж гар чанга атгасан. Тэгээд хэн хэн маань маш их баяртай хоёр тийш салж билээ. Би анх удаа гар дээрээ 50 мянган төгрөг бэлнээр барьчихсан их л баяртай байлаа. Тэр үөд УБХ-ын гишүүний сарын цалин 1500 төгрөг байсан гээд бодохоор их мөнгө байлаа. Энэ бол 1992 оны нэгдүгээр сар.1991 онд бид Москвад хамт очсон. Би Польш руу, мань хүн Алтангэрэлтэй Чили явж байсан. Тэгэхдээ Б.Ельцинтэй уулзсан. Ж.Энхсайхан Элчин сайд биднийг хүлээж авч маш их хүндэтгэж байлаа. Элчин сайд Б.Ельцинтэй уулзуулах захиалга өгсөн юм билээ. Уулзаад ирлээ гэхэд нь за яав гэхэд “Юу ч ярихгүй юм. Дээрээс хараад л, нэвт шувт ширтээд суучихсан. Би ч яахав, Монгол тусгаар, хараат биш улс байх нь Орост ашигтай. Жам ёсоор Орос, Монгол тус тусдаа амьдрах нь зүйд нийцнэ гэх мэт зарчмын асуудал ярьсан. Төгсгөлд нь миний гарыг чанга гэгч нь атгасан” гэж байсан.1998 онд манай хүн сайд боллоо. Тэр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын өрөөнд сууж байлаа. Миний ажлын өрөө яг эсрэг талд нь байх бөгөөд шатар тоглох, наадах бол өрөөнд нь яваад орно. Мушка заавал урамшуулалтай тоглоно. Сүүлдээ тоглоомоо хялбарчлаад хөзрөө нэг нэг сөхнө. Хэн том модтой нь ялах тул урамшууллаа авна. “Казино” Энхбаатар өрөөндөө их хөзөрдөнө л дөө. Тэнд хааяа орж тоглодог байлаа.1996 онд М.Энхсайхан намын дарга биш ч Ерөнхий сайд болсон юм. Ц.Элбэгдоржийг Баянхонгороос ирэхэд нь 22-ын товчооны цаана Баабар угтаж уулзаад, П.Очирбат Ерөнхийлөгч М.Энхсайханыг дэмжиж байна, МҮАН-МСДН-ын “Ардчилсан холбоо” эвслийн ерөнхий менежерээр ажилласан тул Ерөнхий сайд болгоё гэж хэвлэлийн бага хурал дээр шууд зарлах тухай хэлжээ. Би энэ тухай мэдээг Дорнодоос ирж яваад сонссон л доо. Уг нь бол бидний дунд Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд болгоно гэсэн яриа байсан юм.1998 онд Төрийн ордны “Б” танхимд болсон МҮАН-ын чуулганы хурлыг С.Зориг удирдаж, намын дарга Ерөнхий сайд байх эсэх тухай зарчмын зөрүүтэй саналыг ил тодоор хураалгасан юм. Тэгэхэд би эсэргүүцэж санал өгсөн. Харин ердийн олонх (гурван хүний илүүтэй) нь дэмжиж санал өгснөөр М.Энхсайханы Засгийн газар унасан юм. Дараагийн Засгийн газрын гишүүдийг томилох болоход янз бүрийн л хүмүүсийн нэр яригдаад ирэв. Тэгэхэд нь юу болоод байгааг С.Зоригоос асуулаа. Мань хүн Элбэгээгийн өрөө рүү дохисноо “Тэгж байгаад нэг юм санал болгох байх” гэв. МоАХ-ыхон Амарсанаа даргаар нь ажиллаж байсан МонЦаМэ-гийн байранд цугладаг байлаа. Би С.Зоригийг өрөөндөө дуудаж уулзаад холбоо, намуудын зарим гишүүний зүгээс ДБХ-ийн сайд болох санал тавьж байна. МАХН-аас УИХ-ын гишүүн болсон Тогтох урьд нь бас санал болгосон. Манай МоАХ-ны зарим гишүүн ийм санал хэлж байна гэлээ. Мань эр яахав, таг дуугүй нүднийхээ “Зянь Земинь” шилнийхээ дээгүүр шар нүдээрээ харж суунгаа “Стюардесс”-аа татах аятай имэрч сууна. Тэгэхэд нь:

-Би эрэмбээ бодъё. Чи сайд бол, харин би дэд бүтцийн чиглэлийн бүх хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллая гэсэн чинь шууд гар бариад “За, тохирлоо” гээд тамхиа ч асаалгүй гарч одож билээ. Төд удалгүй манай хүн ДБХ-ийн сайд болсон юм. Мяга (Мягмарсүрэн) ах, Халиун нарын хэдэн нөхөд С.Зоригтой үргэлж хамт явна. Их тууштай.

С.Зориг бид хоёр Дорнодод.

-С.Зориг яагаад Бүгд найрамдах нам байгуулах болсон бэ. Тэр намд нь таныг  санхүүгийн дэмжлэг үзүүлж байсан гэж сонсож байсан юм?

-С.Зориг МоАХ-ны хоёрдугаар Их хурал дээр МоАХ-г неоконсерватив үзэлтэй нам болгон өөрчлөх талаар нэлээд зүтгэсэн боловч амжилт олоогүй. Дийлэнхи гишүүн нь дэмжээгүй. Нэгэнт дэмжлэг аваагүй болохоор МоАХ-ны ерөнхий зохицуулагчаас татгалзан Бүгд Найрамдах Нам байгуулсан. МоАХ-ны ерөнхий зохицуулагчаас татгалзсан өдөр нь Төрийн ордноос гараад МоАХ-ны байр руу Зориг бид хоёр алхаж явлаа. Би МоАХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга байсан болохоор намынхаа доторхи байдлыг ярьж Бүгд Найрамдах фракц байгуулан ажиллуулбал дээргүй юу гэтэл, “Зориг намын дотор фракц байгуулсны хэрэггүй. Би биеэ даасан нам байгуулах бодолтой байна” гэсэн юм. Тэгээд цаашаа алхацгааж явахдаа “... Зун болохоор хүүхнүүд ч улам гоё болоод л, хөл биеийг нь ийш, тийшээ харсаар байтал хүзүү өвдөж орхих юм” гэлцэн чин сэтгэлээсээ хөхрөлдөж билээ. Би тэгэхэд нь “Одоо авгай авч, амьдралаа зохиохгүй бол оройтох нь байна шүү, ядаж хүүхдүүд чинь хэнздэнэ биз дээ” гэж билээ.

С.Зориг “Харин ээ...” гээд хүүхэн шуухан, гэр бүлийн тухай дахин юм яриагүй өнгөрсөн. Харин орой нь телевизийн мэдээ хараад сууж байтал Зориг МоАХ-ны даргаас татгалзаад БНН байгуулах талаар мэдэгдсэн юм. Хожим нь намайг БНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болооч гэж санал тавихад нь “Би жаахан бизнес хийгээд улс төрд орно, гайгүй. Би 500 мянган төгрөгийн дүрмийн сантай компани байгуулсан. Чамд би таван хуруу шиг мөнгөний нэгийг нь өгье” гээд Худалдаа Хөгжлийн банк руу дагуулан очиж С.Зоригийн стратеги судлалын төвийн данс руу 150000 төгрөг шилжүүлээд 50000 төгрөгийг бэлнээр нь өгөөд амжилт хүсэж гар бариад салсан юм даг. Манай С.Зориг бол худалдаа наймааны ажил сонирхдоггүй, ер нь эд мөнгөөр хөөцөлдөж үзээгүй гагцхүү ардчиллынхаа төлөө тууштай тэмцэж зүтгэсэн Монголын ардчилсан хувьсгалын жинхэнэ лидер аргагүй мөн дөө хэмээн яриад төгсгөлд нь бид талийгаач С.Зоригийнхоо амьдралаа зориулж, хүсч мөрөөдөж явсан зүйлээс нь дутуу орхисныг амьдралд хэрэгжүүлэх ёстой.

-С.Зоригийг өнөөдөр амьд байсан ч болоосой гэж бүх л хүн боддог доо?

-Тэгэлгүй яах вэ.

-Та нас барсан тухай нь хэзээ, хаана мэдсэн бэ?

-Дөнгөж Москвагаас ирсэн өглөөгөө эрт. Би аравдугаар сарын 1-нд ирсэн юм. Цагийн зөрүү гараагүй, ядарчихсан хүн амарч байлаа. Тэр шөнө цусан бороо орж байна гэж зүүдлээд. Машиний шил арчигч арчаад л байх ч цусан бороо орсоор л байлаа... Гэнэт утас... Би Да.Ганболд руу ярьж, С.Зориг алагдсан гэж утасдлаа, үнэн үү гэвэл өөдөөс “Харин тийм ээ” гэв. М.Чимидцэрэн дельтапланаар нисч байгаад осолдоод бурхан болчихсон, удаагүй байв. Тэрээр шинэ Засгийн газарт ХХААҮЯ-ийн сайдаар ажиллах хүсэлт тавихад нь татгалзсан гэж ярьж байсан. Яагаад надад итгэхгүй байгаа юм бэ гэж надаас асууж байсан юм.Би юун унтахтай манатай. Чимээгүйхэн босоод гэр дотуураа наашаа цаашаа алхаж байснаа гар нүүрээ угааж, хувцсаа өмсөөд гарлаа. Жолоочоо гадаа хүлээлээ. Намайг тэр үед харсан хүн дараа нь мөр нь унжчихсан, толгойгоо гудайхаар нь гудайлгачихсан, ямар ч сүр сүлдгүй юм зогсч байсан гэж хэлж байсан. Ийм юм болно гэж яаж төсөөлөх вэ. Улстөрийн аллага гэсэн бодол хамгийн түрүүн толгойд бууж ирсэн. Яагаад С.Зоригийг гэж. Хэзээ ч үхэхгүй юм шиг санаж байдгаараа маргалдаж, цэц булаалдаж суудаг нөхөр маань, шатар, хөзөр хамт тоглодог нутгийн залуу маань. Хэчнээн олон дурсамж биднийг холбоно вэ. Бидний итгэл найдварыг жолоодож явсан удирдагчийг маань егүүтгэсэн байдаг. С.Зоригтоо найдаж дэндүү олон юман дээр амыг нь харж явжээ. Тэгэхэд шууд л түүнээс хойш бид өөрсдөө учраа олохоос аргагүй мухардалд орсноо ойлгосон. Түүний ухаан, улс төрийн холын хараа, оюуны цар хүрээ эгнэгт дутагдах боллоо. Ордонд ирээд өрөөндөө оролгүй шууд эсрэг талын хаалга руу явж С.Зоригийн өрөөнд орлоо. Том зургийг нь тавьж, зул асаажээ. Хадаг байна. Тэнд байсан хүмүүс бүгд л уйлцгааж, хавдар болсон нүдтэй хүмүүс байна. Мягаа ах енгэнэтэл уйлна. Жаахан сууж ярилцахыг нь сонсч байгаад гарлаа. Дотор бачуураад болдоггүй. Уй гашууд автсанаас юм ярих, бодох сөхөөгүй болчихлоо. Нулимсаа барих гэж хичээгээд байх ч юм алга. Ямар ч л гэсэн өрөөндөө орж, цуваа ч тайлалгүй хэсэг суув. Хүний ярихыг бараг ойлгохгүй, шоконд оржээ. Туслах маань цай авчрууллаа. Телевизээр Монголын ардчиллын удирдагч, Монгол Улсын төрийн зүтгэлтэн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд Санжаасүрэнгийн Зориг бусдын гарт зэрлэгээр хөнөөгдлөө” гэсэн эмгэнэл тасралтгүй хөвөрнө. Итгэж боломгүй үйл явц. Худлаа байгаа даа гэж бодохоор өнөөх эмгэнэл, гашуудлын аймаар хөгжим...

Олонхын бүлгийн хурал зарласан тул бүгд “Б” зааланд орлоо. Энэ тухай одоо ярихад уй гашуу сэдэрч байна аа. Оршуулах ажлыг зохион байгуулах Засгийн газрын комиссын гишүүн Шаабар (Ш.Батбаяр) криминологийн дүгнэлт уншлаа. Дараа нь Элбэгээ ярьсан байх. Бүгд босч нэг минут дуугүй байлаа. Бүгд л хэлж ярих зүйлээ олж ядаад л, байдал тун эвгүй. Хүн бүр шоконд орсон тул яах учраа мэдэхгүй. С.Зориг маань Монгол Улсын Шадар сайд Д.Пүрэвдоржийг оршуулах ажлыг зохион байгуулах комиссын дарга байсан юм билээ. Гэтэл тэр хоёр төрийн зүтгэлтнийг нэг өдөр, нэг цагт оршуулсан билээ. Ардчиллын түүхэнд 1998 он их хэцүү жил байлаа. Анхны Засгийн газар огцорсон, хагарал гарч, “Элсний 13” тасарсан. Гурван сар болоод дахин Засгийн газар огцорсон, М.Чимидцэрэн талийгаачийн нөхөн сонгуульд МАХН-д ялагдсан нь бидний нэр хүнд хэр унасныг харуулсан. Тэгээд энэ зэрлэг цуст аллага. Талийгаачийг өмөөрсөн жагсаал болоход Э.Бат-Үүл оччихсон С.Зоригийн үхэлд МАХН буруугүй гэж мэдэгдэл хийж байв. Яаж байгаа юм бол гэж бодсон чинь, улс төрийн хоёр хүчин сөргөлдвөл иргэний дайнд хүрч ч болзошгүй гэлээ. Тэгтэл Б.Билэгт мөн цуглаан дээр С.Зоригийн үхэлд М.Энхсайхан буруутай гэж мэдэгдэл хийж байх юм. Яаж байгаа юм гэхэд “Би тэгж бодож байна. Огцруулсанд нь хорсоод ингэж байхгүй юу” гэнэ. Учрыг нь олох тухай бодох ч чадал алга. Сэтгэж байгаа юм ч алга, паникт орсон хүмүүс. Бөөн уй гашуу. Хүнтэй уулзахад, юм ярихад ч хэцүү. Дуугүй сууж байсан нь дээр юм уу гээд өрөөндөө хэсэг суув. Тэгтэл сууж ч болохгүй, гарлаа. Э.Бат-Үүл, Б.Билэгт хоёрын мэдэгдлийг сөрөг хүчин мөн ч олон удаа ашигласан даа. Ардчиллынхан өөр хоорондоо муудалцаад ийм юм боллоо гэнэ. Үнэхээр санаа зовиуртай.

-С.Зоригийг хөнөөсөн хүнийг одоо хүртэл олоогүй гэж бодохоор аймаар шүү. Захиалагч, үйлдэгч нь хэзээ илрэх улс төрийн аллага бол гэж бүгд ярьдаг...

-Энэ бол хариу нэхсэн маш том асуулт. Эгзэгтэй маш олон зүйлийн учиг энд бий. Бид энэ хэргийн эзэн холбогдогчийг илрүүлэхийн төлөө байсаар, тэмцсээр ирсэн.

-Одоо энэ хэргийн сураг нэг л тасрах гээд байна уу даа?

-С.Зоригийн оршуулгын тухай баримтат кино бий. Би үзээгүй л дээ. Сүүлд С.Оюун надад хэлж байсан юм. Хамгийн ихээр хэнгэнэтэл уйлж байсан нь та гэж хэлж байсан.

-Тийм ойр дотно байсан юм чинь аргагүй дээ...

-С.Зоригийн маань үхлийг, төрсөн, нас барсан өдрийг мөн ч олон хүн улс төрийн зорилгодоо ашиглах юм даа. Хөшөөнд нь хүмүүс цэцэг өргөхөд нь сүүлийн үед очихоо байсан. Харин тарсных нь дараа очдог болсон.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 2. ЛХАГВА ГАРАГ. № 191 (7435)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ